Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Түлэнхийн тасагт эмчлүүлэгсдийн 65% нь 0-5 насныхан байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

~Өдрийн сурвалжлага~

Халуун усанд хурууныхаа үзүүрийг түлэхэд нэг хэсэгтээ л хорсоод, эвгүй байдаг биз. Тэгвэл том хүн та бөгсөн биеэ, гараа, хөлөө тэр чигээр нь буцалж байгаа халуун усанд түлвэл яах бол. Тэр их өвдөлт, хорсолтыг даван туулахад ямар хэцүү байхыг төсөөлж байна уу. Таны хэнэггүй, хайнга, болгоомжгүй байдлаас болж биднээс хэд дахин нимгэн арьстай жаахан хүүхдүүд хамаг биеэ шалзлуулчихаад уйлж хэвтэнэ. 

 “Oсол гэмтлээс сэргийлэх өдрийн хүрээнд 2017 оны 01-р сарын 15-ны өдрөөс 02-р сарын 28-ныг хүртэл “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” уриан дор 1 сарын аяныг зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд ЭМЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга Д.Очирбат ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, Түлэнхийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байсан амьсгалын аппаратны асуудлыг шийдвэрлэж өглөө. 

“Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” аяныг нэг сар үргэлжлүүлнэ

 

ЭМЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга Д.Очирбат "Монгол улс дайн байлдаангүй, энх тайван улс орон. Тэгэхэд өнөөдөр жилд 2,525 хүүхэд халуун ус, цай, хоолондоо түлэгдэж, нас барж, гэмтэл авч байгаа. Энэ бол маш анхаарал татахуйц асуудал. Тиймээс ЭМЯ-аас энэ сарын аяныг зохион байгуулж байгаа. Бид энэ ажлаа дүгнэхийн тулд өнөөдөр ГССҮТ дээр ирж үзэж байна.

Манай эмч нарын ярьж байгаагаар аян зохиогдохоос өмнөх болон түрүү жилийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад түлэгдэж ирж байгаа хүүхдүүдийн тоо багассан байна. Мөн түлэгдсэн хүүхдүүдэд эцэг эхчүүд анхан шатны эрүүл мэндийн тусламжийг зөв өгдөг болсон байна. Эндээс үзэхэд аяны үр дүн гарж байгаа нь харагдаж байна. Бид энэхүү нэг сарын аянаа цаашид ч бас үргэлжлүүлэх төлөвтэй байгаа" гэлээ.

Манай орны байгаль улирлын онцлог, зан үйлээс хамаарч зууханд гал түлэх, халуун буцлам хоол, цай хүнсэндээ хэрэглэх, бага насны хүүхдийг насанд хүрээгүй хүнээр харуулж үлдээх, цоожлож орхих, цахилгаан хэрэгсэл зүй бусаар ашиглах нь түлэгдлийн гол шалтгаан болдог байна. 

Түлэнхийн тасагт 61 хүн хэвтэж эмчлүүлж байгаагийн 40 орчим хувь нь 0-5 насны хүүхэд байна

 

ГССҮТ-ийн захирал Т. Мөнхсайхан "Түлэгдэлтийн сөрөг үр дагавар маш их. Хүний арьсан давхарга тэр чигээрээ түлэгдчихээд, буцаад үүргээ гүйцэтгэж чадахгүй. Ялангуяа хөдөлгөөнд оролцдог хэсгүүдээрээ сорив үүсдэг, хөдөлгөөний дутмагшил үүснэ. Одоогийн байдлаар түлэнхийн тасагт 61 хүн хэвтэж эмчлүүлж байгаагийн 40 орчим хувь нь 0-5 насны хүүхэд байна. Судалгаагаар түлэгдэлтийн гол шалтгаан нь нэгдүгээрт, шингэн халуун зүйлд түлэгдэж байгаа. Хоёрдугаарт, халуун тогоо ороод байна. Халуун тогооны түлэгдэлт нь өөрөө маш гүн, хүнд зэргийн түлэгдэлтүүдийн нэг юм" гэлээ.

График: "Түлэнхийн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн тоо"

 
Зөвлөгөө
Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие махбодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршийн сорви, хөгжлийн бэрхшээлтэй болж эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхгүй амьдралтай тэтгэмжийн иргэн болдог. Тиймээс Сар шинэ дөхөж байгаа энэ үед хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх нь асран хамгаалагчдын үүрэг, хариуцлага болоод байна гэдгийг ГССҮТ-ийнхэн зөвлөлөө.

Түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж