Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Байгалмаа: 15 настай хүүхдээс ХДХВ-ын халдвар илрээгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны эмч Д.Байгалмаагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-15 настай хүүхдээс ДОХ-ын халдвар илэрсэн талаар мэдээлэл тархаад байна. Үүнд хариулт өгнө үү?

-ДОХ/ХДХВ-ийн тохиолдлыг бүртгэхдээ манайх олон улсын насны ангиллыг баримталдаг. Үүний дагуу 15-19 насны ангилал гэж бий. Одоогоор манай улсад энэ насны ангилалд 13 тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс биш 15 настай хүүхдээс ХДХВ-ийн халдвар илэрсэн тохиолдол байхгүй. Хамгийн гол нь нас биш. Энэ өвчнөөр хэн ч өвдөж болно. 15-19 насныхны дунд ДОХ/ХДХВ-ийн тохиолдол бүртгэгдэж байна гэдэг нь энэ насныхан ч эрсдэлтэй бүлэгт багтаж байна гэдгийг харуулж буй хэрэг.

-Тэгвэл энэ өвчний халдварыг авсан хамгийн залуу тохиолдол хэдэн настайд бүртгэгдсэн бэ?

-16 настай бүртгэгдсэн.

-Одоогоор Монгол Улсад ДОХ/ХДХВ-ийн халдвар авсан хүн хэд байна вэ? 

-1992 онд анхны тохиолдолд бүртгэгдсэнээс хойш 2017 оны хоёрдугаар сарын 15-ны байдлаар 229 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Тандалт судалгааны явцад эдгээр бүгд бэлгийн замаар дамжиж халдварласан нь тогтоогдсон. Мөн 10 ээжээс 15 хүүхэд төрсөн. Түүнчлэн 229 тохиолдлоос гадна манай улсад ажиллаж буй гадаадын 29 иргэнээс халдвар илэрсэн. 

Халдвар авсан иргэдийг насны ангиллаар авч үзвэл 15-19 насныхан 5.7 хувь, 20-24 насанд 14.9, 25-29 насанд 19.7, 30-34 насанд 21, 35-39 насанд 17.9, 40-45 насанд 13.5, 45-аас дээш насанд 7 хувьтай байна. Үүнээс харвал бэлгийн идэвхтэй нас буюу 24-39 насныхны дунд нийт тохиолдлын 60 гаруй хувь нь бүртгэгдэж байна. 

График, ДОХ/ХДХВ-ийн халдвар авсан иргэд насны ангилалаар:

Мөн улсын хэмжээнд нийт хүн амын дунд ДОХ/ХДХВ-ийн тархалт 0.1 хувьтай байгаа. Энэ бол халдварыг тодорхой хэмжээнд барьж чадаж байна гэсэн үг. Харин эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд бол тархалт 5 хувиас дээш байгаа. 

-Эрсдэлтэй бүлгийн хүн ам гэдгийг тодруулбал?

-Эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүдийн дундах халдвар 5 хувиас дээш байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд манайх эрсдэлтэй зан үйлтэй залуучуудтай харьцдаг төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн манайхаас 2 болон 4 жил тутамд эрсдэлтэй бүлгийн хүн ам буюу эрсдэлтэй зан үйлтэй залуус болон биеэ үнэлэгчдийн дунд харуулын тандалт хийдэг. Ингэхэд тэдний дунд тархалт 12.5 хувьтай гарсан. 

Манай улсад бүртгэгдсэн 229 тохиолдлын 80.7 хувь нь эрэгтэйчүүд. Үүнийх нь 79 хувь нь эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд байна.

-Түрүүн та халдвартай 10 ээж байгаа талаар цухаж дурдсан. Халдвартай ээжээс эрүүл хүүхэд төрөх магадлал хэр их вэ?

-Халдвартай 10 ээжээс төрсөн 15 хүүхэд бүгд эрүүл гарсан. ДОХ/ХДХВ-ийг эрт үед оношилж чадвал вирусийн эсрэг эмийг уулгаж, эмчилгээ хийлгэдэг. Эмчийн хяналтад байж, эмээ уугаад байвал хүний бие махбодод эрүүл эд эс төлжиж, эрүүл хүн шиг ажиллаж, амьдрах боломж бий. Хэдийгээр өөрөө халдвартай байсан ч эмэгтэйчүүд жирэмслэн, эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой. Энэ нь эрт үед оношлогдож, эмчилгээнд хамрагдсаны үр дүн. 

-Халдвар авсан иргэдийн эм, эмчилгээг хаанаа хариуцаж байгаа вэ?

-Өмнө нь “Глобаль” сан эм, эмчилгээний асуудлыг хариуцаж байсан. Харин 2013 оноос эхлэн Засгийн газраас эмийн тусламж үйлчилгээг 100 хувь хариуцдаг болсон.