Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Зулькафиль: Нийгмээ эрүүл болгоё гэвэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх хэрэгтэй

Б.Энхзаяа
2017 оны 2 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D), Соёлын гавьяат зүтгэлтэн Маулетийн Зулькафильтэй Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

-Монголд чөлөөт  хэвлэлийн эх суурь тавигдсанаас хойш даруй 26 жил өнгөрчээ. Та сэтгүүл зүйн онол, практикийг дагнан судалдаг хүний хувьд Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдлыг яаж дүгнэх вэ?

-Өнөөдөр ардчиллын тулгуур баганын нэг бол чөлөөт хэвлэл мөн гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. Чөлөөт хэвлэлийн хөгжил нь ямар хэмжээнд байгаагаар нь тухайн орны ардчиллын хөгжлийг хэмждэг нь энгийн үзэгдэл болсон. Харьцангуй богино хугацаанд манай орон дэлхийн нөлөө бүхий бие даасан байгууллагуудын дүгнэлтээр хагас чөлөөт хэвлэлтэй орон болж чадсан.

Бидний  урд, хойд хоёр том хөрш орон ОХУ, БНХАУ-ыг чөлөөт хэвлэлгүй орны тоонд оруулсан байдаг. Манай оронд чөлөөт хэвлэлийн эх суурь тавигдаж, ил тод байдал, олон ургалч үзлийн индэр болж, “дөрөв дэх засаглал”-ын үүргийг ямар нэг хэмжээгээр гүйцэтгэх болсон нь сэтгүүл зүйн салбар дахь том амжилт юм. Зарим орон ийм амжилтад 100-150 жил тэмцэж байж арайхийн хүрснийг  үзвэл чамлах зүйл биш. Гэхдээ энэ бол сэтгүүл зүйн салбар дахь бүх юм болж бүтэж байна, шийдвэрлэх асуудал үгүй гэсэн үг биш юм.

Чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшилд цензурийг устгасан, шинэ Үндсэн хуулиар иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулж, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрсөн, иргэн болгон хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргах боломжтой болсон зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. Энэ бүхний үр дүнд манай сэтгүүл зүй коммунист сэтгүүл зүйгээс либертари буюу ардчилсан чөлөөт сэтгүүл зүй руу шилжих томоохон алхам хийж чадсан.

-Тэгвэл Монголын сэтгүүл зүйг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын чөлөөт сэтгүүл зүйтэй харьцуулахад аль төвшинд байгаа бол?

-Аливаа орны чөлөөт хэвлэл төрийн мэдлийн бус, намын харьяалалгүй, статус, эдийн засгийн хувьд бүрэн бие даасан, эрх зүйн хувьд баталгаажсан, нийгэм улс төрийн нийтлэг хэвлэлийн хүрээнд үйлчилдэг, хяналтын буюу сөрөг хүчний үүргийг биелүүлж чаддаг зэрэг шалгууртай байдаг.

Дэлхийн “Фридом хаус”, “Фридом форум”, “Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллага” зэрэг бие даасан, нөлөө бүхий байгууллагууд тухайн орны чөлөөт хэвлэлийн зэрэглэлийг төрийн мэдлийн бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо, улстөрч, эрх мэдэлтнүүдийг шүүмжилж болох эсэх, төрийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үзүүлэх улс төр, эдийн засгийн шууд ба дам дарамт, шахалт байгаа эсэхийг хамгийн түрүүнд харгалзан үздэг.

Дараа нь бусад шалгууруудыг иш үндэс болгодог. Дээрх шалгууруудыг харгалзан үзвэл манай орон үнэхээр хагас чөлөөт хэвлэлтэй орон гэдэг нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, муу ч биш, сайн ч биш. Дунд төвшний чөлөөт сэтгүүл зүйтэй орон гэж дүгнэж болно.

Өнөөдөр дэлхийн сэтгүүл зүйн чиг хандлагыг тодорхойлж буй даяаршил, төвлөрөл, ижилсэл, задрал гэсэн дөрвөн том хүчин зүйл байна.  Дээрх хандлагууд манай сэтгүүл зүйд тодорхой хэмжээгээр нэвтэрч эхэлсэн.

-Энэ талаар жаахан тодруулахгүй юу?

-Даяаршил бол ойлгомжтой. Өнөөдөр мэдээллийн шинэ технологийн хөгжлийн үр дүнд мэдээлэлд орон зай, цаг хугацаа үгүй болсон. Одоогоос хагас зуун жилийн өмнө Канадын нэрт социологич М.Маклюэний 30-40 жилийн дараа дэлхий бүх хүнд нээлттэй “Даяар тосгон” болно гэж зөгнөн хэлсэн тэр зүйл нь өнөөдөр бодит зүйл болсон. Үүнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гол үүрэг гүйцэтгэж байгаа нь бодит үзэгдэл юм.

Хуучин цөөн хэдэн мэдээллийн хэрэгсэлд ханддаг хүлээн авагчид өнөөдөр хүссэн мэдээллийн хэрэгсэлд хандаж, хүссэн мэдээллийг чөлөөтэй хүлээн авдаг болсон нь задралын илрэл юм. Намын гишүүн бол “Үнэн”-ийг, ажилчин бол “Хөдөлмөр” -ийг, сурагч бол “Пионерийн үнэн”-ийг, МХЗЭ-ийн гишүүн бол “Залуучуудын үнэн” сониныг уншина гэсэн ойлголт үгүй болсон гэсэн үг.

Гурав дахь том хандлага бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ижилсэл бөгөөд нэг мэдээллийн хэрэгсэл олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинжийг нэгэн зэрэг агуулах болсон явдал юм. Бид өнөөдөр сайтаас телевиз үзэж, радио сонсож, сонин, ном уншиж, фото зураг үзэх болсон.

Бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим хувилбартай болж, шуурхай, хүртээмжтэй байхын төлөө хүчтэй өрсөлдөх болсон. Энэ бүхэн нь ижилсэл буюу конвергенцийн илрэл юм. Түүнчлэн сүүлийн үед нэлээд эрчимтэй илэрч буй хандлага бол төвлөрөл юм. Энэ бол нэг компани, эсвэл нэг хүний гарт хэд, хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төвлөрөх явдал мөн. Өнөөдөр дэлхий дахинд “Ньюз корперейшн”, “Бетельсман”, “Тайм-Уорнер”, “Уолт Дисней” зэрэг зургаан медиа магнат хэвлэл мэдээллийн хандлагыг тодорхойлж байна.

Манайд ч гэсэн тийм хандлага тод ажиглагдаж эхэлсэн. “Монголньюс”, “Монгол масс медиа”, “Масс медиа”, “Медиа групп”, “Женко”, “Гэрэл палас” зэрэг тус бүр нь 10-аад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хэд хэдэн медиа групп үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл дампуурахгүй байх сайн талтай  боловч тэр группийн эзэд, ард нь байгаа улстөрч, бизнесменүүдийн үзэл бодол, дуу хоолойн индэр болж, мэдээллийн тэнцвэрт байдал алдагдах, нэг талыг барьж туйлшрах сөрөг талтай.

Ийм байдлаар дээр  дурдсан дөрвөн хандлага Монголын сэтгүүл зүйд эрчимтэй нэвтэрч эхэлж байна. Барууны өндөр хөгжилтэй орнуудын сэтгүүл зүйтэй харьцуулбал олон жилээр хоцорч яваа гэдэг нь тодорхой.

Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдал, олон ургалч үзэл, ил тод байдлын индэр болох утгаар нь авч үзвэл хуучин социалист системд байсан орнуудаас Монгол Улс нэлээн дээгүүрт яваа гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бүхнээс үзэхэд Монголын чөлөөт сэтгүүл зүй багагүй саад бэрхшээлийг даван туулж, удаан боловч жам ёсоор урагшилж байна гэж хэлэх бүрэн үндэстэй юм.

-Сая Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д  хэлсэн үгэндээ авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллага чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Энэ талаарх Таны бодол...

-Энэ бол төрийн зүгээс чөлөөт хэвлэлийн нийгмийн үүргийг албан ёсоор үнэлж, томоохон ач холбогдол өгч буй хоёр дахь тохиолдол юм. Анх 1992 онд Ерөнхийлөгч П.Очирбат ОНМХ-ийн удирдах ажилтнуудтай уулзахдаа чөлөөт хэвлэл “дөрөв дэх засаглал”-ын үүргийг гүйцэтгэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэж байсан бол саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д  хэлсэн үгэндээ авлигатай тэмцэх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд  хэвлэл мэдээллийн байгууллагуудын  улс төрийн хүсэл зориг  чухал үүрэгтэй болохыг дурдсан.

Энэ бол хууль бус үйл ажиллагааг илчилж, нийгэмд эрүүл саруул уур амьсгал бий болгоход сэтгүүл зүйн хамгийн хүнд хэцүү, үр нөлөөтэй чиглэл болох эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ач холбогдлыг өндөр үнэлж, энэ чиглэлийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна гэсэн үг.

Ардчилсан орон бол чөлөөт хэвлэлтэй, чөлөөт хэвлэлтэй бол эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжсөн, эрэн сурвалжлах сэтгүүл зүйтэй бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь “дөрөв дэх засаглал”-ын үүргийг жинхэнэ утгаараа гүйцэтгэж чадна гэсэн үг. Үүнийг зөвхөн авлигатай тэмцэх төдий утгаар ойлгох нь учир дутагдалтай. Цаад утгаараа  сэтгүүл зүй “дөрөв дэх засаглал” болохын хувьд эхний гурван засаглал буюу парламент, гүйцэтгэх засаглал, шүүх засаглалын үйл ажиллагааг хянах боломжийг  үнэлж, ач холбогдол өгч буй хэрэг юм.

Тийм учраас энэ бол нэг талаар төр засгийн зүгээс чөлөөт хэвлэлийг, түүний дотор эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, нөгөө талаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйг авч явах учиртай сэтгүүлч боловсон хүчнийг чанаржуулах, чадваржуулах хэрэгтэй гэсэн санааг давхар агуулж байна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн зүгээс чөлөөт хэвлэлийн нийгмийн үүргийг ойлгож, дэмжиж байна  гэсэн үг.

-Сүүлийн үед бараг сэтгүүлч болгон эрэн сурвалжлах сэтгүүл зүйн талаар ярих болжээ. Ер нь манайд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэр зэрэг хөгжиж байна?

-Маш зөв асуулт байна. Энэ бол манай сэтгүүл зүйд 1990-ээд оноос орж ирсэн нэр томьёо. Заримдаа гүнзгийрүүлсэн судалгаа гэж нэрлэдэг тал бий. Энэ нь аналитик сэтгүүл зүйн нэг гол чиглэл болдогтой холбоотой юм. Манай зарим судлаач мөшгин сурвалжлах гэж нэрлэх хэрэгтэй гэсэн бодолтой байдаг. Гол нь нэрэндээ биш агуулгад нь байна. Энэ бол захын хүн барьж аваад бичээд явдаг зүйл биш.

Сэтгүүлч хүнээс багагүй хүч хөдөлмөр, эр зориг, туршлага, ур чадвараас гадна  эрх зүйн болон сонгож авсан тухайн сэдвийн талаар сайн мэдлэгтэй байхыг шаарддаг сэтгүүл зүйн хамгийн хүнд хэцүү чиглэл юм. Нөгөө талаар эрэн сурвалжлагч-сэтгүүлчид тухайн редакцын газрын тус дэмжлэг маш чухал байдаг. Наад зах нь цаг хугацаа гаргаж өгөх, бусад боломжоор хангаж өгөх ёстой.  

Манай практик сэтгүүлчдийн дунд гэмт хэргийн талаар хууль хяналтын газраас, эсвэл үйл явдлын гэрчүүдээс авсан мэдээллийг ялимгүй дэлгэрүүлж бичээд эрэн сурвалжилга гэж нэрлэдэг нь түгээмэл юм. Энэ бол хэт хялбарчилж ойлгож буй хэрэг юм.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гол зорилго нь ямар нэгэн эрх мэдэлтэн, байгууллагын олон нийтээс санаатайгаар нууж байгаа тэр зүйлийг сэтгүүлч идэвхтэй хөдөлмөрийн үр дүнд эрж хайж, олж олон нийтийн сонорт хүргэхэд оршино.

Хамгийн наад зах нь сэдэв нь нийгмийн ач холбогдолтой, олон нийтийн эрх ашгийг хөндсөн, хэн нэгэн санаатайгаар  нуусан асуудал байх ёстой. Манай оронд 1980-аад оны сүүлчээр, 1990-ээд оны эхэнд эрэн сурвалжлах сэтгүүл зүй  нэлээд идэвхтэй хөгжих хандлагатай байсан.

Үүний тод жишээ бол Ж.Барамсайн “Шорон дотроос “өшөө авагчид” байлдаг юм биш биз?”, А.Даваасамбуугийн “Дэглэгчид “дэг” хэрэгтэй”, Жа.Пүрэвийн “Төрийн халаас суйлагчид”, Я.Даваагийн “Алт дилерийн хэрэг” болон Ц.Балдорж, Ц.Дашдондов, Ш.Цэен-Ойдов, Г.Жамц нарын зарим нийтлэлийг нэрлэж болно.

Өнөөдөр олон нийтийн сэтгэл зүйд давалгаа үүсгэсэн тийм нийтлэл, нэвтрүүлэг маш ховор байна. Гэхдээ томоохон сонины редакцуудад эрэн сурвалжлах алба, сэтгүүлчдийн өөрсдийн санаачилгаар эрэн сурвалжлагчдын нийгэмлэг, клуб байгуулагдах зэрэг нааштай алхам бий.

-Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сайн хөгжихгүй, энэ чиглэлийн нийтлэл, нэвтрүүлэг ховор байгаагийн шалтгаан нь чухам юутай холбоотой вэ?

-Үүнд олон шалтгаан бий. Юуны өмнө энэ чиглэлээр бичдэг чадварлаг, эрэн сурвалж­лах сэтгүүл зүйн арга, технологийг сайн эзэмшсэн туршлагатай  сэтгүүлч боловсон хүчин дутмаг. Энэ чиглэлээр бичиж байгаа цөөн хэдэн сэтгүүлчийг редакцын зүгээс болон сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагуудаас, төр засгийн зүгээс дэмжих, хөдөлмөрийг үнэлэх, урам хайрлах хөшүүрэг алга байна.

Ганц жишээ хэлэхэд АНУ-д жил болгон шилдэг эрэн сурвалжилгын материал бичсэн сэтгүүлчдэд тусгайлан Пулитцерийн шагнал олгодог. Манайд ийм практик алга. Тиймээс сэтгүүлчдэд хууль бус үйл ажиллагааг мөшгин мөрдөж, хэл ам, дарамтад өртөж явах сонирхол бага байна.

Нөгөө талаар манай орны бараг бүх томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, хөрөнгө оруулагчид нь улстөрчид, томоохон бизнесменүүд, эрх мэдэлтнүүд байдаг. Өнгөрсөн жилийн сүүлчээр Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагын Германы салбар Монголын Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран манай хамгийн нөлөө бүхий 40-өөд  хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамруулсан судалгаа явуулахад 74 хувь нь улс төрийн хамааралтай буюу 29-д нь улстөрч хөрөнгө оруулдаг,  хувьцаа эзэмшдэг гэсэн дүн гарсан нь үүний тод жишээ.

Дээр нь бараг бүгдээрээ шахуу хаалтын гэрээ хийсэн байдаг учраас эрэн сурвалжлах сэтгүүл зүй тэдний эрх ашгийг ямар нэг байдлаар хөнддөг тул ноцтой асуудлыг хөнд­сөн материалыг гаргах сонирхолгүй.

Монгол Улс хүн ам цөөн, бараг зуун хувь шахуу нэг л үндэстнээс бүрдсэн жижиг орон. Тиймээс танил тал, төрөл садан, найз нөхдийн холбоо маш хүчтэй байдаг. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Америк зэрэг хүн ам ихтэй, олон үндэстнээс бүрдсэн оронд ийм бэрхшээл бага байдаг.

Бас редакцын дотоод цензур хүчтэй хэвээрээ байгаа. Сэтгүүлчдэд багаар ажиллах, ноцтой асуудлыг хамтран мөшгин сурвалжлах чадвар дутмаг байгаа нь ажиглагддаг. Өнөөдөр манай оронд 18 их, дээд сургуульд сэтгүүлч бэлтгэж байна. Ихэнх сургуульд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хичээл орохгүй, орсон ч ор нэр төдий орж байгаа нь энэ чиглэлийн сайн боловсон хүчин бэлтгэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Дээр нь материаллаг бааз, сурах бичиг, гарын авлагагүй сургууль ч олон бий.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиллаж байгаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйг сонирхдог сэтгүүлчдийг давтан бэлтгэх, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх нь тулгамдсан асуудлын нэг юм. 

-Сэтгүүл зүйн хөгжил, чанар чансаа нь боловсон хүчнээс шалтгаалах нь тодорхой. Өнөөдөр олон сургуульд сэтгүүлч бэлтгэж байна. Та энэ салбарт олон жил ажиллаж, сэтгүүлч бэлтгэж байгаа хүний хувьд сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдал, ирээдүйн талаар ямар бодолтой байдаг вэ?

- Ганцхан сэтгүүл зүй гэлтгүй аливаа салбарын хувь заяаг боловсон хүчин шийддэг нь үнэн. Өнөөдөр хувийн болон хувьсгалын 18 сургуульд сэтгүүлч бэлтгэж байгаа нь Монгол шиг жижиг орны хувьд ахадсан тоо гэдэг нь бас үнэн. Аливаа юмны тоо нь ихдэхээр чанар нь мууддаг нь жам ёсны зүйл.

Өнөөдөр манай оронд 111 сонин, тэрний 16 нь өдөр тутмынх, 90 сэтгүүл, 72 радио, 104 телевиз, 200 орчим сайт ажиллаж байна. Энэ бол идэвхтэй хүлээн авагчдын тоотой харьцуулахад маш өндөр үзүүлэлт. Үзэгчгүй телевиз, сонсогчгүй радио, уншигчгүй сонин, сэтгүүл байгаагийн нэгэн адил мэргэжлийн багшгүй, сургалтын студи байтугай номын сангүй сэтгүүлч “бэлтгэдэг” сургууль цөөнгүй байгаа нь нууц биш юм.

Ийм сургуулиудаас ямар сэтгүүлч төрж гарах нь тодорхой. Тийм учраас өнөөдөр Монголын сэтгүүл зүйн салбарт тооноос чанарт шилжих шаардлага хурцаар тавигдаж байна.  

Мэдээллийн шинэ технологи хүчтэй нэвтэрсэн  орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлага нь сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх ажилд, сургалтын арга, агуулга, технологид эрс өөрөөр хандаж, шинэчлэл хийхийг шаардах болсон. Өнөөдөр зүгээр л мэдээлэл цуглуулдаг, боловсруулдаг сэтгүүлч биш “бүхнийг хийж чаддаг” универсал сэтгүүлч хэрэгтэй болсон.  

Энэ бол бичихээс гадна хянан найруулах, сонины график дизайныг хийж чаддаг, фото зураг авдаг, найруулагч, зураглаачийн ажлын зохих мэдлэгтэй, орчин үеийн мэдээллийн техник хэрэгслийг өндөр түвшинд эзэмшсэн, гадаад хэлний, нийгэм-хүмүүнлэгийн салбарын ерөнхий суурь мэдлэг сайтай, Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн менежмент, маркетингийн талаар тодорхой ойлголт, төсөөлөлтэй байна гэсэн үг. Энийг хүссэн хүсээгүй олон хэвлэл мэдээллийн шинжийг нэгэн зэрэг өөртөө агуулсан орчин үеийн шинэ медиа шаардах болсон.

Үүнийг чадвартай багшлах боловсон хүчин, сургалтын маш сайн материаллаг баазтай байгаа нөхцөлд л бүрэн шийдвэрлэх боломжтой. Энд их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой зайлшгүй хэлэх ёстой нэг зүйл байна. Өнөөдөр оюутнуудыг ерөнхий эрдмийн шалгалтаар шууд элсүүлж, хоёрдугаар ангиас ерөнхий эрдмийн хичээлүүдийн дүнг харгалзан мэргэжил сонгуулдаг болсон.

Хуучин ур чадварын шалгалт нэмж авч сэтгүүл зүйн ангид авьяастай, хүсэл сонирхолтой, сэтгэлгээ сайтай оюутнуудыг элсүүлэх боломж байсан. Өнөөдөр зөвхөн ерөнхий эрдмийн хичээлийн дүнг харгалзан элсүүлдэг болсон нь сэтгүүлч зэрэг бичих авьяас, чадвар шаарддаг мэргэжилд сөрөг нөлөө үзүүлж, авьяас, чадвартай хүнийг элсүүлэх боломжийг үндсэндээ хаасан. Энэ бол зарим мэргэжлийн хувьд зайлшгүй эргэж харах асуудал болж байна.

Ер нь сэтгүүлч болоход хүсэл сонирхол, хөдөлмөрч чанар, байгалиас заяасан өчүүхэн авьяас зайлшгүй шаардлагатай. Үүнийг 30 гаруй жил сэтгүүлч бэлтгэж байгаа хүний хувьд баталгаатай хэлж чадна. Цаа­шид сэтгүүлчийн мэргэжлийн талаар романтик төсөөлөл төдий  ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг хавтгайруулан элсүүлэхийг эрс багасгаж, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн бус хүмүүсийг эл­сүүлэх, их дээд сургуулийн гуравдугаар ангиас сэтгүүл зүйд сонирхолтой хүмүүсийг элсүүлж хос мэргэжлээр бэлтгэх шаардлагатай байна. Өнөөдөр дэлхийн олон орон сэтгүүлчийг ийм маягаар бэлтгэж байгааг анхаарах хэрэгтэй.

-Нийтлэл, нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл бол сэтгүүл зүйн судлал, шүүмжлэл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Өнөөдөр Монголын сэтгүүл зүйн судлал, шүүмжлэл ямар түв­шинд байна вэ?

-Тантай санал нэг байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хөгжлийг тодорхойлдог, чигийг заагч “Алтангадас” нь сэтгүүл зүйн судлал, шүүмжлэл  мөнөөс мөн.  Өнөөдөр сэтгүүл зүйн судлал боломжийн түвшинд хүрсэн гэж хэлж болно. Сэтгүүл зүйн янз бүрийн чиглэлийг дагнан судалдаг эрдэмтэн судлаачийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Сүүлийн жилүүдэд Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн түүх, онол, практикийн асуудлыг хөндсөн судалгааны цөөнгүй бүтээл гарсан нь үүний тод илрэл юм. Харин сэтгүүл зүйн шүүмж зогсонги байдалд байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сэтгүүлчийн уран бүтээлийн барометр байх ёстой шүүмж үгүйлэгдэж буй нь сэтгүүл зүй судлал дахь сул тал мөн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай холбоотой.

Шүүмж бичнэ гэдэг бол асар их хүч хөдөлмөр, мэдлэг, чадвар шаардсан хүнд ажил. Маш их хөдөлмөр гаргаж, асар их юм уншиж, судалж бичсэн тэр бүтээлийг үнэлэх, дэмжих ямар ч сэтгэлгээ, механизм алга байна.  Нөгөө талаар  манай практик сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад шүүмж хүлээж авах сэтгэлгээ огт бүрдээгүй. Шүүмж бич­сэн хүний эсрэг бяцхан “дайн” зарлаж, ХМХ-ийг ашиглан хариу арга хэмжээ авах, харааж зүхэх нь энгийн үзэгдэл болсон.

Өнөөдөр шүүмж сонсох дургүй, өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүүрэн байна. Энэ бол шүүмж зогсонги байдалд ороход нөлөөлж буй нэг гол хүчин зүйл. Шүүмж хөгжихгүй байгаагаас нийтлэл, нэвтрүүлгийн агуулга ч сайжрахгүй байна.

Мэдээллийн багтаамж, танин мэдэхүйн ач холбогдол сайтай, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх чадвартай, агуулга ба хэлбэрийн нэгдлийг өндөр төвшинд хангасан, гэгээлэг нийтлэл, нэвтрүүлэг үзэгдэхээ больсон гэж хэлж болно. Дээр нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа сайтууд олон нийтийг мэдээллээр хангах, гэгээрүүлэхийн оронд бохир аргаар буюу бусдыг шантаажилж мөнгө олох хэрэгсэл болон хувирсан нь нууц биш юм.

Шаардлагатай бол тийм сайт, сэтгүүлчдийг нэр бусаар нь баримттай хэлж болно. Энэ бол Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд дорвитой өөрчлөлт гарахгүй байгаагийн шинж юм. Судлаач хүний нүдээр харахад ийм хандлага манай сэтгүүл зүйд нэг хэсэгтээ үргэлжлэх төлөвтэй байна. Энэ бол тооны хойноос хөөцөлдөх сэтгүүл зүйн аливаа бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах цаг болсны илрэл юм.

Зураг