Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

А.Баттөр: Монгол Улс гадаад бодлого дээрээ маш том амбийцтай байх ёстой

ikon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаар Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөртэй ярилцлаа.

-Монгол Улс төвийг сахих бодлого баримтална гэдгээ дэлхий нийтэд зарласан. Үүнтэй холбоотойгоор дотоод, гадаадад дэмжсэн, дэмжээгүй янз бүрийн байр суурийг хүмүүс илэрхийлж байсан. Тэгвэл Монгол Улстай дипломат харилцаатай орнууд, тэр дундаа хөрш орнуудад хэрхэн нөлөөлсөн гэж үздэг вэ?

-Төвийг сахих бодлоготой байна гэсэн санаачлагыг нэг өдөр бодоод л хийчихсэн асуудал биш л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол Монголыг гадаадад төлөөлдөг эрхтэй хүн. Мөн аюулгүй байдлыг хариуцдаг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Тэр утгаараа Төрийн тэргүүнээсээ буухад Монгол Улсын аюулгүй байдал бүрэн баталгаажсан уу, үгүй юү гэдгийг үргэлж бодож байдаг гэсэн үг. Найман жилийн хугацаанд олон хүнтэй уулзаж, олон улс орноос туршлага судалж, судалгаа хийсний үр дүнд Монгол Улсын аюулгүй байдал, эрх ашгийн хамгийн зөв гарц нь төвийг сахих бодлого гэж үзсэн байдаг.

Түүх сөхөхөд ч манай улс Орос, Хятадын хоорондын харилцаа дунд л оршин тогтносоор ирсэн. Өөрөөр хэлбэл, Орос Хятадын хоорондын харилцаанаас манай улсын аюулгүй байдал хамаардаг гэсэн үг. Ийм л эмзэг. Тийм учраас энэ хоёр улсын хоорондын харилцаа ямар байгаагаас үл шалтгаалаад Монгол Улс аюулгүй баймаар байна ш дээ. Ингэхийн тулд төвийг сахих бодлоготой байх ёстой гэж харсан. Дотоодод төвийг сахих бодлогыг дэмжинэ, дэмжихгүй гээд байгаа нь цэвэр онолын маргааны асуудал юм. Харин энэ асуудлыг практик талаас нь харах ёстой. 

-Гэхдээ сүүлийн үед болж байгаа үйл явдлуудаас хараад Монгол Улс төвийг сахих бус Хятадад арай таатай байдлаар хандаж байна гэсэн шүүмжлэлийг зарим улстөрч хэлээд байгаа шүү дээ. Сүүлд л гэхэд хил орчмын жуулчдын визийн асуудлыг ярьж байна. Хятадуудыг визгүй болгох нь гэсэн яриа хүртэл гарсан байна...

-Хятадад ойртох бодлого барьж байна гэсэн хардлага зарим тодорхой улстөрч болон судлаачдад байгаа байх. Гэхдээ энэ бол арай өөр асуудал байхгүй юу. Хятад бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг. Үүний нөлөө нь ганц Монгол гэлтгүй дэлхий даяар мэдэгдээд эхэлчихсэн. Ингэж мэдрэгдэж байгааг хүмүүс бодлого гэж ойлгоод байгаа юм. Түүнээс биш Монгол Улс Хятадад илүү сайн хандаж, түншээ болгож харилцъя гэсэн бодлого мэдээж байхгүй. Ийм сонирхол хэнд ч байхгүй. Монгол Улс өөрийн гэсэн гадаад бодлоготой. Гадаад бодлогын баримт бичигт хоёр хөрштэйгөө ижил тэнцүү харьцана гэж тусгасан байдаг.

Монгол, Хятадын харилцааны түүхийг бүх хүн мэдэж байгаа ш дээ. Тиймээс болгоомжлол бол монгол хүний цусанд байдаг байх. Энэ хардлага л асуудал үүсгээд байдаг. Гэхдээ мэдээж хэрэг нэг улсын нөлөөнд байж хэрхэвч болохгүй ш дээ, ямар ч нөхцөлд. Аюулгүй байдлын концепциор ямар нэгэн салбарт, ямар нэгэн үйл ажиллагаа нэг улсаас 30 хувь хамааралтай болчихвол аюултай байдаг. Гэтэл манайд ямар байгаа билээ. Тэгэхээр хууль журамдаа засаад явахгүй бол яваандаа засч болохгүй болчих вий гэсэн болгоомжлол байдаг. Визийн асуудал бол дээр хэлсэн шиг хардлагын л нэг хэсэг шүү дээ. Мэдээж ийм асуудал байж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд Засгийн газар, УИХ-д чиглэл өгсөн байгаа. 

-Монгол Улсын гадаад бодлого босоо биш хэвтээ тэнхлэгтэй байх ёстой гэж зарим эрдэмтэн хэлжээ. Босоо тэнхлэг нь Хятад, Оростой харилцах харилцаа, хэвтээ нь Ази, Номхон далай, Европын улсууд гэж ойлгоод байгаа?

-Босоо, хэвтээ гэхээсээ илүү бид аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэдэгт л манай улсын гадаад бодлого явагдах ёстой. Монгол Улс маш идэвхитэй гадаад бодлого явуулаад гуравдагч хөршүүдийн хөрөнгө оруулалт, сонирхлыг өөрийн эх орондоо бий болгох ёстой. Бид тэртээ тэргүй том газар нутагтай, цөөхөн хүн амтай. Тийм учраас ямар нэгэн мөргөлдөөн, дайн байдал үүслээ гэхэд цэрэг, армийн хүчээр хамгаалах боломж хязгаарлагдмал.

Тэгэхээр идэвхтэй гадаад бодлогоор л хамгаалалт хийх учиртай юм. Төвийг сахих бодлого маань энэ шүү дээ. Зарим хүн төвийг сахина гэхээр гадаад бодлого идэвхгүй болчихно гэж бодоод байх шиг байгаа юм. Жишээлбэл, Швейцарь улс байна. Швейцарь маш идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлснээр дэлхийн хамгийн том худалдааны байгууллага зэрэг маш олон зүйлийг өөрийн улсдаа оруулж чадсан байдаг. Ингэснээр энэ улсын аюулгүй байдал гадаад харилцаагаараа баталгаажчихаж байгаа юм. Энэ маш идэвхтэй гадаад бодлого чинь төвийг сахих бодлогод байгаа шүү дээ.

-Гуравдагч хөрш гэж олон жил ярьж байгаа. Тэгвэл өнгөрсөн найман жилийн хугацаанд гуравдагч хөршийн бодлого хэр хэрэгжсэн гэж дүгнэх вэ?

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед урд өмнө нь байгаагүйгээр гадаад бодлого тэлсэн. Монголд хэдэн орны төрийн тэргүүн, нөлөө бүхий албан тушаалтнууд ирэв. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадын удирдагчтай найман удаа, Оросын Ерөнхийлөгчтэй долоон удаа уулзсан байдаг. Одоо харин ингэж тэлсэн гадаад бодлогоо бид цаашид хэрхэн авч явах вэ гэдэг л асуудал байгаа юм.

Түүнээс гадна Монгол Улсад НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн таван улс өөрийн Элчин сайдын яамыг байгуулсан. Канад, Австрали зэрэг улс Элчин сайдын яамаа Монголд байгууллаа. Энэ бол гуравдагч хөрш буюу хөгжингүй орнуудын Монголд байх сонирхол тэр чинээгээрээ тэлсэн гэсэн үг. Энэ бол аюулгүй байдлын маш том баталгаа шүү. 

-Жижиг эдийн засагтай улс гадаад бодлого дээрээ том амбийцалж болохгүй гэж улс төрийн том албан тушаалтан хэвлэлээр хэлсэн байсан. Энэ дүгнэлт хэр бодитой вэ?

-Яг эсрэгээрээ бид маш том амбийцтай байх ёстой. Жижиг ядуу гэхгүйгээр бид өөрсдөө эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Улс, иргэн баян байж бусад хөгжингүй улс оронтой ижил төвшнөөс харьцана. Сингапурын жишээ байна. Жижиг газар нутагтай, цөөхөн хүн амтай ч хаана ч, хэний ч өмнө бөхийдөггүй ш дээ. Маш идэвхитэй, хүчтэй гадаад бодлоготой байж л биднийг бусад нь тоож ярина. 

-Тэгвэл өнгөрсөн хугацаанд гурван улсын төрийн тэргүүнүүд гурван удаа уулзсан байдаг. Эдгээр уулзалтууд ямар үр дүн үлдээсэн гэж та харж байгаа вэ?

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд хийсэн айлчлалынхаа үеэр ардчиллыг хөгжүүлэхийн төлөө гаргасан монголчуудын амжилтад баяр хүргэж, ардчиллыг хадгалж яваа Монгол Улсад айлчлал хийж байгаадаа баяртай байна гэж хэлсэн. Зөвхөн АНУ төдийгүй дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Үүнийгээ бид цаашид хадгалж явах учиртай. Гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний хурлын үеэр гурван удаа зохион байгуулагдсан.

Гурван улсын төрийн тэргүүний уулзалт өмнө нь болж байгаагүй үйл явдал. Товчхондоо ингэж уулзсанаар манай улсын гадаад бодлого, аюулгүй байдал тэр хэрээрээ баталгаажиж байна л гэсэн үг. Хятад, Орос гэсэн хоёр улсыг холбосон худалдаа, харилцаа, холбоо зэргээ ярьж чадаж байгаа механизм тогтоно гэдэг бол маш сайн зүйл. Энэ бол баталгаа. Тэгэхээр одоо Ерөнхийлөгч хэн байхаас шалтгаалаад энэ механизмыг цааш нь авч явах нь хамгийн гол асуудал. 

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө гурван улсын төрийн тэргүүний уулзалт дахин болох уу?

-Ирэх зургадугаар сард Казахстаны Алмата хотод уулзахаар төлөвлөж байгаа. 

-Ямар асуудлууд ярих бол?

-Тийм зүйл ярина гэж хэлэхэд арай эрт байна. Гурван улсын төрийн тэргүүний уулзалтаар тухайн гурван улсыг хооронд нь холбосон эдийн засаг, хил, тээвэр зэрэг асуудлуудыг л ярина. Ажил хэрэг болгох төвшинд. 

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсыг гишүүнээр элсэх хэрэгтэй гэж олон улс орон санал тавьдаг гэсэн...

-Орос, Хятад, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудаас манай улсыг ажиглагчын статусаа дээшүүлээлээд тус байгууллагын гишүүн болохгүй юм уу гэсэн санал тавьдаг. Түүнээс энэ байгууллагад элс гэж шахаж, шаарддаг зүйл байхгүй. Манай улсын гадаад бодлогын хувьд энэ байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсэх шаардлага одоохондоо байхгүй гэж үздэг. Улс төрийн томоохон өөрчлөлтүүд яваад байгаа энэ үед энэ байгууллага өөрөө хэрхэн өөрчлөгдөж, хувирах вэ гэдгийг харах хэрэгтэй.   

-Саяхан Ерөнхийлөгч аюулгүй байдлын асуудлаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийсэн. Ямар утгатай мэдээлэл хийсэн юм бол?

-УИХ-ын гишүүдэд аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар мэдээлэл хийсэн. Ерөнхийлөгчийн өгсөн гол мессеж бол “Монгол Улс аюулгүй байх ёстой, монгол хүн аюулгүй, чинээлэг байх ёстой, Монгол Улсын эдийн засгийн чадвар нэмэгдэх ёстой” гэсэн зүйл юм. Эдийн засаг хүчтэй байвал бүх улс орон бидэнтэй яг ижил харьцдаг болчихно. Эдийн засаг сул байвал тухайн улсын жин тэр хэрээрээ буурч байдаг гэсэн санааг л хэлсэн.

-Монгол Улсын гадаад харилцаа, аюулгүй байдалд маш том нөлөө үзүүлдэг зүйл бол цэрэг армийнхан. Тэр тусмаа энхийг сахиулагчид. Энхийг сахиулах үйл ажиллагаанд манай улс хэр идэвхтэй оролцдог вэ. Манай улсад ямар ашигтай вэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд Бүгд найрамдах ардчилсан Конго улс дахь НҮБ-ын “MONUC” ажиллагаанд хоёр офицерыг цэргийн ажиглагчаар оролцуулж эхэлснээс хойш энхийг дэмжих 15 ажиллагаанд оролцсон туршлагатай. Үүнээс 9 ажиллагаа нь дуусгавар болж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор нийт 14,000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.

Өнөөдрийн байдлаар БНАКУ, БНӨСУ, Судан, Баруун Сахар, Абией, Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд 1,100 гаруй цэргийн алба хаагч цэргийн багт болон цэргийн ажиглагч, зөвлөх, холбогч офицероор, мөн тухайн ажиллагааны Хүчний төв штаб, секторын штабуудад штабын офицер зэрэг албан тушаалуудад үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо дэлхий дахинд болон бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхи, оролцоог дээшлүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах улмаар Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоог нэмэгдүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.

-Дайн байлдааны байдалтай улс оронд цэрэг удирддаг Монгол генерал байдаг гэж бишгүй л сонсож байсан. Манай энхийг сахиулагчид үүргээ хэр биелүүлдэг гэж тухайн орны Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин дүгнэдэг вэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. 2014-2016 онд Бүгд найрамдах өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд бүсийн командлагчаар бригадын генерал Д.Баярсайхан, хурандаа С.Амарсайхан нар үүрэг гүйцэтгэж, ажиллагааны хойд бүсэд НҮБ-д цэрэг хандивлагч 5-6 орны 6-7 мянга гаруй цэргийн алба хаагчдыг удирдан зохион байгуулж, НҮБ-ын Нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон Хүчний командлагчаас “Онц” үнэлгээтэйгээр үүргээ гүйцэтгэсэн.

Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор нийт 14,000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.

Түүнчлэн манай улс НҮБ-ын  байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар 30 дугаарт байгаа нь төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэх зорилтоо бүрэн ханган ажиллаж байна.

-Энхийг сахиулагчдын нийгмийн баталгааны асуудлыг хөндвөл...

-Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хууль эрх зүйн хүрээнд нэлээдгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын албан тушаалыг хэвээр хадгалан, үндсэн цалинг 100 хувь олгохоос гадна  энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үеийн албан томилолтын зардлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу олон улсын жишигт нийцүүлэн олгодог.

Цаашид энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэргийн алба хаагчдад чиглэсэн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цэргийн алба хаагчдад үзүүлэх эмнэлэг сувилал, сэтгэл зүйн үйлчилгээг тогтмолжуулж, зах зээл дээрээс орон сууц худалдан авахад  дэмжлэг үзүүлэх, ипотекийн зээлд хамрагдахад  зуучлах, баталгаа гаргах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх ажлуудыг бодлогын төсөл, хөтөлбөрүүдэд тусган үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дээшлэн, орчин үеийн цэргийн ажиллагаанд ашиглагдаж байгаа техник, технологид суралцахаас гадна эх орон, гэр бүл, найз нөхдийнхөө үнэ цэнийг хүний нутагт илүү ихээр ойлгож, цэргийн алба хаагчийн ёс зүй, эх оронч үзэл төлөвшиж байна. 

-Монгол Улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болсон нь аюулгүй байдлын маш том баталгаа гэж ярьдаг...

-Товчхондоо, АСЕМ-ыг зохион байгуулснаар гадаад бодлого тэлж, аюулгүй байдал баталгаажсанаас гадна Монгол Улсыг маш идэвхитэй гадаад бодлого явуулж байгаа орон гэдгийг дэлхий дахинд харуулсан. АСЕМ-ыг дүгнэсэн хэвлэлийн бага хурлыг санаж байгаа байх. Тэр хэвлэлийн хурал дээр Европын холбооны комиссын дарга нэг үг хэлсэн юм.

Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг байх үед Монгол Улс урд хожид байгаагүйгээр гадаад бодлогоо тэлж, аюулгүй байдлаа баталгаажуулсан. Та дэлхийн бодлогыг тодорхойлогч тоглогчдын нэг болж чадлаа” гэж хэлсэн. Гадаад бодлогын жин хэр хэмжээгээр нэмэгдсэнийг тэр хүн тодорхойлоод хэлчихсэн. Энэ нэг хүнийг биш Монгол Улсыг л хэлж байгаа шүү дээ.