Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Оргил: Албан тушаалтныг яаман дээрээс нь баривчлаагүй

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 2 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зарим албан тушаалтныг авлига авсан хэргээр АТГ-аас саатуулаад байгаа юм. Хэргийн явцын талаар тус байгууллагын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан комиссар Д.Бат-Оргилоос тодрууллаа.

-БОАЖЯ-ны албан тушаалтныг авлигын хэрэгт холбогдуулан саатуулсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 8-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан тушаалтан болон нэр бүхий иргэнийг хээл хахууль авсан, зуучилсан, өгсөн үндэслэлээр саатуулсан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Саатуулагдсан иргэдийг өнгөрсөн ням гаригаас эхлэн гадуур шалгаж байна. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан тушаалтан Д-г хорьж шалгах хугацааг шүүхээс 14 хоногоор сунгасан. Хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Энэ хэрэгт яамны өөр албан тушаалтнууд оролцсон байж болзошгүй гэсэн мэдээлэл сошиал ертөнцөд тарсан. Энэ үнэн үү?

-Энэ хэрэгт холбогдуулан дээрх хүмүүсээс өөр ямар нэг албан тушаалтныг шалгасан зүйл байхгүй. Сошиал ертөнцөд тархсан мэдээлэл бүр үнэн байдаггүйг иргэд ойлгодог болсон байх.

-Мөн хэдэн төгрөг авсан, өгсөн зэргээр барин тавин мэдээлэл цацагдаад байгаа шүү дээ. Тодруулбал, яаман дээрээ хүнээс мөнгө авч байгаад саатуулагдсан гэсэн мэдээлэл бий?

-Энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. БОАЖЯ-ны албан тушаалтныг яаман дээрээс нь баривчлаагүй. Харин албан өрөөнд нь үзлэг, нэгжлэг хийсэн.

-Энэ хэрэгт улс төрийн шалтгаан байгаа юм биш биз дээ. Сүүлийн үед АТГ-ыг улстөржлөө гэх шүүмжлэл их болсон?

- АТГ иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, хуулийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэхүү асуудалд ямар нэгэн улс төрийн зорилго, чиглэл агуулагдаагүй. Хуульд заагдсаны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Зураг