Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цалингаасаа гадуур хэрхэн нэмэлт орлого олох вэ?

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 14
Сурталчилгаа
 

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ                          

Гийгүүлэгч Номин /Санхүүч/

“Миний цалинг Улаан номонд оруулж өгнө vv. Цалин маань устаж үгүй болохын даваан дээр байна” гэсэн наргиан олон нийтийн цахим сүлжээгээр тархаж байна.

Энэ нь нэг талаар наргиан хэдий ч гашуун үнэн юм. Үнэхээр ч бид цалингаас цалин, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Дээрээс нь олон албан байгууллага цалингаа ч цагтаа тавьж чадахгүй байгаа нь нууц биш билээ. Тиймээс бид цалингаас гадна нэмэлт орлого олох боломжийг хайж, илүү хөдөлмөрч амьдрах шаардлага тулгарч байна. Улс орны эдийн засаг сайжирч, хангалттай цалин авах цагийг хүлээвэл бид багагүй хугацаанд бүсээ чангалах нь.  

Миний ихэнх найз, танилууд маань ажлаасаа гадна аль хэдийн нэмэлт орлого олох боломжоо олж хараад, үр шимийг нь хүртэж байгааг бахархахгүй байхын аргагүй юм.

Гадаад хэлний мэдлэгтэй нь орчуулагч найз нар маань хөтөч, зуучлагч хийж, хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг найзууд төрөл бүрийн төлбөрт нийтлэл нэвтрүүлэг бэлтгэж, багш, судлаачид нь ном бичиж, төсөл дээр ажиллан, эмч нар хувийн эмнэлэгт, инженер найз нар маань зураг төсөл хийж, хуульч өмгөөлөгчид нь ажлынхаа заваар өмгөөлөл хийж, компьютерийн мэргэжилтнүүд программ, аппликэйшн, сайт хийх, хөгжүүлэх зэргээр өөрийн мэргэжлийн давуу талыг ашиглан сурсан мэдсэнээрээ давхар орлого олж байна.  

Миний хувьд гэртээ хүүхэд харах хугацаандаа бялуу, амттан хийж, хатгамал оёх, хүнсний ногоо тариалах зэрэг...оролдлого хийсэн. Мөн өөрийн мэргэжлийн дагуу оюутны бие даалт хийх, судалгааны ажилд нь туслах, байгууллагын санхүүгийн баримт цэгцэлж өгөх, санхүүгийн болон татварын тайлан гаргах зэргээр багахан хэмжээний орлого олдог. Одоо ч өөрийн цаг зав, боломжоороо хийж байна. Энэ нь миний амьдралд чамлахааргүй хувь нэмрээ оруулж байна.

Ажлынхаа хажуугаар давхар орлоготой болохдоо:

  1. Та бусдад ямар нэгэн байдлаар хохирол учруулахуйц зүйл хийх хэрэггүй. Стандарт шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн, хугацаа хадгалалтыг нь мэдэхгүй хүнсний зүйл, элдвийн сүлжээний бизнес гэх мэт олон зүйлс танд ашиг тус өгөхөөсөө илүү  бусдад хохирол учруулж болзошгүй юм
  2. Чадахгүй зүйлээ заавал сайн сурч мэргэшсэнийхээ дараа мөнгө олох талаар бодоорой. Хийсэн ажлын тань ард хариуцлага үргэлж байдаг.
  3. Та хийж байгаа зүйлдээ дуртай, сонирхолтой байгаарай.

Хамгийн чухал нь та хоббигоороо мөнгө олох боломжийг заавал олоорой. Таны хоббиг таниас илүү мэдэх хүнгүй тул өөрөөсөө “Би юуг хийхэд сайхан байдаг билээ?” гэж заавал асуугаарай. Дуртай зүйлээсээ та уйдахгүй учир таны ирээдүйн амжилтын үндэс болж чадна гэж итгэж байна.

Гийгүүлэгч Тогоо /Олон нийтийг төлөөлнө/

Гийгүүлэгч Номио маань тодорхой мэргэжил эзэмшсэн хүмүүс хэрхэн нэмэлт орлого олж болох хөндсөн учраас би энэ удаад ямар нэгэн мэргэжилгүй ч тодорхой орлого олохыг хүсэж буй хүмүүст хандаж байна.

Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэлцдэг. Миний нэгэн танил бүсгүй орцны жижүүр хийдэг бөгөөд хоёр охиныхоо хамтаар тухайн байрныхаа подвалд багахан хэмжээний өрөөнд амьдардаг. Сардаа 300,000 мянга гаруй төгрөгөөр гурван биеэ болгодог. Ажилд орох гэхээр мэргэжилгүй гэсэн шалтгаанаар хаана ч авдаггүй тул дээд сургуульд сурахаар зориглосон юм. Хичээл дээрээ бага охиноо хөхүүлээд суралцаж байсан тэрбээр удахгүй нийгмийн ажилтнаар төгсөх гэж байна. Сургалтын төлбөр, хоол хүнсээ мэдээж 300,000 мянган төгрөгөөр хүргэх боломжгүй тул тэрбээр дараах боломжийг өөртөө нээсэн.

  • Барилгын засварын багт ажиллан, ханын обой нааж сурсан тул байрныхаа айлуудын ханыг тохирох мөнгөөр нь цаасалчихдаг
  • Боломжтой айлын гэрийг тодорхой хугацаанд үнэ тохирон цэвэрлэдэг
  • Айлын хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд хөлс шан авдаг
  • Мөн барилгын дараах их цэвэрлэгээний ажил хийдэг
  • Зарим айлын хоол хүнсийг дэлгүүр хоршооноос цуглуулчихдаг гээд мөнгө олох олон ажлыг чин сэтгэлээсээ хийдэг тул олон хүн түүнд ханддаг.

Олсон мөнгөө үрэхгүйн тулд шууд хадгаламжиндаа хийчихдэг болохоор сургалтын төлбөрт зориулсан мөнгө нь бүрдчихдэг хэмээж байсан юм. Энэ мэтээр л тэрбээр цалингаасаа гадуур нэмэлт орлого олж, өөрийн хүссэн мэргэжлээрээ онц дүнтэйгээр төгсөж байна.

Монгол Улсын алс хязгаарт ч хамаагүй, нийгмийн ажилтан хэрэгтэй л бол очиж ажиллахад бэлэн хэмээн ярих түүний нүдэнд сайхан ирээдүйгээ төсөөлөн буй гал цог ямагт гялалзан байдаг. /жич: түүний мөрөөдлийг биелүүлэхэд туслах хүн байвал 3 giiguulegch фэйсбүүк хуудсаар бидэнтэй холбогдоно уу/

Мөн хэсэг бүсгүйчүүд хивс угаадаг машин худалдаж аваад дуудлагаар айлын гэр хивс цэвэрлэх үйлчилгээг амралтын өдрүүдэд хийгээд тогтмол орлоготой амьдардаг жишээг ч би мэднэ.  Манай нэг найз зөвхөн ганц төрлийн бялууг л маш амттай хийдэг. Тэр бялууг нь олон кофешоп өндөр үнээр авдаг юм. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа түүнд энэ бол цалингаас нь ч их орлогыг оруулдаг.

Үнэхээр ч өөрөө хүсвэл нэмэлт орлого олох боломж хаа сайгүй байдаг тод жишээ энэ юм. Хэрвээ та гар дээрээ авдаг цалингийн хэдэн төгрөгтөө сэтгэл дундуур байдаг бол нэмэлт орлого олох боломжийг өөртөө бий болгоорой. 

Гийгүүлэгч Сэржээ /гадаадад амьдарч буй монголчуудыг төлөөлнө/

Гадаадад сурдаг оюутнуудын нэгэн адилаар тэтгэлгийнхээ хажуугаар цагийн ажил хийж нэмэлт орлого олдог байлаа. Байнга комьпютерийн ард суудаг оюутнуудын хувьд биеийн хүчний ажил хийх нь дасгал хийж байгаатай л адил. Адилхан биш байсан ч тэгж бодохоор ядрах нь ч бага сэтгэлд  сайхан байдаг  юм. Мөн профессорын туслах, цагийн багш гээд цөөнгүй ажил хийсэн. Жирэмсэн байхдаа сургуулиа төгсөөд анх удаа гэртээ зүгээрийг хийж суух нь үнэхээр уйтгартай байсан.

Мөнгө олохоор бодож олсон санаа минь Солонгост амьдардаг монголчууддаа дэлгүүр болон интернэтээс захиалга хийж өгөх байлаа. Энэ үед холбоо тогтоосон хүмүүс одоо ч надаар үйлчлүүлдэг. Бас энэ үед орчуулга, бие даалт, судалгааны ажил, ном, аман орчуулга гээд аль тааралдсан ажлыг охиноо ой хүртэл нь хийсэн юм.

Би өөрийнхөө хийж байсан ажлуудыг дурьдсаны учир нь хүнд боломж хязгааргүй их байдаг. Би багш хүн, би эмч хүн, би ийм мундаг ажил хийдэг хүн байж гэсэн бодлоор бусад ажлыг дорд үзэж тийм зүйлээр мөнгө олж байснаас мөнгөгүй сууж байх нь дээр гэсэн бодолтой хүмүүс байдаг. Хүн ер нь ямар ч ажлыг хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир бүх  зүйлд бэлэн байх хэрэгтэй мэт.

Өөрийнхөө боломжийг нээж, илүү зүйлийг сэтгэж, хийж чадвал цалиндаа найдахгүйгээр амьдарч чадна. Эцэст нь энгийн нэгэн сэтгэл судлаач эдийн засагч хүний хувьд хэлэхэд сүүлийн үед хүмүүсийн хошуураад байгаа элдэв төрлийн сүлжээ бол нэмэлт орлогын эх үүсвэр биш шүү.

Энэ удаад та биш ч өөр нэгэн хохирч  суугаа болохоор өөрийгөө болон өрөөлийг бодоод сүлжээнээс татгалзаарай гэж уриалмаар байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.