Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Он гарсаар эзэн холбогдогчгүй 35 гэмт хэрэг бүртгэгджээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын Цагдаагийн Албанд 2017 оны 1-р сарын 01-ний өдрөөс өнөөдрийг /2017.02.14/ хүртэл хугацаанд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй буюу осол, хэргийн газрыг орхин явсан, зохих байгууллагад мэдэгдээгүй нийт 35 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 27 гэмт хэргийн эзэн холбогдогчийг тогтоон хуульд заасны дагуу шалгаж шийдвэрлэжээ.

Зарим жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, бичиг баримтын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож явснаас, зарим тохиолдолд айж, сандарсанаас осол, хэргийн газрыг орхин явах явдал нилээдгүй бүртгэгддэг. 

Мөн осол гаргачихаад баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.

Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугатаах тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байдаг.

216.1. “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”.
216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Зөвлөмж

Иймд эрхэм жолооч та бүхэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлж байхыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба