Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Ц.Туваан бид хоёрыг “Шонхор” гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрөгч амралтын өдөр хуралдсан намын 7-р Их хурлынхаа талаар болон бусад асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тэрбээр мэдээллийн эхэнд “Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг бүлгийн даргаар сонгосон. Миний бие АН-ын даргаар сонгогдсонтой холбоотойгоор бүлгийн даргын суудлаа шилжүүлж буй юм.

Өчигдөр буюу энэ сарын 12-нд “Улаанбаатар палас”-ын Их танхимд АН-ын долдугаар Их хурал амжилттай болж өнгөрлөө. Энэ хуралд нийт 3,200 гаруй төлөөлөгч оролцсон. Үүнээс 2,700 гаруй нь мандаттай байсан бол 500 орчим нь урилгаар оролцсон. Долоодугаар Их хурлын хамарч байгаа цар хүрээ, шийдэх асуудал өргөн байсан.

Энэ хурлаар АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан миний биеийг ёсчлон баталсан. Хоёрдугаарт, АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, баталсан. Гуравдугаарт, АН-ын Их хурлаас гарах тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталсан. Хуралдаан нилээд ойлголцсон нэгдмэл, уур амьсгалтай болж өнгөрсөн. АН-ын  Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн гол утга санаа шинэчлэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх юм.

Цаашдаа зөвхөн даргыг бус АН-ын анхан, дунд шатны бүх удирдлагуудыг бүх гишүүдийн дундаас сонгодог байхаар зохицуулж байгаа.

Энэ долоо хоногоос эхлээд есөн дүүрэг 152 хороо, 21 аймаг, 330 суманд АН-ын шинэчлэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдах юм. Энэ шинэчлэлийн хүрээнд гишүүдийн оролцоотойгоор сум, хороодын намын дарга, үүрийн бүрэлдэхүүныг сонгож, баталгаажуулна. Ингэснээр АН бүх шатандаа шинэчлэгдэх юм. АН-ын Үзэл баримтлал болон Үндсэн дүрмийн сүүлийн шатны хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж, энэ оны тавдугаар сард болох наймдугаар Их хурлаар батлана.

Саяны Их хурлаар Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөлийг 35 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ зөвлөл дүрмийн болон, үзэл баримтлалыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, дараагийн Их хуралд танилцуулна. Мөн АН-ын Үндсэн дүрмийн хороо 15 хүн, Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ийм томоохон асуудлуудыг шийдвэрлэсэн үр дүнтэй хурал боллоо" гэлээ. 

"Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй"

Дээрх мэдээллийг хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Их хурлаас баталгаажуулна гэж байсан ч дүрмийн хэлэлцүүлэг хийх үеэр хуучнаар ҮЗХ-гоор хэлэлцүүлэх болчихлоо гэж байснаа шууд үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Энэ нь эрх хүрээндээ нийцэж байгаа юу? 

-Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрх нь Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар ҮЗХ-нд байгаа. Сая Их хурлаас намын даргад эрх олгосон тогтоол баталсан. Энэ тогтоолд Үндэсний бодлогын хороо шинээр бүрэлдэхүүнээ бүрдүүлэх хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж ажиллах эрхийг намын дарга олгох тухай заасан. Энэ тогтоолын дагуу өчигдөр 01 тоот тушаал гаргаж Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон байгаа. 

-Өнгөрсөн хугацаанд АН-ын дүрмийн хэлэлцүүлэг явж байна гэж л байснаас биш үзэл баримтлал гэдэг зүйл сонсогдохгүй байсан. Үзэл баримтлалыг шинэчлэх явц хэзээнээс эхлэв? 

-Үзэл баримтлалын төслийн тухайд үндсэн дүрмийн төслийн хамт ажлын хэсэг гараад явж байгаа. Сая үзэл баримтлалын төслийг хангалттай болоогүй байна гэж үзээд Үндсэн дүрмийн хүрээнд нэмэлт өөрчлөлт орох шаардлагатай гэж үзсэн учир Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулж үргэлжлүүлж энэ хэлэлцүүлгийг явуулахаар тогтож тогтоолоо батлуулсан. 

Хавар тавдугаар сард Үзэл баримтлал, үндсэн дүрмийн эцсийн найруулгыг батлуулна. 

-Ардчилсан нам залуучуудын оролцоог намынхаа үйл ажиллагаанд нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарах бэ? 

-Нас, жендерээр ялгаварлах байр суурийг би барихгүй. Хэн өөрөө идэвхи санаачлага гаргана, тэр манлайлаад явах учиртай. Би залуучуудад “Та нарт боломж байна, мэргэжил байна. Өөрсдөө намынхаа ажилд оролц” гэж хэлдэг. Бэлэн зүйл шаардаад суугаад байх юм бол боломж тэр хэрээр хумигдана. Өнөөдрийн залуучууд юм болгоныг бэлэнчлэх сэтгэлгээтэй байж болохгүй. Би гурван цагийн хэлхээс буюу гурван үеийн залгамж чанрыг эрхэмлэх байр суурь барина.

Өөрөөр хэлбэл, АН ахмад, дунд үе, залуучуудын оролцоог тэгш хангаж ажиллана. Бид өнгөрснөөсөө суралцаж, дунд үеэ хүндэтгэж, шинэ залуу үеэ хүлээн зөвшөөрч явах учиртай. Би залуучуудын оролцоог ингэж л харж байна. 

-АН фракциасаа сална гэж ир ярьдаг. Гэтэл намын дарга Шонхор фракциас сонгогдсоны дараа ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч нь мөн уг фракциас сонгогдлоо. Энэ фракциасаа салах намын тань зорилттой хэр нийцэж байгаа бэ? 

-Ц.Туваан бид хоёрт нэг “Шонхор” гэсэн овог байхгүй. Би өнөөдрийн АН-ын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай залуу хүн. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг “Шонхор” гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй. Ер нь Монголчууд бүгдээрээ “Шонхор” овогтой. Хүннү гүрний эхнээс өгсүүлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан. Одоо ч Монголын бахархалт шувуу шонхор хэвээр байна. 

-З.Энхболд дарга сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хариуцлагаа үүрч, намын даргын албан тушаалаа өглөө. Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан тохиолд та хариуцлага хүлээх үү?

-Намын үндсэн дүрмийн хүрээнд тухайн тухайн салбартаа сонгуулийн хариуцлагыг хүлээхээр тусгагдсан. Энэ дүрмээр явна. Мэдээж өрсөлдөөнд дундаас аль нэг намын нэр дэвшигч гарна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй.

-Их хуралд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт нарын Ардчилсан намд нөлөө бүхий гишүүд нь оролцсонгүй. Ажлаа өгсөн хуучин дарга З.Энхболд “Ардчилсан нам олигархи, офшорчдоосоо саллаа” гэж хэлсэн. Хуучин даргынх нь хэлдсэн үг дээрх хүмүүсийг намаасаа гарсан гэх ойлголт төрүүлсэн.  Тэдгээр хүмүүс ямар нэг тайлбар хийсэн үү, оролцохгүй болсон талаараа? 

-Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарыг офшорчин ч юм уу, олигарх ч юм уу гэдгийг Монгол Улсын шүүх, хуулийн байгууллагын төвшинд тогтоогоогүй. Тогтоох нь битгий хэл, хуулийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа яваагүй. Бид нар биенийгээ үндэслэл нотолгоогүйгээр шоглож гүтгэдгээ болих хэрэгтэй.

Үндсэн хуульд заасан, шүүхээр хэнийг ч буруутай гэж тогтоогоогүй байхад хэнийг ч буруутайд үл тооцож болно гэсэн зарчим бий. Энэ зарчмаа л барина
Ч.Сайханбилэг надаас чөлөө авсан, яаралтай эмчилгээтэй байгаа учраас очиж амжихгүй нь чөлөө авахыг хүсэж байна гэсэн. С.Баярцогт, Н.Алтанхуяг хоёр тодорхой шалтгаан хэлээгүй. Гэхдээ хувь хүнд янз бүрийн шалтгаан гардаг ш дээ.

Манай намд зөвхөн Сайханбилэг, Алтанхуяг, Баярцогтоор тогтохгүй, үе үеийн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүн бий. 
Нэг, хоёр хүнээр Ардчилсан намыг төлөөлөөд нөлөө бүхий хүн нь ирсэнгүй гэж харж болохгүй. Сайд дарга, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн дийлэнх нь өчигдрийн их хуралд ирсэн.

16 мянган гишүүн саналын эрхээ нээж чадаагүй учраас сонгуульд оролцож чадаагүй.

Одоо бол дараа, дараагийн сонгуульд оролцох эрхийг нээгээд явж байгаа. Тэр дотор дүрэм зөрчөөгүйг нь нээгээд явна, дүрэм зөрчсөнийг нь хуурамчаар ч гэдэг юм уу намын гишүүний эгнээнд нэрээ оруулах оролдлого байвал хасаад явна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.