Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын хэсгийн дүгнэлт таатай бус байвал МУИС-ийн оюутнууд суурь хураамжийг эсэргүүцсээр байна гэв

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 13
www.ikon.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Сургуулийн төлбөр нь хоёр хэсгээс бүрдэж байгаа нь сургалтын төлбөр болон суурь хураамж. Бакалаврын түвшний оюутан жилд 224 мянган төгрөг, магистр докторын оюутан 336 мянган төгрөг болох суурь хураамжийг төлбөрөөсөө гадна төлдөг байна. Харин нэг багц цагийн төлбөр 78,600 төгрөг байдаг, жилд дунджаар нэг оюутан 2,582,000 төгрөг төлдөг. Үүнийг МУИС-ийн оюутнууд эсэргүүцэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө жагссан. Энэ талаар МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгрессийн төлөөлөгч нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.

 МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресийн тэргүүн Б.Хосбаатар: "Суурь хураамж гэх энэхүү мөнгийг 2011 оноос хойш таван жил авч байгаа, гэвч сурах орчинд төдийлөн ахицтай өөрчлөлт орсонгүй. Жил бүр л энэ асуудлыг ярьсаар ирсэн харин одоо оюутнууд тэмцэх цаг нь болсон гэж нийт МУИС-ийн 22,000 оюутнууд нэгдэж байна. Оюутан бид өндөр төлбөр төлж болно. Тэрнийхээ хэрээр чанартай боловсрол, суралцах таатай орчин, оюутнуудаа дэмждэг сургууль болон жил бүрийн суурь хураамжийн бодит зарцуулалтын тайланг хүссээр ирсэн.

Бидний адил улсын их дээд сургуулиудын барилга байгууламжийн чанар, сурах орчин, өндөр боловсролын чанар нь сайжирсаар байгаа. Гэтэл манай сургууль хэвээрээ байсаар л байгаа. Сургуулийн захиргаанд суурь хураамжийн зарцуулалтын тайланг өгнө үү хэмээн удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч бидэнд ирсэн хариу нь захиргаа, аж ахуй, номын сан, мэдээллийн технологи, оюутны үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын цалинг санхүүжүүлэх зориулалттай хэмээн санхүүгийн дэлгэрэнгүй ил тод нээлттэй тайланг бидэнд өгсөнгүй ерөнхий зарцуулалтыг нь өгсөн боловч оюутан бидний төлөө хийсэн бодит зүйл байхгүй. Хамгийн хачирхалтай ойлгомжгүй зүйл бол хагас жилийн эсвэл жилийн чөлөө авч буй оюутнууд сургуулиас ямар нэгэн үйлчилгээ авахгүй байхад суурь хураамжийг авсаар байгаа юм" гэлээ.

 

МУИС-ийн оюутнууд энэ асуудлыг дотроо шийдэхийг хүссэн учир МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд 200 гаруй оюутнууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө жагссан. Нэгдүгээр сарын 31-ний өдөр МУИС-ийн ТУЗ-ийн гишүүд хуралдаж суурь хураамжийн зарцуулалтын талаар, МУИС-ийн үр ашиггүй зардлыг танах боломжтой эсэхийг судлах ажлын хэсэг гарган ажиллах шийдвэр гаргасан байна. Ингээд хоёрдугаар сарын 1-ний өдөр холбогдох газар болох БСШУСЯ-нд мэдэгдэж одоогоор шалгагдаж байгаа юм.

Хэрвээ Ажлын хэсгийн дүгнэлтийн үр дүн нь оюутнуудад таатай бус байвал МУИС-ийн оюутнууд зогсохгүй цаашаа тэмцсээр байх болно гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.