Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт амьдарч буй эмэгтэйчүүд 6-10 дугаар сард төрөх нь хамгийн тохиромжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Төрөхөд тохиромжтой сарууд бол агаарын бохирдол хамгийн багатай байх үе буюу 6-10 дугаар сар. Жирэмсний сүүлийн 3 сард хүүхдийн уушги уснаас гарч агаар амьсгалахад бэлтгэгддэг. Өөрөөр хэлбэл, энэ хугацаа нь уушгины идэвхтэй хөгжлийн хугацаа тул жирэмсэн эх цэвэр агаарт байх хэрэгтэй” хэмээн АШУҮИС-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш, хүний их эмч Нийгмийн эрүүл мэндийн магистр, докторант Л.Дэлгэрзул хэлэв. 

Харин Улаанбаатар хотод амьдарч буй төрөх насны эмэгтэйчүүдийг 11-1 дүгээр сарыг дуустал жирэмслэхгүй байхыг зөвлөсөн юм. Учир нь жирэмсний хамгийн эмзэг буюу эрхтэн тогтолцоо үүсэж бүрэлддэг хугацаа эхний 3 сар. Тиймээс эхний 3 сард агаарын бохирдолд өртсөнөөр ураг эндэх, зулбах, эрхтэн тогтолцооны гажиг үүсэх магадлал өндөр байдаг гэлээ. 

Түүнчлэн жирэмсний эхний 3 сард нарийн ширхэглэгт тоосонцорт өртсөнөөр бага насны хүүхдүүд тархины хавдартай, мөн хугацаанд азотын дутуу ислийн нөлөөлөлд өртсөнөөр цусны хавдартай болж байгааг Канадын эрдэмтэд тогтоожээ.

Жирэмсний бүх хугацаанд агаарын бохирдол нарийн ширхэглэгт тоосонцорт өртөх нь дутуу төрөлтөд шууд нөлөөлдөг болох нь мөн судалгаагаар батлагдсан тул жирэмсэн эхчүүдийг гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэх, аль болох цэвэр агаарт байхыг тэрбээр мөн зөвлөж байлаа. 

Тэгвэл бодит байдал дээр ээжүүд хэддүгээр сард хүүхдээ төрүүлж байгаа талаар тоон мэдээллийг хүргэе.

 

Ийнхүү сүүлийн таван жилийн тоон мэдээллээс харвал төрөх насны эмэгтэйчүүд ихэвчлэн 7-8 сард хүүхдээ төрүүлж буй юм. Гэвч бусад сард ч мөн амаржсан эхийн тоо төдийлөн хол зөрүүгүй буюу ижил байна. 

Агаарын бохирдол ихтэй үед жирэмслэх, хүүхдээ төрүүлэх нь ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул жирэмслэх, төрөх хугацаагаа агаарын бохирдол хамгийн багатай үед байхаар тооцоолох нь чухал гэдгийг Л.Дэлгэрзул эмч зөвлөсөн. Ялангуяа зуны эхэн саруудад амаржих нь хүүхдийн эрүүл мэнд, уушгины хөгжилд тустай юм. 

Мөн хүүхдийн өрөөнд агаарын солилцоог сайжруулах, тогтмол хугацаанд цэвэр гаргах нь зүйтэй.