Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эгиймаагийн ФУЛБРАЙТАД ТЭНЦЭХ ТАВАН ЗӨВЛӨМЖ

ikon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Ц.Эгиймаа,

АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөр ээлжит өргөдлөө хүлээн авч байна. 

Цолмонбаатарын Эгиймаа нь 2015-2016 оны Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, өдгөө Дэлхийн шилдэг их сургууль,“Ivy League”-н их найман сургуулийн нэг болох “Корнелл” Их сургуульд эдийн засаг, санхүүгийн бодлогын чиглэлээр магистр /МPA, Master of Public Affairs: Economic and Financial Policy/-ийн зэрэгт суралцаж буй юм. 

Тэрбээр яг одоо Фулбрайтын гадаад оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсантай холбогдуулан АНУ-д суралцах хүсэлтэй залууст өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

1. Яг одоо эхэл! 

Та өнөөдөр IBT, GMAT, GRE шалгалтанд бэлэн биш байж болно. Тэглээ гээд хэдэн сар, жил дамнасан ухаалаг төвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу бэлдэнэ гэж өөртөө амлаж бүү хойшлуулаарай. Дараа жил дахиад л амжихгүй. Тиймээс яг одоо шалгалтын ном, онлайн хичээл, апп худалдаад авчих! Оноо чинь хүрэхгүй байсан ч өргөдлөө өгчих! Би хамгийн анх IBT-ийн шалгалтанд 81 оноо авчихаад “Princeton” их сургууль руу явуулж л байсан. Зорилгодоо ойртсон юм шиг санагддаг юм.

2. Шалгалтын орчинг бүрдүүлэх!

2015 оны 11-р сард GRE шалгалт өгч байхад миний компьютерийн залгуур масслаад унтарсан юм. Секунд бүр нь үнэтэй шалгалтын дундуур хянагчийг нь дуудаад, өөр компьютерийн зүг гүйн байж дуусгасан шалгалтын оноогоороо одоо Корнеллийн их сургуульд сурч байна. 

Шалгалтын үеэр гардаг энэ байтугай бүтэлгүйтлийг өмнө нь би даанч сайн мэдэрсэн болохоор хожим нь бэлдэх үедээ жинхэнэ шалгалт авах цагт тааруулан өглөө үүрээр босч онлайн тест бөглөөд, орой нь coffee shop зэрэг чимээ ихтэй газар GRE-ийн бодлогоо боддог байсан. Бэлдэх үедээ шалгалтын өдөр мэт сэтгэл зүйгээр хандвал шалгалтын өдөр бэлдсэн шигээ оноо авна.

3. Фулбрайтад Хамгийн Чухал нь Эсээ!

Амьд байх! Эсээг бодохоор надад “Гар, хөл нь дөнгөтэй хүн бүжиглэнэ” гэсэн хэлц санаад ордог юм. Америк маягийн бичвэрт зохион байгуулалт маш сайн байх, энгийн, бөгөөд тодорхой байх, гол санаа хамгийн эхэнд байх гэсэн тодорхой зарчмууд байдаг. Үүнийг мөрдөхийн хажуугаар АМЬД байх хэрэгтэйг мартаж болохгүй. Бичигдсэн түүх, ирээдүйн зорилго тань баялаг бөгөөд үнэн байж эсээ амьдардаг. 

Сонирхолтой байх! Эсээний эхлэл хэсэг хамгийн хэцүү. Хэдэн зуун эсээнээс ялгарахын тулд эхлэл хэсгээсээ сэтгэгдэл төрүүлж, анхаарлыг нь алдахгүй байх хэрэгтэй. Миний хувьд эсээнийхээ эхлэлийг өөрийнхөө болоод улсынхаа талаар 4 өгүүлбэрт багтаасан “үлгэр” маягаар бичиж байсан. Оnce upon a time…

Голын цаанаас харах! Дэлхий ертөнц зөвхөн таныг тойрч эргэдэггүй болохоор шалгаруулах комисст өөрийнхөө зорилгыг бүхнээс чухал гээд тулгаж болохгүй. Тэтгэлэг олгогчдын зорилго, тэдний сонирхолыг давхар ойлгох хэрэгтэй. Хувь хүнд олгож буй тэтгэлэг хэдий ч нөгөө талаас хоёр орны соёлын солилцоо, ирээдүйн хамтын ажиллагаа ард нь агуулагдаж байдаг. Хэдий чинээ чадварлаг олон залуу АНУ-д сурна, төдий хэмжээгээр АНУ-д элэгтэй, өндөр боловсролтой хүмүүс төрнө. Тэгэхээр та АНУ болон Монгол Улсын хооронд ирээдүйд юу хийж чадах талаар эсээндээ оруулахад гэмгүй, Be realistic!

4.Тэнцсэн хариу авахын тулд татгалзсан хариу авч сурах!

2016 оны 7 сард Канзас мужад 23 орны 35 Фулбрайтуудтай хамт “academic writing”-ний хичээлд сууж байхад профессор нь албан захианы аль төрлийг хамгийн сайн мэдэх вэ гэж асууж байсан. Одоо Harvard, Syraccuse, Georgia Tech-д сурч байгаа найзууд минь нэгэн дуугаар “Rejection Letter” буюу татгалзсан захиа гэж хариулж байсан. 

Өнгөрсөн жил тэнцээгүй бол энэ жил өг, энэ жил тэнцээгүй бол тэнцэтлээ өг!

5. IBT, GRE, GMAT маш чухал, гэхдээ хамгийн чухал биш! 

Last but not least, Фулбрайтын тэтгэлэг хөтөлбөр болон АНУ-ын шилдэг сургуулиуд тэнцэхийн тулд сайн оноо мэдээж туйлаас чухал. Гэхдээ тэд зөвхөн өндөр авсан оноонд биш хувь хүнд нь ач холбогдол нилээд өгдөг. Гадаадын Фулбрайт найзуудаасаа ч ажиглахад шалгалтанд хоёр гурван оноогоор илүү авсан хүнд биш, өндөр ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай, ирээдүйд өсөж хөгжих потенциалтай хүмүүст боломж олгосон нь бий. Тиймээс зөв хариулт бөглөж чаддагаас гадна зөв хүн байх нь чухал шалгуур юм! 

Хэрэг болохуйц гарын авлагууд (гэвч хүн бүрийн суралцах арга барил өөр)

  • Их хэрэг болсон: Хөзрийн хэмжээний цаасны нэг талд шинэ үг, нөгөө талд ойролцоо үгийг нь бичээд өдөр бүр 10-20 үг цээжлэх. Тэгээд энд тэнд, юм хүлээж байхдаа “Candy Сrush”-ний оронд байнга цээжээ шалгаж тоглож бай.
  • Online хичээл “Мagoosh GRE+ 500 гаруй оnline tests”. Онлайн хичээлийн давуу тал нь яг шалгалт өгөх орчинг бүрдүүлж өгдөг. Жинхэнэ шалгалтанд нь авч байсан гэх 500 гаруй тесттэй, видео хичээлтэй, дэлгэцэн дээр цаг нь гүйдэг. 
  • Дунд зэрэг хэрэг болсон: Хоёр өдөрт нэг удаа богино хэмжээний “аcademic article” унших. Дүрмүүдийг таних, урт, нийлмэл өгүүлбэрүүд, параграфуудын гол санааг хурдан ойлгож сурахад хэрэг болсон.
  • Хэрэг болсон: Books “The Princeton Review Cracking the TOEFL IBT, The Princeton Review Cracking”. Шалгалтын бүтэц, асуултуудыг таних тактикууд байдаг.

 

Та бүхэнд чин сэтгэлээсээ Амжилт Хүсье! Хичээсэн дээрээ хичээгээрэй!

Цолмонбаатарын Эгиймаа
Итака хот, АНУ