Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

17 жил 7 дарга

Я.Баяраа, Үндэстний тойм
2017 оны 2 сарын 13
"Үндэстний ТОЙМ" сэтгүүл

2000 он Тогтворжуулагч

 
Гэрэл зургийг Mpa.mn

2000 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хувьсгалаас мэндэлсэн гол хоёр улс төрийн хүчин болох МҮАН, МСДН хоёр тусдаа оролцсон нь навс ялагдах үүдийг нээв. Том ялагдлын дараа 1990-ээд онд Ардчиллын төлөө тэмцэж гарч ирсэн улс төрийн хүчнүүд нэгдэх хэрэгтэй талаар яриа тэнүүчилж эхэллээ. Ийнхүү үзэл баримтлалын хувьд зөрүүтэй ч анхнаасаа нэг зорилгын төлөө тэмцэж ирсэн МҮАН, МСДН болон бусад 3 нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулав.

Шинэ намын анхны даргаар Ардчилсан хувьсгалын анхны 13-ын нэг Д.Дорлигжав сонгогдов. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаас буугаад удаагүй байсан, хүнд үед эв эеийг олж чадна гэсэн итгэлээр сонгосон Д.Дорлигжавын баг уналтад ороод байсан намыг сэргээж, одоогийн АН-ын суурийг тавьсан гэж үзэх хүн цөөнгүй бий. Гэхдээ Д.Дорлигжавын үед 8 удаа хуралдсан ҮЗХ тухай бүрт нь намын даргын асуудлыг сөхсөөр эцэст нь даргаа сольж санаа амрав.

2002 он Ганцаарчилсан тоглогч

 
Гэрэл зургийг Mpa.mn

М.Энхсайханы үед намын өнгө төрх чамгүй өөрчлөгдсөн. Намын аппаратаа бүрэн сольж, “АН партизануудаасаа салах цаг болсон” хэмээн мэдэгдсэн нь тухай үедээ арай л эртэдсэн мэдэгдэл байлаа. Үзэл баримтал гэхээсээ 1990-ээд оны тэмцлийн үеэр бий болсон итгэлцэл, ашиг сонирхлын холбоосон дээр тогтож байсан намуудын нэгдлийг энэ нь ганхуулж эхлэв. Чухам эндээс хожмоо АН-ын хамгийн том фракц болох учиртай Соцдекүүдээр гол болгосон “Алтан гадас” фракц үүсэв.

М.Энхсайхан нэгэнтээ улс төрийг уртын зайн гүйлт хэмээсэн. Энэ үед тэрбээр тэргүүн эгнээнд гүйж явлаа. Тэрбээр 2004 оны сонгуульд тун зоримог шийдвэр гаргаж, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын намд харьцангуй олон тойрог хуваарилсан нь АН-ын хагарлыг улам түргэсгэв.

Сонгуульд МАХН 36, Ардчилсан Нам, Эх орон намын “Эх орон-Ардчилал” эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын 3 гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдов. Эх орон намынханд тойргоо алдсан гишүүд бие даан нэр дэвших үед АН-аас хөөж байлаа. МАХН-тай хийсэн зөвшилцлийн дагуу Ц.Элбэгдорж Засгийн газрыг толгойлох болсон ч, намын дотоод эв нэгдэл хэдийнэ алдагдчихаад байлаа.

М.Энхсайхан огцрохоо мэдэж байсан ч Турк явж, эзгүй хойгуур нь ҮЗХ түүнийг огцруулж, Р.Гончигдоржийг намын даргаар сонгов. “Эх орон ардчилал” эвсэл тарж, М.Энхсайханыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тохиролцоогоор хүрч байж л асуудал түр намжин. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа М.Энхсайхан өөрийн тойрон хүрээллийнхнээ дагуулан АН-аас гарсан билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-ын тэн хагас нь нэр дэвшигчийнхээ төлөө ор нэр төдий л ажилласан гэсэн яриа бий.

2005 он Гал унтраагч

 
Гэрэл зургийг Mpa.mn

МСДН-ын лидер асан Р.Гончигдорж, “Алтан гадас”-ын зараалаар, үндсэндээ М.Энхсайханаас тамга тэмдгээ салгаж авах зорилгоор АН-ын дарга болж, гал унтраах ажил голдуу хийгээд буусан. Р.Гончигдорж МАХН-тай дангаар нь зөвшилцөн, 62-ын гэгдэх бүдүүн бүлэг байгуулж, дэд дарга нь боллоо. Энэ нь АН-ын жирийн гишүүдийн хүсэл сонирхлоос эсрэг үйлдэл болж, намын дарга нь МАХН-ын дэд дарга юм шиг харагдаж байв. Ийм нөхцөл байдалтай тэрбээр улс төрийн томоохон хүчийг удирдах боломжгүй болсон нь ойлгомжтой.

2006 он Манлайлагч

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Элбэгдорж АН-ын дарга болов. МАХН хамтын ажиллагааны гэрээгээ зөрчин Засгийн газрыг унагасан ч Ц.Элбэгдорж намаа удирдан 2008 оны УИХ-ын сонгуульд орсон. Энэ сонгуульд АН ердөө 28 суудал авав. Сонгуулийн үр дүнд дургүйцсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал бүх нийтийг хамарсан үймээн болон хувирч, МАХН-ын байр шатан, 5 хүний амь үрэгдэв.

Хэдий “7 сарын 1”-ний хэрэг явдлаас шалтгаалан хамтарсан Засгийн газар байгуулагдсан ч намаа ялагдуулсан дарга зүй ёсоор хариуцлага хүлээсэн. Намын даргаас бууж буй Ц.Элбэгдорж жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гол нэр дэвшигч гэгдэж байв. Тэр нь ч батлагдаж Ц.Элбэгдорж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг ялав. 

2008 он Ялагч

 
Гэрэл зургийг Mpa.mn

МСДН болон 2000 онд нэгдэн байгуулагдсан АН-д аль алинд нь генсекээр ажиллаж, “Мөнхийн генсек” хочтой болсон Н.Алтанхуяг намын даргаар сонгогдов. ҮЗХ дээр тэрбээр З.Энхболдыг тун ойрхон саналаар ялсан. Н.Алтанхуяг АН-ын даргаар хамгийн олон жил буюу тасралтгүй зургаан жил ажиллахдаа хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан.

Түүнчлэн 2012 онд АН нэгдсэнээсээ хойш хамгийн олон буюу 34 суудал УИХ-д авч, эвсэл байгуулан төрийн эрх барих болсон. АН-ын орон нутагт, ялангуяа нийслэлд байгуулсан анхны ялалт ч түүнд хамаарна. Байсхийгээд л даргаараа оролддог, тэр нь даамжраад намыг хагалдаг байдал Н.Алтанхуягийн үед намжсан ч АН-ын дотоод фракцууд нам доторх нам болтлоо хүчирхэгжив.

Чухам энэ нөхцөл байдал түүнийг 2014 онд намын нөхдийн оролцоотойгоор танхимынх нь хамт огцруулахад хүргэсэн. Нам нэгдмэл хүчээр дэмжихгүй нь тодорхой болсон учраас Н.Алтанхуяг намын даргаасаа сайн дураар огцров.

2014 он Ялагдагч

 
Гэрэл зургийг Mpa.mn

Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн “Шонхор” фракцын лидер, АН-ын дунд үеийн төлөөлөгчдийн нэг З.Энхболд даргаар сонгогдов. Н.Алтанхуягаас тамга гардахдаа түүний хэлсэн “Ялалтын буухиаг үргэлжлүүлнэ” хэмээх амлалт хэрэгжээгүй. Намын даргаар сонгогдсоноосоо хойш ҮЗХ-гоо ч тоотойхон хуралдуулж чадсан З.Энхболдын баг 2016 оны УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээж, УИХ-д ердөө 9 суудалтай болов.

Тэр намын даргын суудлаа өгөхөө мэдэгдсэн ч процесс өнөөдрийг хүртэл үргэлжилсээр, тэр намын дарга хэвээр байна. З.Энхболд хэдийгээр 2008 оноос хойш АН-ын дарга болох амбиц, байр суурьтай явж ирсэн ч хүссэн суудалдаа суугаад тодорхой үр дүн гаргаж чадсангүй. Бүтээмжийн хувьд түүнийг 2005-2006 онд ажилласан Р.Гончигдоржтой зүйрлэж болмоор.

2017 он Сунгааны магнай

 
Гэрэл зургийг Mpa.mn

2016 оны 12 дугаар сарын 06-нд хуралдсан АН-ын VI их хурлаас намын даргаа орон даяар сунгаа явуулж сонгохоор шийдэв. Уг сунгааны талаар “Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн энэ дугаарт тусгай нийтлэл хэвлэгдэж байна.

40 хоногийн хугацаанд үргэлжилсэн АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр болж өндөрлөсөн. Энэ удаагийн сунгаанд УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нийт сонгогчдоосоо 2,928.92 оноог авч ялалт байгуулсан. Түүнтэй өрсөлдсөн Н.Алтанхуяг 2,033, Л.Гантөмөр 1,417.83, Ж.Батзандан 1,110 оноо авсан бол Д.Эрдэнэбат 857.22 оноог тус тус авчээ.

Ирэх хоёрдугаар сарын 12-нд болох АН-ын VII их хурлаар тэрбээр намын даргын албаа албан ёсоор хүлээн авна. Сунгааны магнай улс төрийн манлайлагч байж чадах эсэхийг ойрх цаг хугацаа харуулах биз ээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.