Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сараагийн “Аргагүй амраг”-тай өнгөрүүлсэн үдэш саак байлаа

Э.Туул
2017 оны 2 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

16-хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлж байсан дуучин Б.Сарантуяа Монголын рок поп урлагт аль хэдийнэ орон зайгаа эзлэж, 30 жилийн түүхийг бүтээж чаджээ.

Мөн тэрбээр Монголын рок поп урлагт анхны гэх тодотголтой олон шинэчлэлийг авчирсан нэгэн. Тэрбээр урлагт зүтгэсний 10 жилийн ойгоо 1996 онд тэмдэглэж байсан төдийгүй “Аргагүй амраг” хэмээх этник цомгоо өлгийдөн авч, цомгийн баяраа Сингапурт тэмдэглэж байв.

Монголын рок поп урлагт 20 жилийн өмнө тэсрэлт хийсэн “Аргагүй амраг” цомогт этник ардын дуунуудаас гадна поп хатагтайн “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи”, “Супермэн” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсанаараа тухайн цаг үедээ ч хэн дуртай нь олж авч чадаагүй нандин эд байсан гэдэгтэй санал нийлэх биз ээ. Түүний уянгалаг бөгөөд хүчтэй хоолойгоор сонсогч фэнүүдийнх нь сонорт хүрсэн олон сайхан уран бүтээлийнх нь дээжис эдүгээгээс 20 жилийн өмнө эгшиглэж байсан “Аргагүй амраг” этник тоглолтод нь дуулагдаж байв.

Тиймдээ ч 20 жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оо  задалж, 20 жилийн өмнөх тэр л үед фэнүүдийгээ урин залсан юм. XX зууны манлай дуучин, 30 жил тайз эзэгнэсэн энэ л эрхэмсэг хатагтай алдарт “Аргагүй амраг”-аа дахин сэргээхдээ гэгээн хайрын баярыг тохиолдуулан, ганцхан удаа “Корпорэйт” зочид буудлын “Corporate convention center”-т энэ сарын 10-нд дахин тоглолоо.

Монголчууд хошин шогийн тоглолтоос өөр үзэх үзвэргүй, уйдаж залхаад байгаа энэ үед поп хатагтайн “Аргагүй амраг” ёстой л цаг үеэ мэдэрч чадсан гэхэд болно. Яг үнэндээ Б.Сараагийн фэнүүд хамгийн азтай нь. 30 жил тасралтгүй уран бүтээл хийсэн, зүгээр суудаггүй, жил бүр тоглолт хийдэг түүн шиг дуучин үгүй гэвэл хэтрүүлсэн болохгүй. Аргагүй л “юугаар баян, түүгээрээ дайлна” гэгчээр хэдий СТӨ-ний дэд захирал болсон ч хажуугаар нь уран бүтээлээ орхилгүй, үзэгч олноо уйдаадаггүй тэр хэвээрээ гялалзаж байсныг дурдах нь зүйтэй.

Тиймээс ч түүний “Аргагүй амраг”-т гал халуун фэнүүд нь хүрэлцэн ирсэн нь тэр биз. Түүний  тоглолтод хөтлөгчийн ч хэрэг алга. Тэр бол өөрөө амьд домог учраас дуу бүтсэн түүх, өөрийн сэтгэгдлээрээ л тоглолтоо амилуулж байв. Амьд хөгжмийн “Random”, үндэсний хөгжмийн “Олонхи” хамтлаг, дуучин Л.Насанбуян болон ЦДБЭЧ-ын бүжигчид, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нар ч түүний тоглолтод хүрэлцэн ирж, поп хатагтайтай нэгэн үдшийг өнгөрүүлсэн юм.

Тэрбээр “Аргагүй амраг” цомогт багтсан “Ихэр саран”, “Салхины хээ”, “Миний ээж тэмээчин” дуунуудаасаа гадна “Олонхи” хамтлагийнхантай хамтран бүтээсэн “Зоргоороо амраг”, ятгын дөрвөлтэй хамтран дуулсан бүтээлүүд, “Random” хамтлагийн гитарчин, дуучин Чойжоотой хамтарсан “Хаврын ганц улиас” зэрэг олон сайхан бүтээл нь энэ үдэш эгшиглэсэн нь фэнүүдийнх нь сэтгэлийг хөдөлгөж байв.

Алдарт “Хайрын бурхан”, “Сэхүүн салхи” мэндэлсэн “Аргагүй амраг” концерт Сараагийн фэнүүдийн дурсамжийг ёстой л нэг хөглөлөө.
Түүнийг эргэлзээгүйгээр Монголын урлагт тодорсон од гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрдөг.

Хоолойн чадлаас гадна дууны дотоод гоо сайхныг мэдэрч, илэрхийлдгээрээ урлагийн томчуудаас өндөр үнэлгээ авдаг Б.Сарантуяагийн “Аргагүй амраг” дахин сэтгэлд хоногшин үлдлээ. Түүний нэгэн цагт “Удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж тайзан дээр уран бүтээл тоглогдоно гэдэг маш хэцүү.

Байнга тайзан дээр дуулахгүй ч миний хувьд фэнүүдийнхээ хүсэн хүлээсэн хүсэмжит дуучин байхын төлөө зүтгэсэн. Эргээд харахад 30 жилд 21 цомог гаргасан байна. Дайнд гавьяа байгуулаад ирсэн цэрэг одон медалиудаа энгэртээ шажигнуулдаг бол би цомгуудаа шажигнуулж, өөрөөрөө бахархмаар байна” гэж байсан нь эдүгээ биеллээ олжээ. Тэр бол аргагүй л зууны манлай, зоргоороо бүсгүй юм даа.

Зураг