Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Монгол", МАК хоёр хамтарсан компани байгуулна

Б.Ану
2017 оны 2 сарын 12
iKon.MN
 

Уул уурхай эрдэс баялгийн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулж, "Эрдэнэс Монгол" ХХК, "Монголын Алт" корпораци (МАК) хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болох ажээ.

Тус хамтарсан компанийг байгуулснаар хайгуул, судалгааны ажил хийгдсэн болон хийгдээгүй эрдсийн хуримтлал бүхий талбайд геологи, уул уурхайн эрэл, хайгуул судалгаа, олборлолт, баяжуулалт болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах юм байна.

Хоёр компанийн гарын үсэг зураг ёслол ирэх Даваа гарагт болох талаар  "Эрдэнэс Монгол" компаниас мэдээллээ. 

"Эрдэнэс Монгол" ХХК  нь дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг. 

Түүнчлэн “Гашуун сухайт авто зам” ХХК, “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК зэрэг компаниудыг бүрэлдэхүүндээ багтаагаад буй.

Харин МАК нь Монгол Улсын тэргүүлэх компаниудын нэг юм. Тус компани нь уул уурхай, барилгын материалын төсөл болон үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгө зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.