Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчид дүн тавих "Ардын эксперт"-үүдийг сонгож эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юу хийсэн бэ. Найман жил тасралтгүй Монгол төрийг тэргүүлж буй түүний хийсэн ажил, гүйцэтгэсэн үүрэг, гаргасан санаачилга мэдээж олон.

Хуулиараа энэ бүхнийгээ УИХ-д тайлагнадаг ч жирийн иргэдийн оролцоо энд байхгүй байсаар ирсэн.

Иймээс ч Монголын Медиа Корпорациас “Ардын үг” аяныг зохион байгуулж, иргэн танд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажилд дүн тавих боломжийг олгох гэж байна.

“Зөвшилцсөнөөс зөвлөлдсөн нь дээр” уриан дор хэрэгжүүлдэг “Ардын үг” аян бол сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтны хийсэн ажил, амлалт, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг иргэдээр хэлэлцүүлж, үнэлүүлж, эрүүл, бодитой дүн тавиулдаг.

Хамгийн анх говийн бүсийн аймгуудыг төлөөлүүлж Дорноговь аймгийн иргэдээр нутгийн удирдлагууд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймаг, орон нутагтаа юу хийж хэрэгжүүлсэн болон мөрийн хөтөлбөрөө хангалттай сайн биелүүлсэн эсэхэд дүн тавиулсан юм.

Түүний дараа нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн удирдлагууд, төрийн өндөр албан тушаалтнуудын хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг сонгогч, иргэдээр нь хэлэлцүүлсэн.

Харин одоо “Ардын үг” аянаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачлага зэргийг ард иргэдээр хэлэлцүүлж, дүн тавиулахаар боллоо.

Ерөнхийлөгчийн хувьд найман жилийн турш Монгол Улсын төрийн тэргүүнээр ажилласан. Мөн Монголын нийт ард түмнээс хоёр удаа сонгогдсон тул “Ардын үг” тэр хэрээрээ өргөснө гэсэн үг юм.

Гэхдээ Монгол Улсын бүх иргэнийг оролцуулах нь цаг хугацааны болон нөхцөлболомжийн хувьд боломжгүй. Тиймээс урьдын адил хөндлөнгийн, хараат бус “МЕК” судалгааны байгууллагатай хамтран ажиллаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санамсаргүй түүврийн “Киш Грид”-ын аргаар 450 иргэнийг сонгож авахаар болсон юм. Сонгогдсон 450 хүн нь Монгол Улсын иргэдийг хүн ам зүйн, нас, нийгмийн байдлын хувьд бүрэн төлөөлж чадахуйц байх юм.

Өөрөөр хэлбэл, 450 гэдэг тоо нь социологийн аргачлалаараа хүн амыг бүрэн төлөөлөх түүвэр бөгөөд 95 хувийн итгэлцэлтэй, таван хувийн алдааны магадлалтай үр дүн гаргах хэмжээний түүвэр юм.

Түүврээр сонгогдож, зөвлөлдөх санал асуулгын урилгыг хүлээн авсан иргэнийг "Ардын эксперт" болгох бөгөөд тэд зөвлөлдөх санал асуулгын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсож, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авна.

Ингэснээр Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын талаар тодорхой мэдээлэл авч чадах бөгөөд мэдээлэлжсэн иргэд асуудалд оновчтой, ул суурьтай хандах нь тодорхой юм.

Харин түүний дараа сонгогдсон “Ардын эксперт”-үүд Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд багтсан асуудлуудыг хэлэлцэнэ. Ингэж хэлэлцэхдээ жижиг бүлгүүдэд хуваагдан, тайлан тавьсан албан тушаалтан болон эсрэг санаа бодол бүхий нийгмийн бүлэглэлүүдээс асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлтээ гаргах юм.

Товчхондоо ийм. Тэгвэл санамсаргүй түүврийн аргаар 450 иргэнийг “МЕК” судалгааны байгууллага хэдийнээ сонгох ажилдаа ороод байгаа юм. Түүнээс төлөөлөл болгон Хан-Уул дүүргийн IX хорооноос “Ардын эксперт”-ээр сонгогдох боломжтой түүвэр судалгаанд хамрагдсан гурван иргэний гэрт очиж, “Ардын үг” зөвлөлдөх аяны талаар ярилцсан юм.

 

Бидний эхний очсон айл бол Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн С.Дамдиндоржийнх. Түүний хувьд гэргий, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хүүхдүүдийнх нь хоёр нь оюутан. Гэргий нь групт байдаг бол С.Дамдиндорж нүүрсний наймаа эрхэлдэг гэдгээ хэлсэн юм.

С.Дамдиндорж Монголын медиа корпорацийн санаачилсан “Ардын үг” зөвлөлдөх аяныг маш зөв санаачлага гэдгээ хэлж, зөвлөлдөх хэлэлүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн хийсэн ажилд өөрийн дүнг тавина гэдгээ онцолсон юм.  “Ардын үг” хэлэлцүүлгийн түүвэр судалгаанд хамрагдсан дараагийн хүн бол мөн хорооны иргэн Д.Гантуяа.

Д.Гантуяагийн хувьд бага насны гурван хүүхдийн эх. Тэрээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажил, санаачлагын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж авдаг гэдгээ хэлж байв. Тиймээс ч боломж олдвол Ерөнхийлөгчийн ажлын талаархи илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, зөвлөлдөх хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож өөрийн байр сууриа илэрхийлнэ гэдгээ дуулгалаа.

 

Хан-Уул дүүргийн IX хороог төлөөлөн “Ардын үг” зөвлөлдөх санал асуулга, уулзалт хэлэлцүүлэгт оролцох түүвэрт сонгогдсон гурав дахь иргэн бол өндөр настан Д.Сайнбилэг.

Биднийг гэрт нь ороход оёдлын машин дээрээ шинэ дээл эсгэж байсан юм. Түүний хувьд цагаан сарын баярт зориулан дээл оёж байгаа аж. “Ардын эксперт”-ээр сонгогдвол хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно гэдгээ тэрээр илэрхийлэв.

 

“Ардын үг” зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг Сар шинийн баярын өмнө болно. Зөвлөлдөх хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хугацаа буюу найман жилийн ажлын тайланг танилцуулж, иргэд жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэх бөгөөд дүнгээ нууцаар гаргах юм.  Харин “Ардын эксперт”-үүд хэрхэн дүгнэж, ямар дүн тавих бол?

Зөвлөлдөх Ардчилал гэж юу вэ?

Онолын хувьд шууд ардчилал, төлөөллийн ардчилал, элит ардчилал, зөвлөлдөх ардчилал гэсэн ардчиллын дөрвөн хэлбэр байдаг. Дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж, сонгуулийн идэвх жилээс жилд суларч буй зэрэг хүндрэлүүдийн зөв шийдэл нь иргэдийн оролцоо, тэдний санаа бодол, үнэлгээ болж байна.

Тухайлбал, дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршиж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэлэлцэхэд түлхүү ашиглаж байна.

Учир нь Зөвлөлдөх ардчилал нь мэдээлэлжсэн иргэдийн ул суурьтай хэлэлцүүлгээр бодитой үнэлгээ гаргаж, шийдвэр гаргалтыг бодитой, урт настай, иргэдийн дэмжлэгтэй болгодог орчин үеийн аргачлал юм.

Ийнхүү дэлхийн олон улсууд Зөвлөлдөхийг эрхэмлэх болсон бөгөөд бид ч гэсэн "Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр" уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхийг зорьж байна.

Монголд хамгийн анх Улаанбаатар хотын удирдлагууд Зөвлөлдөх санал асуулгыг хэрэгжүүлж, ойрын үед хэрэгжүүлэх 14 том төсөл, хөтөлбөрийг иргэдээр эрэмбэлүүлж, хэрэгжүүлэх хугацааг тогтоолгон, ач холбогдлыг үнэлүүлж байсан удаатай.

Мөн Монголын медиа корпорацийн санаачилгаар Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүрэгт Зөвлөлдөх аяныг амжилттай зохион байгуулсан туршлагатай билээ.

Монголын медиа корпораци Зөвлөлдөх ардчиллыг олон нийтийн үйлс, ардчиллын шинэ давлагаа болгон дэлгэрүүлэх, хэм хэмжээ болгон төлөвшүүлэхийн тулд “Ардын үг” зөвлөлдөх аяныг цаашид ч тодорхой асуудлуудаар орон даяар өрнүүлсээр байх болно.