Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмлүүн: Мянга мянган маргаашийг харах итгэл өгөхийг зорьсон

Зууны мэдээ
2017 оны 2 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

"Space" энтертайментийн захирал, Баатар баримтат киноны ерөнхий продюсер Э.Тэмлүүнийг “Өөр мэдээ” булангийн зочноор урилаа.

-Уран бүтээлийн багаа танилцуулахгүй юу?

-"Space" энтертаймент нь 40 гаруй залуу уран бүтээлчдийн нэгдэл. Дизайнерууд, make uk artist, хувцас болон валл артист, хэвлэлийн дизайнерууд бий. Зургийг Лос Анжелесийн академийг зураглаачийн чиглэлээр сургууль төгссөн Б.Галдбадрах авсан. Зургийн найруулагчаар "48 цаг” кино наадмын гран при шагналт уран бүтээлч Г.Бат-Ирээдүй хийсэн бол киноны хөтлөгч жүжигчнээр Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг ах ажилласан байгаа.

Мэдээж 40 гаруй залуучуудын 70 орчим хувь нь гадаадад сургууль төгссөн мэргэжлийн уран бүтээлч. Зарим нь Холливудын хэд хэдэн кинонд ажилласан туршлагатай учраас харьцангуй шинэлэг бүтээл төрөх болов уу.

-Анх хэрхэн нэгдэж байсан бэ. Магадгүй юу хийсэн бэ гэж асуух хүмүүс цөөнгүй таардаг байх? 

-Анх залуу уран бүтээлчдийн Спэйс нэртэй клуб байсан. Ихэнх нь мэргэжлийнхээ хүрээлэлд танигдсан байлаа. Манай клубт тайзны гэхээсээ илүүтэй тайз, дэлгэцийн арын уран бүтээлчид багтдаг байсан. Тэр ч утгаараа компани болоход тэр бүрэлдэхүүнээрээ шилжсэн. Маш олон төсөл дээр ажилласан.

Хувийн байгууллагаас эхлээд улсын хэмжээний арга хэмжээ зохион байгуулсан. Манай компани видео, дизайн, уран бүтээлчид, хэвлэл мэдээлэл гэсэн дөрвөн хэсэгт хуваагдаж ажилладаг. Товч дурдахад KFC, Төрийн банкны реклам, Жеймс Бонд цувралын спектерийн нээлт, Шангрилла Халловейн шоуны тайз декорац, Сэнгүр вайт, ЗУ клубын реклам гэх мэт маш олон жижиг болон томоохон энтертаймент ажлуудыг гүйцэтгэсэн.

-"Space" энтертаймент бусдаас юугаараа онцлогтой вэ?

-Full entertainment service буюу бүх төрлийн энтертаймент үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь захиалагчид маш олон давуу тал болдог гэх үү дээ. Бид өөрсдөө уран бүтээл хийхэд ч чамгүй том давуу тал болдог шүү. Чамд реклам хэрэгтэй боллоо гэж бодъё. Студи, модель олно, найруулга зохиол бичүүлнэ, хөгжим хүртэл зохиолгох хэрэг гарвал дахиад л хөгжмөө өөр хувь уран бүтээлч эсвэл студид хандах шаардлага гардаг.

Тэгвэл эдгээр бүх асуудлыг манай энтертаймент дангаараа шийдэх боломжтой. Үүгээрээ онцлогтой. Мөн нэг зүйлийг орхигдуулж болохгүй. Мэргэжлийн уран бүтээлчид гэдэг утгаараа нэг ч зүйлийг хуулж ашигладаггүй. Энэ бол бидний хамгийн том онцлог. Үүгээрээ ч бахархдаг.

-“Баатар” баримтат киноны тухай, киноны гол дүрийн тухай сонирхуулбал?

-Киноны сэдвийг анх Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан захирал санал болгосон. Мөн холбооны гишүүн Д.Хүрэлбаатар ахыг бидэнтэй анх уулзуулсан юм. Ингэж “Баатар” баримтат кино анхны алхмаа хийсэн дээ.

-Яагаад заавал “Баатар” гэж..?

-“Баатар” гэхээр залуучууд Марвелийн “Халк", “Хүн аалз”-ыг баатар гэж нэрлэх болов уу...эсвэл олимп тив дэлхийн аваргуудыг нэрлэх байх. Гэхдээ бидний өгөх гээд байгаа мессеж бол та ямар нэгэн байдлаар баатар байж болно. Хүүхэдтэй бол хүүхдийнхээ, найз нөхдийнхөө хувьд баатар байж болно.

Яагаад энгийн амьдрал дээр баатар байдаггүй юм бэ гэх өнцгийг харж хог ухдаг, гадуурхагдаад орхигдсон тэр хүмүүстэй очиж уулзан зураг авалт хийсэн. Тэр амьдралаас урган гарч ирсэн ялагч маань Д.Xүpэлбaaтap ах юм. Хүрлээ гэдэг хүнээс анх би “Та ичихгүй байна уу” гэж асуусан юм. Яагаад гэвэл хэрэв би хог түүдэг, архичин, шуудай үүрдэг хүн байсан бол ичнэ.

Харин надад юу гэж хариулсан бэ гэхээр "Миний дүү ах нь согтуу шавар шалбааг дунд хэвтэж байхад миний нүүрэн дээр хүмүүс гишгэлж байхдаа ичээгүй хэр нь одоо би тийм амьдралаас гарсныхаа дараа ичихгүй” гэж хариулсан юм. Хүрлээ ахтай ярилцаад сууж байхад бас нэг зүйлийг надад хэзээ ч мартахааргүй үлдээсэн нь хүн бол сэтгэлийн амьтан гэдгийг. Жаахан л сэтгэлийн дэм өгч чадвал чи ямар ч хүний амьдралыг өөрчилж болно гэдгийг ойлгуулсан. 

-Нийгэм таны бодсоноос өөр өнцгөөр харах болов уу?

-Тэдгээр хүмүүсийг буруутгаж, хажуугаар нь гарахаас ч зайлсхийдэг. Магадгүй зарим ойворгон нөхдүүд хөөж есөн зүйлээр хараасныгаа баатар мэтээр ярих нь ч элбэг тохиолдоно. Гэвч энэ хүмүүс хэн нэгнээс нэг ч удаа хувцас хоол гуйгаагүй. Талбай дээр жагсаал цуглаагүй нийгмийн бүлэг үлдсэнгүй.

Улстөрчдийн тухай ярих ч хэрэггүй, юм л бол жагсдаг. Өлсгөлөн зарладаг болчихож. Гэхдээ нийгмээс шахагдсан энэ бүлэг жагсах нь битгий хэл өлсөж байна, хөлдөж үхлээ гэж ганц ч ган хийгээгүй. Түүнийх нь төлөө төр ч мартаж, бид ч золбин нохойноос дорд үздэг болжээ. Энэ бүлэг хүмүүсийг улсаас 300 гаруй хүн гэж тоолсон байдаг ч нэг дүүргийн хоёр дахь түүхий эд авдаг цэгүүдэд хог тушаадаг өөрөөр хэлбэл үйлчлүүлдэг үйлүүлэгчдийн тоо 3,000 хүн байдаг. Есөн дүүргээр бодоход 20 мянга хол давсан тоо гарна.

Хүрэлбаатар ахаас “Та нар чинь өөрсдөө болдоггүй юм биш үү” гэж асуухад “Үгүй дээ, нийгэм өөрсдөө биднийг тусгаарладаг. Бид дэлгүүр ороод талх худалдаж авах эрх байдаггүй. Яагаад гэвэл наад архичин чинь юу хулгай хийх гэж байна. Наадахаа гарга, хөө гэдэг. Гудамжаар зүгээр л алхаж байхад өөдөөс ирж буй хүмүүс биднийг тойрч гардаг. Бид нийгмээсээ тусгаарлагдаад байгаа юм биш. Нийгэм биднийг тусгаарлачихдаг.

Бид Сүхбаатарын талбайгаар явахаас айдаг. Уг нь монгол хүн бүр эрх чөлөөтэй тэр талбайгаар алхах эрхтэй. Гэхдээ бид тэр газраар явахаас айдаг. Яагаад гэвэл биднийг харж буй хүмүүс нөгөө хулгайч чинь явж байна, нөгөө архичин чинь явж байна гэж хардаг. Хүн дээрэмдэх нь битгий хэл бид чинь хоол ундгүй өчнөөн олон өдөр явчихсан хөл дээрээ тогтоход ч хүнд үе гардаг.

Хүн жаахан түлхэхэд унахад бэлэн хүн яаж хүн дээрэлхэж, зодож цохиж чадахав дээ” гэж билээ. Энэ миний буруу гэж хүний нүд рүү эгцэлж харж чадахаа больсон байдаг юм билээ.

-Киноны онцлог, уран сайхны талаас яривал?

-Бид баримтат кино жанрт шинэ өнцөг гаргахыг оролдсон. Уран сайхны найруулга орсон ч уран сайхны зохиол биш. Бодит хүний баримтат кино. Хар бараан ертөнцөд ч гэрэл бий, бидний зугтахыг оролддог тэдгээр хүмүүст ч жаргал бий гэдгийг уран бүтээлчдийн зүгээс гаргахыг хичээж ажилласан.

Залуучуудаараа бахархаад байгаа нэг зүйл нь бид ямар ч зүйл хуулж тавиагүй, дуу, зохиол хуулбарлаагүй. Бүх зүйлийг кино зураг авалтдаа зориулан хийсэн. Кино зураг авалт маань дөрвөн cap явсан. Дөнгөж эхэлж байгаа бизнес учир бид өөрсдийн боломжоор зөвхөн уран бүтээл хийе гэсэн сэтгэлээр хийж байгаа.

Бид чинь эхлэлийн төвшинд яваа дан залуу уран бүтээлчдээс бүрдсэн компани. Шууд хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй камер авч чадахгүй. Манай компьютер хүчин чадал нь гүйцэхгүй. Гол дүрсээ Cannon 5D mark 3 болон Sony-oop авсан. Гэхдээ техникээр зодож хийгээд олон улсын стандартад хүрдэг гэх ойлголтоос бид салах хэрэгтэй.

Ямар ч уран бүтээлч юуг ч ашиглаад бүтээл хийж чаддаг байх чадварыг эзэмших ёстой. Дэлхийн томоохон зураглаачдыг ч үүндээ дурдаж болно. Тэдэнд сайн тоног төхөөрөмж байх нь сайн гэхдээ уран бүтээлч чадваргүй бол ямар ч бүтээлийг амьдруулж чадахгүй. Хамгийн чухал нь бүтээл хийж чадах нь чухал гэж үзсэн учраас бид техник тоног төхөөрөмж мөнгөнд баригдаж ажиллаагүй.

-Киног нийтийн хүртээл болгох уу?

-Энэ талаар бодож байгаа.

-Ашгийн бус л гэх юм. Тийм боломж өнөө үед байгаа гэж үү..?

-Хүнд шүү /Инээв/. Ашгийн бус кино бүтээхэд хүнд гэдгийг нуухгүй. Мэдээж ашгийн төслүүд ч хийхээр төлөвлөсөн. Уран бүтээлчид маань гэртээ талхтай орох хэрэгтэй шүү дээ. Хүний тоо олон учраас компани илүү мэрийлттэй ажиллах ёстой гэсэн үг. Тиймээс бүгдээрээ хичээж л явна.

-Эхний ээлжинд ямар бүлгийнхэнд үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Хамгийн түрүүнд нэрийг нь хэлэхээс зайлсхийдэг тэр газарт амьдардаг хүмүүс магадгүй “бид нийгэм дээр гараад юу хийх юм бэ?” гэж бодож байгаа байх. Судалгаагаар тэдгээр хүмүүсийн 80 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байдаг байна.

Тэр хүмүүст чамд мянга мянган маргааш байгаа. Битгий сэтгэлээр унаарай гэсэн мессэжийг өгөхийг зорьсон. Хүүхдийн хорих байна. Бид муу талаас нь тэр хүмүүсийг харж болох ч тэр хүнд жоохон ч гэсэн цагаан өнгө байгаа гэдэгт найдаж байна. Эхчүүд, хүүхдүүд, хүүхдийн асрамжийн газарт үзүүлсэн байхад масс бидэнд үзүүлсэнгүй гэх нь бидэнд хамаагүй. Гэхдээ мэдээж масс үзэгчдэдээ ч үзүүлэхийг хичээнэ ээ.

- Олон улсын кино наадамд энэ киногоороо оролцох уу?

-Олон улсын кино наадамд сойно. Гэхдээ зохиол нь их хүнд бичигдсэн. Хүний дотоод ертөнц рүү чиглэсэн. Мөн монгол хэл их баялаг учир киног англи хэл рүү хөрвүүлнэ гэдэг хүнд ажил. Орчуулган дээр Америкт сургууль төгссөн дөрвөн залуу ажиллаж энэ сарын 16 гэхэд нээлтээ хийхдээ хадмал орчуулгатай байхаар төлөвлөсөн. Хадмал орчуулга амархан юм шиг харагддаг ч монгол үгийн баялгийг англи хэл рүү хөрвүүлнэ гэдэг хүнд шүү дээ.

Зураг