Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс ОУВС-аас 440 сая ам.долларын зээл авна"

Б.Төрбат
2017 оны 2 сарын 10
MorninigNews.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Монгол Улсад Олон улсын валютын сангийнхан ирчихсэн ид ажиллаж байна. Та УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга. Асуудал хаашаа эргэх нь вэ. Нааштай үр дүн гарах нь уу?

-Олон улсын валютын сантай гэрээ, хэлцэл хийсэн. Тэрхүү ажил маань үргэлжилж байна. Тэдэнтэй харилцан ойлголцох түвшинд өрнөж байна. 

-Та тэдэнтэй биечлэн уулзав уу?

-Өнөөдөр /өчигдөр/ тэдэнтэй уулзлаа. 

-Тэдний зүгээс ямар шаардлагыг тавьж байна вэ?

-Бодлогын том, том алдаа болон эдийн засагт сөрөг үр дүнг авч ирсэн зүйлээ засах талаар л ярьж байна. 

-Тухайлбал?

-Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл байна. Өнгөрсөн дөрвөн жил энэхүү банкнаас босгосон бондтой холбоотой асуудал дээр том алдаа гарсан. Тиймээс л өнөөдөр Монгол Улс өрөнд орчихсон байна шүү дээ. Бас хэзээ яаж хэрэгжүүлэх нь мэдэгдэхгүй зээлийн асуудал байна. Гол нь энэхүү банкны хуулийг илүү сайжруулж, олон улсын хуультай нийцүүлэх нь зөв.

Энэхүү хуульд Банкны тухай хуулийг үйлчлүүлдэг болох, аливаа эрсдэлийг бууруулах арга хэмжээг авах, менежмент нь хараат бус байх тал дээр анхаарах зэрэг саналыг оруулж ирж байна. Мөн улсын Төсвийн тухай хуульд Засгийн газар баталгаа гаргачихсан тохиолдолд УИХ дээр хэлэлцэж байх ёстой гэх зарчмын асуудлыг тавьж байна. 

-Тийм боломж бий юу?

-Бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Олон улсын валютын сангаас төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр тодорхой санал, хэлцлийг ярих байх. Жишээлбэл, орлогыг яаж нэмэх, алдагдлыг яаж бууруулах зэрэг асуудлыг хөндөж байна. Түүнчлэн бүтцийн өөрчлөлттэй холбоотой зүйлийг ч ярьж байгаа гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл, Олон улсын валютын сангаас Монгол Улсыг эдийн засгийн хямралаас богино хугацаанд гаргах арга хэмжээг хамтарч хэрэгжүүлье гэсэн л зүйлийг ярьж байна. Мэдээж амаргүй. Гэхдээ зарим зүйлийг нь тэднээр хэлүүлээд байхгүйгээр өөрсдөө хийчих заалт бий л дээ. 

-Олон улсын валютын сангаас бүтцийн өөрчлөлттэй холбоотой шаардлагыг тавьж байгаа гэлээ. Төрийн албан хаагчдын тоог багасгана гэсэн үг үү?

-Үгүй. Тэдэнд тэгж хэлэх эрх байхгүй шүү дээ. 

-Тэгвэл бүтцийн өөрчлөлт гэдэг нь юуг хэлээд байна вэ?

-Бүтцийн өөрчлөлт гэдэг нь Хөгжлийн банкны тухай хуулиуд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүтцэд нөлөө үзүүлэхүйц өөрчлөлт байна. Өнгөрсөн хугацаанд Монголбанк 7.7 их наяд төгрөгийг хэвлээд тараачихлаа. Тэр зүйлийг дахин давтахгүй байхаар холбогдох хуульд нь өөрчлөлт оруулах гэх мэт. Өнгөрсөн хугацаанд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхүйц зүйлийг болохгүй гэх өөрчлөлтийг л хөндөж байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ хэлэлцээр бол үргэлжилж байгаа шүү.

-Гэхдээ Олон улсын валютын сангаас энэ удаагийн зээлд хамрагдах боломжгүй гэх тайлбарыг өгсөн юм биш үү?

-Би дөнгөж сая л тэдэнтэй уулзлаа. Ярьж байгаа зүйлийг нь сая хэллээ. Ямар нэгэн тааламжгүй мэдээ бол хэлсэнгүй. Олон улсын валютын сантай хөтөлбөр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ тухайгаа ч тэдэнд хэлсэн. Гайгүй байх л гэж бодож байна. 

-Засгийн газар нэгдсэн ойлголтод хүрсэн үү. Учир нь, Монголбанк болон Сангийн яамнаас өөр, өөр тайлбарыг хэлж байна. Гэтэл та бас л өөр зүйлийг ярьж байна шүү дээ?

-Ямар асуудалд билээ.

-Гадаад өр төлөлтийн асуудалд. Нэгдсэн бодлого, чиг байхгүй хэрэг үү?

-Ирэх сард төлөх 580 сая ам.долларын асуудлыг хэлж байх шиг байна. Яаж төлөх вэ гэдэгт нэг, хоёр, гурав гээд ирүүлчихсэн жагсаалт одоохондоо алга. 

-Ирэх сараас төлөх өрийг яах вэ. Бүтнээр нь үү, хувааж төлөх юм уу. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Яг одоогоор албан ёсоор ирсэн мэдээлэл алга. 

-Засгийн газраас ямар байдлаар төлөх вэ гэдэг тооцооллыг гаргаагүй гэсэн үг үү?

-Тэднийг өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Тооцоолол байж магадгүй. 

-Өөрөөр хэлбэл, гишүүдэд нэгдсэн мэдээлэл нь ирээгүй байх нь ээ?

-Би УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргынхаа хувьд л тийм зүйл ирээгүй байна гэдгийг л хэллээ. 

-Ингэхэд Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдлаа гэхэд өгсөн мөнгийг нь өрөнд өгч болох юм уу. Энэхүү хөтөлбөрөөс ирсэн мөнгийг яг ямар, ямар зүйлд зарцуулах ёстой байдаг юм. Тодорхой заалт бий юу?

-Бид өндөр хэмжээнд хэлэлцээрийг хийж байна. Тэдний өгөх мөнгө бол төлбөрийн тэнцлийг хангахад зориулсан. Төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой. Бусад мөнгөөр нь бүтцийн өөрчлөлттэй холбоотой, улс эх орны эдийн засгийг тэтгэх зүйлд зарцуулагдах байх. 

-Ханш тогтворжуулах гэж хэллээ. Тодорхой мэдээлэл өгнө үү? 

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс олгодог мөнгө нь төлбөрийн тэнцлийг л хадгалахад зориулсан шүү дээ. Би сая хэлсэн. 

-Хэмжээ нь?

-Яг өөрийнх нь зээл л гэсэн үг. 

-Тэр нь хэд гэсэн үг вэ?

-Энэхүү сангаас аливаа нэг улсын авдаг мөнгөний хэмжээ нь тэрхүү байгууллагад төлдөг хураамж, эзэмшдэг хувьтай нь холбоотой байдаг. Тэрхүү тоогоор нь үзэх юм бол Монгол Улс ойролцоогоор 440 сая гаруй ам.доллар болох байх гэж бодож байна. 

-Хэлэлцээрийг хэзээ өндөрлөх вэ?

-Миний хувьд ирэх долоо хоног гэхэд дуусчих байх. 

-Олон улсын валютын сангийнхан энд ажиллаж байна. Гэтэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн АНУ-ыг зорьсон. Яг ямар ажлаар явсан юм бол оо, мэдсэн үү?

-Би мэдсэнгүй.

-Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж тус банкныхан үзэж байна. Гэхдээ энэхүү хуулийг батлах аваас ямар нэгэн эрсдэл бий юу?

-Олон улсын валютын сантай хийх хэлэлцээрийн нэг гол хэсэг нь Хөгжлийн банк. 

-Яагаад тэр вэ?

-Энэ их хэмжээний мөнгийг төсвөөс гаргаад явуулах гэж байна шүү дээ. Тиймээс сахилга бат, хяналт нь ямар байх зэрэг олон асуудал орж ирнэ. 

-Ингэхэд өнөөдөр намрын чуулган өндөрлөнө. Өөрсдийнхөө ажилд ямар дүн тавих вэ?

-Удаан байна. Уялдаа холбоо нь сайн биш байна. Ийм л зүйлийг би хувь гишүүнийхээ үүднээс хэлж байгаа. Гагцхүү үүнийг засчихвал хурдтай, нэг бодлогоор ажиллах боломжтой л доо. 

-Уг нь, 65-уулаа шүү дээ?

-Яах вэ, шүүмжлэл гэдэг нь ажлаа сайжруулахын л нэг хэлбэр. Аль ч эрүүл нийгэмд шүүмжлэл байх л асуудал юм

Зураг