Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Талын түмэн адуу” эвент жуулчдын сонирхлыг татаж байна

Т.Батсайхан, Зууны мэдээ
2017 оны 2 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хоёр жилийн өмнөөс Хэнтий аймгийн Батноров суманд “Талын түмэн адуу” адууны баярыг зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн баяр ирэх 18, 19-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд болох гэж байна. “Талын түмэн адуу” эвентийн ерөнхий зохион байгуулагч Э.Цэрэнбаттай ярилцлаа.

-“Талын түмэн адуу” наадмыг жуулчид сонирхож эхэлсэн байна. Энэ жил хэчнээн жуулчин ирэхээ мэдэгдээд байна вэ?

-Бидний зохион байгуулдаг эвент нь олон улсын цөөнгүй хэвлэлээр цацагдаж гадныхны анхаарлыг татаж байна. Хятадын Шинхуа, АНУ-ын “The Guardian”, Английн “Daily UK”, “Yahoo” зэрэг хэвлэл мэдээллийн сувгуудаар манай эвентийн тухай онцлон бичиж, нийтэлсэн байна.

Түүнчлэн гэрэл зурагчин Ч.Батзаяагийн шарга азарганы зураг Английн “Daily Telegraph” сэтгүүлийн 2016 оны шилдэг зургаар шалгарсан бөгөөд "weather.com”, “asiarussia.ru”, “mailon-line.com” зэрэг томоохон сайтуудад “Талын түмэн адуу” эвент арга хэмжээтэй холбоотой мэдээ мэдээлэл болон фото зургууд нийтлэгдэж дэлхий нийтэд хүрч байна. Энэ жилийн наадамд Солонгос, Франц, Швед зэрэг 10 гаруй орны 30 орчим жуулчин ирэхээ мэдэгдээд байна.

-Монгол адууны орон. Тэр ч утгаараа их сонирхолтой бахархал төрөм наадам юм. Энэ эвентийг зохион байгуулах санаа хэрхэн төрөв?

-2015 онд “Морьтон Монгол” төсөл хэрэгжиж эхэлсэн. Түүнээс ч санаа авч эвентээ зохион байгуулах болсон. Эзэн Чингис хаан дэлхийн талыг эзэлж явахад унаж явсан монгол адуу нь өнөөдөр дөрвөн саяд хүрч, нэг хүнд ногдох адууны тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна.

Бид энэ онцлогоо харуулж, мэдрүүлсэн монгол адуутай холбоотой эвент байхгүй байгаа нь энэ наадмыг зохион байгуулах шалтгаан болсон. Мөн цан хүүрэг татуулсан өвлийн морьдын сүр жавхлан ямар сайхан билээ. Энэ бүхний орон зай үгүйлэгдэж байлаа. Тиймээс, цаг үе нь таарсан сонирхолтой эвент болж байна.

-“Талын түмэн адуу” наадам маань Хэнтий аймагт болно гэж байсан. Яагаад Төв аймгийн Алтанбулагт зохион байгуулагдахаар болчихов?

-Бид Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар ажиллаж байлаа. Гэтэл малын халдварт өвчин гарсан гэх шалтгаанаар манай наадмыг зохион байгуулах боломжгүй болсон. Энэ бол олон улсын хэмжээний эвент. Бид жилийн өмнөөс дараагийн наадмынхаа төлөвлөгөөг гаргаж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд сурталчилдаг. 

Уг нь Хэнтий аймгийн Батноров сум эртнээс адууны нутаг байж ирсэн, өнөөдөр Монгол Улсын хамгийн олон адуутай сумын нэг учир адууны өлгий нутаг гэж бодож хийж эхэлсэн юм. Мөн адуучдын үнэнч анд Тайга анч нохой, Тожил хийцийн мөнгөн эмээл, хэрэгсэл гээд бусдад харуулах зүйлс ихтэй байхаас гадна улсын хошой тэргүүний Соёлын төв нь урлаг соёлын хувьд хаа газрын хүний өмнө нүүр улайхгүй байдаг зэрэг онцлогтой байлаа.

Гэтэл халдварт өвчин гарсан гэх шалтгаанаар наадам маань Төв аймгийн Алтанбулаг суманд болохоор боллоо. Энэ талаар жуулчдадаа зөвөөр ойлгуулсан байгаа. Гэхдээ бид аялал жуулчлалыг хөгжүүлэхээр салбар бүрт ярьж байна. Гэтэл ийм шийдвэрлэж болох шалтгаанаар эвентийг хаана гэдэг жаахан бүдүүлэг асуудал болсон.

-Наадмын үеэр монгол адууны соёл, зaн үйлийг сурталчилна. Ер нь юуг онцгойлон харуулахыг хүсч байна вэ?

-“Шургуу-2017” уран уургач шалгаруулах тэмцээн, “Батноров хийцийн сайхан эмээлтэй хос” шалгаруулах жагсаал, “Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгиулах тэмцээн, “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн, “Торгон тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан гэх мэт монголчуудын адуугаа таниулах, гайхуулах олон үйл ажиллагаа болно. Мөн энэ үеэр “Талын тайга нохой” тал нутгийн нохойны цэвэр цус, хөтөлгөө, уяа сойлго зэргийг шалгаруулах тэмцээн уралдаан болно.

Мөн өдрийн турш 1,000 адуун дунд морь унах, дууны тэмцээнд оролцох зэрэг бүх үйл ажиллагаанд зочдыг оролцох боломжоор хангасан нь эвентийн бас нэг онцлог болдог. Жуулчин татах хүртлээ эвент нь дотооддоо тав хүртэл жил амжилттай зохион байгуулагдаж байж олон улсаас жуулчин татаж эхэлдэг.

Харин манай эвент энэ жилээс гадаад жуулчны захиалгаа аваад эхэлсэн нь бидний хувьд том амжилт болж байна. Гадныхан өвлийн бэлчээрт буй цан татсан адуун сүрэг, адуучин залуусын хүчирхэг дүр төрх, өвлийн тал нутаг зэрэг илүү байгальлаг зүйлийг хүсч байгаагаа илэрхийлсэн.

-Өнгөрсөн оны “Талын түмэн адуу” наадмын үеэр авсан гэрэл зурагчин Ч.Батзаяагийн шарга азарганы зураг нь Английн “Daily Telegraph” сэтгүүлийн шилдэг амьтны гэрэл зургаар нэрлэгдсэн байсан. Энэ зургийн талаар тодруулахгүй юу. Сонирхоод асуухад шарга азарганы эзэн нь ямар хүн байдаг вэ?

-Ч.Батзаяа өөрөө аялал жуулчлалын салбарт ажилладаг, чадварлаг гэрэл зурагчин. Өнгөрсөн жил манай эвентийг зорьж очиж олон зураг авсны нэг нь шарга азарганы зураг юм. Эвентийн зургуудаараа Монголын өвлийн ахуй, адууны зураг бүхий нийтлэл Английн хэвлэлд нийтлүүлснээр Шарга азарганы зураг нь алдарт дуучин Ellie Goulding -ийн үстэй адил хэмээн шуугьж эхэлснээр Батноров сумын IV багийн малчин Төмөрбаатарын азарга дэлхийд танигдаж дагаад эвентийн нэр хүндийг өндөрт өргөж олны анхааралд хүргэж өгсөн.

-Энэ үеэр цаг агаар ямар байх вэ. Аялалд явахаар сонирхож буй хүмүүсийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Манай баг өвөл, зуны олон үйл ажиллагаа зохион байгуулж байсан туршлагатай. Энэ удаа ч бид хүйтнийг харгалзан адууны бэлчээр дээр монгол гэрүүд барьж байгаа. Ер нь олон адуун дунд, тэднээс ялгарах дулаан илчинд хүн даардаггүй. Энэ жилийн хувьд ойрын хэдэн жил болоогүй цас ихтэй, хүйтэн болж байна. Гэхдээ манай наадамд тийм ч их нөлөөлөхгүй.

Адуу, адуучны сүр хүчийг гайхуулсан сонирхолтой олон үйл ажиллагаа өрнөнө. Монгол үндэсний дээл хувцас хэрэгсэлтэйгээ ирж морь унаж морины жагсаалд ч оролцох боломжтой. Мөн хүсвэл морь унан бооцоо тавьж 300 - 400 м зайнаас бусадтай уралдах боломжийг мөн бүрдүүлсэн.

-Энэ жилийн наадмын мандат их сонирхолтой юм. Даалин аяга гээд сэтгэсэн байна шүү?

-Даалинг ээж минь олон тоогоор оёж өгсөн. Мөн монгол хүн дээшээ харсан амтай хэмээн аягыг бэлгэддэг. Тиймээс эвентийнхээ мандатыг ингэж хийхээр боллоо. Манай наадамд оролцсон хүмүүс байнга дурсаж мэдээллийг дамжуулж байгаасай гэсэн бэлгэдэлтэй байгаа.

Зураг