Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Наранбаатар: Манайд нүүрс угаах үйлдвэр ганцхан бий

Т.Батсайхан, Зууны мэдээ
2017 оны 2 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг facebook.com/naranbaatar.lundeg хаягаас авав

Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлд түүхий нүүрс оруулахыг хязгаарлах талаар эрдэмтдийн саналыг бид дэмжиж байгаа. Энэ талаар Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-Агаарын бохирдлын асуудал нийслэлчүүдийн толгойны өвчин болоод байгаа. Зарим эрдэмтэн түүхий нүүрсийг хязгаарлах нь зөв хэмээн үзэж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

- 2006 онд нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр гарч байсан ч олигтой үр дүнд хүрч чадаагүй. Түүхий нүүрс хэрэглэхийг шууд хориглох нь тийм ч үр дүнтэй гэж би бодохгүй байна. Тиймээс тодорхой цаг хугацааны дараа мэдээж хориглох нь зүйтэй байх. Утаа бол ядуурлын үр дагавар.

Урт хугацаанд иргэдээ ажилтай, орлоготой болгож, орон сууцанд оруулж байж л энэ асуудал бүрэн шийдэгдэнэ. Одоо харин бидэнд богино хугацааны шийдэл хэрэгтэй байна. Энэ жил ч яахав ингээд утаа гамшиг энэ тэр гэсэн яриагаа яриад өнгөрч байх шиг байна.

-Таны хувьд шийдлийг хэрхэн харж байна вэ. Жаахан дэлгэрэнгүй хариулахгүй юу?

-Дараа жил ийм байдалтайгаа сууж байхгүйн тулд цахилгаан халаалтыг дэмжиж бодит ажил болгох ёстой. 220 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч. 70 орчим тэрбум төгрөгийн нүүрс түлж байна.

Агаарын бохирдлын төлбөр гэж уурхайнуудын борлуулсан нэг тонн нүүрс тутамд 1,000 төгрөг авч байгаа. Энэ жил 32 сая тонн нүүрс олборлосон гэхээр 32 тэрбум төгрөг хуримтлагдана гэсэн үг. Энэ мөнгөөрөө утаатай тэмцэх хэрэгтэй. Элдэв судалгаа, төсөл хөтөлбөрт улсаас нэмж мөнгө гаргаад байх шаардлага байхгүй.

220 мянган өрхийг бүгдийг нь цахилгаан халаагуураар хангана гэвэл мөн л 70 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Нүүрсний экспортоо эрчимжүүлээд, Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг цаг алдалгүй шийдээд явчихвал ирэх жил гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар бүрэн хангахуйц мөнгө эндээс гараад ирнэ.

Дараа жилээс нь хуримтлагдах агаарын бохирдлын төлбөрөө цахилгаан станцууддаа татаагаад өгчих, тэгээд гэр хорооллын өрхүүдийн. цахилгааны төлбөрийг өдөр нь 50 хөнгөлөөд, шөнө нь бүр тэглээд явчих.

Харин энэ хавраас Амгалангийн цахилгаан станцаа аль эсвэл тавдугаар цахилгаан станцын төслөө бүсээ чангалж байгаад ч болов өргөтгөлийн барилгын ажлыг нь эхлүүлэх хэрэгтэй. Ингэвэл 2018 он гэхэд Улаанбаатар утаанаасаа салах бодит боломж байгаа.

-Бид нүүрсээ боловсруулахын тулд энэ салбараа хөгжүүлэх шаардлагатай байна. Ер нүүрс угаах, боловсруулах тал дээр бидний хөгжил ямар шатанд яваа вэ?

-Монгол Улс одоогоор нүүрс угаадаг ганцхан үйлдвэртэй байна. “Энержи Ресурс” компани жилд 15 сая.тн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барьж байгуулан ашиглаж байгаа. Г эхдээ энэ үйлдвэр нь коксжих нүүрсийг баяжуулж, нэмүү өртөг шингээгээд экспортлох зориулалттай үйлдвэр.

Эрдэнэс тавантолгойн нүүрсийг Ухаа худгийн энэ үйлдвэрт угааж, баяжуулаад борлуулалтыг нь нэмэгдүүлбэл нөгөө агаарын бохирдлын төлбөрт орох мөнгө нэмэгдэж, дээр миний хэлсэнчлэн утаатай бодитой тэмцэх санхүүгийн нөөц боломжтой болно.

Улаанбаатарын айл өрхийн 80 хувь нь Багануурын нүүрсийг хэрэглэж байгаа. Багануур дээр эрчим хүчний нүүрсийг угааж баяжуулах төсөл хийгдсэн. Гол нь эрчим хүчний нүүрсийг баяжуулаад, утаагүй болгох технологиор боловсруулж, Улаанбаатарын гэр хорооллын өрхүүдэд нийлүүлэхэд өртөг нь тонн тутамдаа багадаа 250 орчим мянган төгрөг болно.

Засгаас баахан мөнгө гаргаж татаас хэлбэрээр утаагүй түлш үйлдвэрлэгч нарыг дэмжиж болно. Гэхдээ засаг мөнгөгүй юм чинь юугаа өгөх вэ дээ.

-Эхний ээлжид жижиг оврын уурын зуухыг угаасан нүүрсээр хангаж чадвал агаарын бохирдлыг 30 хувь бууруулах боломжтой байна. Нүүрс угаах үйлдвэр байгуулахын сайн болон хүндрэлтэй талуудын талаар та юу хэлэх вэ?

-Жижиг оврын уурын зуухнуудын нүүрсний хэрэглээнд торгууль тавих хэрэгтэй. Хямдхан нүүрс хэрэглээд, муу технологитой зуухаар утаа байгуулаад, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хохироогоод суугаад байж болохгүй. Нэг тонн нүүрсэнд ноогдох хэрэглээнд нь дор хаяж 50 мянган төгрөгийн торгууль тавьчих.

Тэгэхээр аяндаа технологио сайжруулаад, нүүрсний хэрэглээгээ багасгах, утаа бага ялгаруулдаг боловсруулсан сайн чанарын нүүрс хэрэглэхээс өөр аргагүй байдалд орно. Үүний дараа бодитоор нүүрс угаах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхол бизнесүүдэд бий болно. Хятад улс өнгөрсөн оны намар нүүрсний уурхайнуудынхаа жилд ажиллах хоногийг 365 байсныг 275 болгож, нийлүүлэлтийг танах бодлого барихад эрчим хүчний нүүрсний үнэ 2.5 дахин өссөн.

Энэ нь нүүрс их хэрэглэдэг, байгаль орчинд хортой, хуучин муу зуух, цахилгаан станц, гангийн үйлдвэрүүдийг хэрэглээнээс гаргаж, илүү өрсөлдөх чадвартай, сайн технологитой, нүүрс бага зарцуулдаг үйлдвэрүүдийг дэмжих бодлого гэж тайлбарлаж байгаа. Бид ч энэ туршлагыг Монголдоо нэвтрүүлж болно шүү дээ.

Зураг