Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зөв хэвшил тогтооё

Э.Туул
2017 оны 2 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Хорт хавдар гэгч аймшигт өвчин дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. Түүгээр ч барахгүй элэгний хорт хавдар Монгол Улсыг нөмөрч, нас баралтаар дэлхийд тэргүүлж байсан. Харин төр засгаас нэлээд анхаарч, элэгний вирусийн эсрэг эмийг эх орондоо оруулж ирэхийн зэрэгцээ үнэ өртгийнх нь асуудлыг ч их бага хэмжээгээр зохицуулж, оношилгоо, эрт илрүүлгийн үзлэгийг сайтар зохион байгуулж, “Элэг нэгтэй Монгол” хөтөлбөрийг зохион байгуулсны хүчинд эдүгээ элэгний хорт хавдар гэдэг зүйлийг иргэд ойлгодог болоод байна.

Эртхэн үзүүлж харуулаад, хавдар болчихоогүй дөнгөж вирусийн шатанд байхад нь эмчилчихвэл эрүүл мэнд болоод эдийн засгийн хэмнэлттэй гэдгийг ямар ч байсан ойлгосон гэсэн үг. Түүгээр ч барахгүй элэгний хавдартай, элэгний хатууралтай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжих төслийг хэрэгжүүлж, элэгний өвчлөлөөр шаналж буй зарим хүмүүст үнэ төлбөргүй мэс засал хийхээр болсон. Гэх мэтчилэн багагүй үр дүн гарч байгаа юм.

Тэгвэл одоо элэгний асуудалтайгаа зэрэгцүүлээд ходоодны хорт хавдрын өвчлөлийг бууруулахад анхаарах шаардлагатай болоод байна. Манай улс ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд хоёрт жагсаж буй.

Хуучин бол Япон улс бараг 40 орчим жилийн турш ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байсан гэдэг. Гэтэл энэ орон сүүлийн жилүүдэд гуравдугаар байранд орж байгаа нь хавдрын өвчлөлийг бууруулахад анхаарч эхэлсэн гэсэн үг.

Гэтэл манай улс 100 мянган хүн амд 32.9 орчим тохиолдол гэж үзэхэд гурван сая хүн амдаа харьцуулахад жилд 600-700 орчим хүн ходоодны хорт хавдартай хэмээн оношлогдож байна гэсэн үг. Үүний 70 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдож тухайн жилдээ 50-аас дээш хувь нь нас барж байгаа талаар эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Түүгээр ч барахгүй сүүлийн жилүүдэд манай улсад хавдрын өвчлөлийн насжилт харьцангуй залуужиж байгаагийн зэрэгцээ эрэгтэйчүүдэд 50-60 насанд их тохиолдож байгаа нь ид хөдөлмөрийн насандаа өвчилж, нас барж байна гэсэн үг юм. Тиймээс ХСҮТ-өөс “Элэг бүтэн Монгол 2” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр болжээ.

Хүнсний аюулгүй байдал, хелико бактер, амьдралын буруу хэв маягаас үүдэн ходоодны шархтай, хавдартай болж буй хүний тоог барихын тулд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Түүгээр ч барахгүй БНСУ-ын эмч нартай хамтран ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчлэх тал дээр хамтран ажиллахаар болж байгаа юм билээ. Тэгэхдээ эрүүл мэнддээ анхаарал тавих нь иргэн хүний үүрэг. Өвдсөн үедээ эмчид хандахын оронд өмнө нь анхаарал тавьж, улиралд нэг удаа үзүүлчих л хэрэгтэй юм.

Хамгийн гол нь ходоодны хорт хавдрын эх үүсвэр нь хелико бактер. Гэтэл сүүлийн жилүүдэд монголчуудын дунд энэ бактерийн халдвар өргөн тархаж байгаа ч цэгцэрсэн, нэгтгэсэн судалгаа хангалттай хийгдээгүй байна. Монгол, Япон эмч нарын хийсэн сүүлийн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн бараг 60 орчим хувь нь хелико бактерийн халдвартай гэж гарсан байна.

Тиймээс нэн яаралтай хелико бактерийн халдвар авах замыг таслан зогсоох, халдвар авсан бол эмчлэх асуудлыг яаравчлах хэрэгтэй юм. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай л гэсэн үг. Хелико бактерийн халдвар авах олон янзын зам байдаг юм билээ. Жишээ нь, ундны усны бохирдол эсвэл аяга, тавгаар дамжих ч юм уу.

Мөн нэг гэр бүлийн гишүүдээс бие биедээ халдах гэх мэтээр янз бүрийн замаар халдварладаг гэдэг. Үүнд монголчуудын хүүхдээ хооллодог уламжлалт арга орж байна. Учир нь хүүхдээ бор хоолонд оруулах гэж эцэг, эх амаараа дамжуулан хооллодог. Тэгэхээр энэ нь тухайн хүүхдэд хелико бактер дамжих гол нөхцөл болдог юм байна.

Яагаад хүүхдийн хооллолт дээр яригдаж байна вэ гэхээр Япон улсад хийгдсэн судалгаа байдаг аж. Япончууд хүүхдийг мөн багад нь бор хоолонд оруулахдаа мөн амаараа дамжуулан хооллодог байсан аж. Жишээ нь, загасны ясыг салгахын тулд ээж, аав нь заавал амаараа шалгаж байж өгнө.

Гэтэл нэг, хоёр настай хүүхдэд дархлал бүрэн тогтоогүй байдаг учраас халдвар авах магадлал өндөр байдаг. Энэ нь удаан хугацаагаар хадгалагдаж яваад амьдралын явцад ходоодны үрэвсэл үүсгээд цааш хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Энэ талаар нотолсон зүйл байдаг. Хүмүүсийн соёл, дадал хэвшил сайжраад эхлэхээр хүүхдийг шүлсээрээ дамжуулахгүй хооллоод ирэхээр хүүхдэд хелико бактер дамжих нь буурч байгаа нь мэдэгджээ.

Үүнд давсны хэрэглээ ч ордог байна. Тиймээс иргэн бүр энэ байдалдаа анхаарал тавьж, хелико бактертай эсэхээ эрт оношлуулж, өөрийгөө ч, үр хүүхдээ ч хамгаалж, амьдралдаа зөв хэвшил тогтоомоор байна. Тэгж чадвал дэлхийд тэргүүлээд буй ходоодны хорт хавдраас сэргийлэх боломж бүрдэх нь.

Зураг