Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

АМЖИЛТ: Биологийн олимпиадын ШИЛДЭГ 8 сургуультай танилц

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

2015 онд Хятадын судлаач эмэгтэй Ту Юю хумхаа өвчний эсрэг эм зохион бүтээснээрээ Нобелийн шагнал хүртсэн билээ. Нэр нь төдийлөн алдаршаагүй судлаач Ту Юю 1970-аад оны үед хумхаа өвчний эсрэг эмийг эртний Хятадын анагаах ухааны жороос гаргаж авсан юм. Энэ нь олон сая хүний амийг аварч, одоогоор хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдоод байна.

Хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлж, болзошгүй эрсдлээс аврахад биологи, биотехнологи, анагаах ухааны салбарын ололт амжилтууд хамгийн чухал болсон цаг үе. Манай улсад ч биологийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж буй сурагчдын тоо нэмэгдсэн нь Насангийн Олзвой багшийн нэрэмжит улсын биологийн олимпиадад 2,300 гаруй сурагч оролцсоноос харагдаж байлаа.

Энэхүү олимпиадын нэгдсэн дүнгээр

  • Сүхбаатар дүүрэгт “Сант” сургууль,
  • Баянзүрх дүүрэгт 21 дүгээр сургууль,
  • Баянгол дүүрэгт 28 дугаар сургууль,
  • Хан-Уул дүүрэг 52 дугаар сургууль,
  • Чингэлтэй дүүрэгт 17 дугаар сургууль,
  • Налайх дүүрэгт "Эрдмийн оргил" цогцолбор сургууль,
  • Багануур дүүрэгт "Гүн галуутай" цогцолбор сургууль,
  • Сонгинохайрхан дүүрэгт "Ирээдүй" цогцолбор сургуулиуд тэргүүлж, шагналаа гардан авлаа.
олон улсын биологийн олимпиадаас медаль хүртсэн хоёр дахь сурагч
 
Сурагч Б.Хулан

"Сант" сургуулийн төгсөх ангийн сурагч Б.Хулантай анх уулзахад тэрбээр 11 дүгээр анги, 2016 оны зун Вьетнам улсын Ханой хотод болсон олон улсын биологийн олимпиадад Монгол Улсаа төлөөлж оролцоод хүрэл медаль хүртсэн байлаа. Тухайн үед Mассачусетсийн Технологийн Институтэд Монголоос элссэн тав дахь сурагч Х.Цэрэнчимэг, Хонг-Конгд зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадын хүрэл, улсын математикийн олимпиадаас алтан медаль авсан О.Пүрэв, олон улсын физикийн олимпиадын хүрэл медальт Л.Оюунтөгс гээд “Сант” сургуулийн шилдэг сурагчдын тухай iKon.mn мэдээлж байсан билээ.

Тэгвэл сурагч Б.Хулан бидэнтэй ахин баяртай мэдээтэй уулзсан нь улсын олимпиадын эхний шат болох дүүргийнхээ олимпиадаас алтан медаль хүртсэн явдал байлаа. Тэрбээр “СБД-ийн биологийн олимпиадад оролцож алтан медаль авсандаа баяртай байна. Миний хувьд энэ жил 12 дугаар анги. Төгсөөд гадаадад суралцахаар хэд хэдэн сургууль руу материалаа явуулсан байгаа. Үүнд биологийн хичээлийг гүнзгийрүүлэн судалсан маань их хэрэг болж байна” гэв.  

Бид түүнээс гадна амжилттай оролцсон шилдэг сурагчидтай уулзав.

"миний цаашдын зорилго бол олон улсын олимпиадад оролцох"
 
Сурагч Б.Чинзориг

Сурагч Б.Чинзоригийн хувьд 10 дугаар ангийн төрөлд алтан медаль хүртжээ. Б.Чинзориг цаашид олон улсын биологийн олимпиадаас эх орондоо медаль авчрах хүсэлтэй байгаагаа хэлэв. Энэ төрөлд хоёр сурагч алтан медаль хүртсэний нэг нь сурагч Б.Цацрал юм. Гэхдээ тэр гүйцэтгэлийн оноогоор бусад бүх дүүргээс тэргүүлж шилдгийн шилдгээр шалгарав.

 
Сурагч Б.Цацрал

Бидний уулзсан дараагийн сурагч П.Мөнх-Оргил анги дэвшиж 9 дүгээр ангийн сурагчидтай өрсөлдөж алтан медаль хүртсэнээрээ онцлогтой юм. Тэрбээр олимпиадын бэлтгэлдээ өдөрт хамгийн багадаа 2-3 цаг зарцуулахыг хичээдэг тухайгаа хэлэв.

 
Сурагч П.Мөнх-Оргил

“Сант” сургуулийн хувьд дүүргийнхээ математик, физик, монгол хэл бичиг, хими, биологийн олимпиадад тэргүүлээд байгаа юм. Тэд энэ олимпиадаас дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл буюу нийт есөн медаль хүртжээ.

шАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГААНЫ ЗУРГУУД:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.