Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

0-5 настай хүүхдийн ууж хэрэглэх эмийн 452 сая төгрөгийг даатгалын сангаас олгожээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

0-5 настай хүүхдийн ууж хэрэглэх эмийг даатгалаас 100 хувь үнэгүй олгож буй ажлын үр дүн, явцын талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар нийт 29,400 хүүхдийн 452 сая төгрөгийг даатгалын сангаас олгоод байгаа юм байна. 
М.Уранчимэг: Өвчлөлийн давтамжийг харгалзахгүйгээр эмийн үнийг хөнгөлнө

ЭМЯ-ны эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг “2017 оны нэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 0-5 насны хүүхдүүдэд томуу, томуу төст өчвний дэгдэлтийг бууруулах зорилгоор 10 нэрийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас гуравдугаар сарын 1-нийг хүртэл 100 хувь хөнгөлж, үнэ төлбөргүйгээр олгож байна.

Энэ арга хэмжээг авсны үр дүнд өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт буурсан байна. Энэ арга хэмжээ маань томуугийн дэгдэлтийн үе буюу гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Өвчлөлийн давтамжийг харгалзахгүйгээр буюу хоёр удаа томуугаар өвдсөн ч эмийн үнийг хөнгөлнө” гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
Б.Энхбат: 808 эмийн сангаар дамжуулан 0-5 насны хүүхдийн эмийг үнэгүй олгож байна

ЭМНДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Энхбат “Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй 318 эмийн сан, хөдөө орон нутгийн 490 эмийн сан буюу нийт 808 эмийн сангаар дамжуулан 0-5 насны хүүхдийн эмийг үнэгүй олгож байна.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 29,400 хүүхдийн 452 сая төгрөгийг даатгалын сангаас олгоод байна. Даатгалын байгууллага эмийн сангуудад жорыг нь үндэслэж, хянан шалгасны дараагаар эмийн сангуудад мөнгийг нь шилжүүлдэг.

2017 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл манай эрүүл мэндийн даатгалын байгууллага нийт эмийн сангуудын сарын төсвийг нэмэгдүүлж өгсөн.

Эмийн сангууд эхлээд тусламж үйлчилгээгээ үзүүлээд дараа нь сарынхаа жорыг тухайн сарын 31-ны дотор манай байгууллага дээр ирж хянуулж, санхүүжилтээ авдаг.

Өнөөдрийн байдлаар нийт нийслэлийн хэмжээнд үйлчилж байгаа эмийн сангуудын нэг болон хоёрдугаар сарын хуваарийн төсвийн 70 хувийг шилжүүлсэн байгаа" хэмээв. 

 
Гэрэл зургийг mpa.mn
Ө.Энхмаа: Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 685 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Ө.Энхмаа “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж, нийслэлийн эмнэлгүүдэд орны ачаалал ихэсч байсан. Яг өвчлөл ихэсч байсан үед нийслэлийн хэмжээнд 789 орон дээр 1,600 хүүхэд буюу 12.5 хувийн хэтрэлтэй байсан.

Энэ үед бид өрхийн эмнэлгүүдэд резидент эмч нарыг томилох, 0-5 насны хүүхэдтэй ээжүүдэд албан ёсны чөлөөг олгох, эмийг хөнгөлөлттэй олгож эхэлсэн зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 685 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэгэхээр одоогоор орны ачаалал хэтрээгүй байна" гэв.