Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: СБД-ийн химийн олимпиадад “Сант” сургууль ТЭРГҮҮЛЛЭЭ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийн энэ эрин зуунд нанотехнологи, биотехнологийн салбаруудад олон шинэ нээлт хийгдэж хүн төрөлхтөнд сонирхолтой ирээдүйг бий болгож байгаа билээ. Өндөр технологийн эдгээр салбар руу сурагчдыг чиглүүлэх гүүр нь болдог химийн хичээлийн олимпиадын шилдгүүд /02.07/ өчигдөр шагналаа гардан авлаа.

Жил бүр зохион байгуулагддаг Дамбийн Сарантуяа агсны нэрэмжит улсын химийн олимпиадын II давааны I шат буюу Улаанбаатар хотын дүүргүүдийн олимпиадын дүн гарчээ. Найман дүүргээс Сүхбаатар дүүргийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдын талаар бид сурвалжилсан юм.

Олимпиадад амжилттай оролцсон сурагчдын нэгдсэн дүнгээр дүүрэгтээ ерөнхий боловсролын “Сант” сургууль тэргүүлж, АШУҮИС-ийн лицей, 11 дүгээр сургуулийн хамт олон удаалав.

"Сант" сургуулийн хувьд 11 медаль хүртсэний гурав нь алт, тав нь мөнгө, гурав нь хүрэл юм. Мөн дараагийн шатны олимпиадад орох эрхийг 7 сурагч авч нийтдээ 18 сурагч нь амжилт гаргажээ.

“Хамтдаа алтан медаль хүртсэн”
 
Баруун гар талаас М.Солонго, Ш.Мишээл

Дээрх зурагт байгаа охид бол миний хамгийн анх уулзаж баярыг нь хуваалцсан сурагчид юм. Тэднийг М.Солонго, Ш.Мишээл гэдэг бөгөөд “Сант” сургуулийн 10 дугаар ангийн сурагчид.

Охид олимпиадад ижил оноо авч хоёул алтан медаль хүртсэн байна. М.Солонгын хувьд химийн чиглэлээрээ гүнзгийрч, их сургуульд элсэн ороод инженер мэргэжил эзэмшинэ гэв. Харин Ш.Мишээл биотехнологийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, нарийн мэргэшсэн боловсон хүчин болох мөрөөдөлтэй.

М.Солонго “Бидний амьдарч буй бүх зүйл химийн бодисоос бүрдсэн. Тиймээс маш сайн химийн инженер болж олон гайхалтай зүйлс бүтээхийг хүсч байна. Энэ жил “Сант” сургуулийн 20 жилийн ой болж байгаа. Багаараа амжилт гаргасан маань сургуулийнхаа ойд барьж буй бэлэг юм. Өндөр амжилт гаргахад туслалцаа үзүүлсэн аав ээж, сургуулийн хамт олондоо талархаж байна” гэв.

Харин Ш.Мишээл “Найзтайгаа хамт алтан медаль авсан нь надад их сайхан санагдаж байгаа. Амжилтаа улам ахиулж нийслэлийн олимпиадад тэргүүлэх хүсэлтэй байна. Би анги ахих тусам химийн хичээлдээ сонирхолтой болсон. Цаашид ч энэ чиглэлээрээ сурах болно” гэв

Охид энэхүү амжилтад хүрэхийн тулд багадаа хоёр жилийн турш хөдөлмөр гаргаж, гүнзгийрүүлэн судалжээ.

Ирээдүйн инженерүүд
 
Баруун гар талаас С.Хас-Ананд, Г.Хонгор, Б.Барсбаяр

Тэдний дараа “Сант” сургуулийн наймдугаар ангийн сурагч Б.Барсбаяр, 11 дүгээр ангийн сурагч С.Хас-Ананд, 12 дугаар ангийн сурагч Г.Хонгор нартай уулзав.

Тэд мөн л дүүргийнхээ химийн олимпиадад амжилт гаргаж медаль хүртсэн сурагчид байлаа. Б.Барсбаяр наймдугаар ангийн сурагч хэрнээ анги дэвшин орж алтан медаль хүртсэн бол Г.Хонгор төгсөх ангийн сурагчдаас мөнгөн медаль хүртэж, С.Хас-Ананд анги дэвшин орж хүрэл медаль хүртжээ.

Г.Хонгор нанотехнологийн инженер болох хүсэлтэй аж. Учрыг нь тодруулахад “Энэ чиглэлээр суралцвал асар ирээдүйтэй бөгөөд хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж чадна. Би нанотехнологийн чиглэлээр гадаадад суралцах хүсэлтэй байгаа. Тийм ч учраас химийн хичээлийг сонгон судалсан. Өнөөдөр амжилт гаргаснаар илүү үүрэг хариуцлагатай болж байна. Бид дараа дараагийнхаа олимпиадад амжилттай оролцох хэрэгтэй” гэв.

Харин сурагч С.Хас-Ананд 2016 онд Монгол Улсаа төлөөлөн олон улсын химийн олимпиадад амжилттай оролцоод иржээ. Тэрхүү амжилтаа бататгаж энэ удаа мөн медаль хүртсэн байна. Тэрбээр “Анги дэвшин оролцож хүрэл медаль авсандаа баяртай байна. Сургуулийн хамт олондоо 20 жилийн мэнд хүргэе. Амжилт гаргахад тусалсан “Сант” сургуулийн захирал болон багш нартаа баярлалаа” гэв.

“Химийн хичээлийг судалж, ойлгох тусам илүү сонирхолтой санагдаж байгаа”
 

Олимпиадын үеэр цагаан халатаар жигдэрсэн сурагчид анхаарал татаж байсан нь Анагаахын лицей сургуулийнхан байв. Тэд мөн л багаараа амжилттай оролцож хоёрдугаар байрт оржээ.

11 дүгээр ангийн сурагч Н.Өлзийсүрэн “Медаль авсандаа их баярласан. Манай сургуулийн олон сурагчид өнөөдөр медаль авлаа.

Энд байгаа ихэнх сурагчид эмч болох хүсэлтэй. Химийн хичээлийг судалж, ойлгох тусам илүү сонирхолтой санагдаж байгаа. Мөн маш их урам ордог. Дараагийн шатандаа сургуулийн нэрэмжит олимпиад болон нийслэлийн олимпиадад оролцохоор бэлтгэж байна” гэв.

Дамбийн Сарантуяа агсны нэрэмжит олимпиадыг жил бүр шавь нар нь зохион байгуулдаг. Энэ жилийн олимпиадад л гэхэд 2,000 гаруй сурагчид оролцсон гэхээр химийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах сурагчдын тоо нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг "Дамбийн Сарантуяа" сангийн Гүйцэтгэх захирал Б.Уянгоо хэлж байв.

Хүн төрөлхтөн оюун ухаанаараа уралдаж, хөгжлийн гарцаа шилдэг инженерүүдээр тодорхойлж буй энэ цаг үед манай улсын ирээдүй болсон сурагчид химийн хичээлийг ийнхүү судалж, цаашид энэ чиглэлийн мэргэжилтнүүд болох сонирхолтой байгаа нь сайн хэрэг юм. Өнөөдөр дүүргийн биологийн олимпиадын аваргууд тодрох бөгөөд iKon.mn сурвалжилснаа танд хүргэх болно.

Шагнал гардуулах ажиллагааны гэрэл зургууд

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.