Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНХААР: Хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдох нь хоёр дахин ихэсчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

-Мансууруулах бодис хүний эд эрхтэнд хэзээ ч сэргэшгүй үхжил үүсгэдэг-

"Хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэснээр хүний биед буй хүч энергийн нөөцийг богино хугацаанд дайчилж гаргадаг. 

Харин тэрхүү эрч, энерги нь дууссаны дараа тархинд цус харвасан эсвэл зүрхний шигдээс үүссэнтэй ижил хэмжээнд бүх эрхтэн цусан хангамжийн дутагдал, гүнзгий хордлого илэрч, эрхтэн бүрд жижиг үхжил үүсдэг.

Энэ нь эргэж сэргэхгүй" хэмээн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн их эмч Ө.Анхболд ярьжээ. Хүний биед ийнхүү асар их хор хөнөөлтэй байтал саваагүй, тоомжиргүй зангаас үүдэн хар тамхины хэрэгт холбогдох залуусын тоо буурахгүй байсаар байна. 

ЭНЭ оны эхний сарД Л ГЭХЭД эрүүгийн таван хэрэг үүсгэжээ

Хар тамхи, мансууруулах бодисын төрлийн 50 орчим ургамал байдаг аж. Үүний тодорхой хувь нь манай оронд ургадаг. Монгол Улсын хэмжээнд 2010 он хүртэлх хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах бодисын үйлчилгээтэй зэрлэг олсны төрлийн ургамлыг олж авах, хадгалах, борлуулах төрлийн гэмт хэрэг эзэлж байв. Харин 2011 оноос химийн аргаар боловсруулсан сэтгэцэд нөлөөлөх бодис болох амфетамин, метафетамин агуулсан мөс буюу "ice" гэх нэршилтэй бодисыг хэрэглэх нь ихэсчээ. 

Саяхан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших "Royal castle" хотхоноос мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй 21 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг болсноос хойш хэдхэн өдрийн дараа Баянгол дүүрэгт мөн л мансууруулах бодистой холбоотой хэрэг гарчээ.

"2017 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт мансуурсан хүн байна гэх мэдээлэл иргэдээс ирсний дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн албан хаагч нар шалгалтын ажиллагаа хийсэн.

Тэгэхэд Хан-Уул дүүргийн X хороонд оршин суух 23 настай У, Хан-Уул дүүргийн XVI хороонд оршин суух 21 настай А нар нь өвсний төрлийн ургамлыг татаж, мансуурсан байдалтай байсан" талаар  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн ярилаа. 

Одоогоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажил хийж байгаа аж.  

Мөн хошууч Ё.Лхагвасүрэн "Хар тамхины гэмт хэрэгт 2016 оны байдлаар 109 эрүүгийн хэрэгт 224 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа хийгдсэн. 2017 оны эхний нэг сарын байдлаар 5 эрүүгийн хэрэгт 14 хүнийг холбогдуулан шалгаж байна. Гэмт хэргийн гаралтыг өмнөх жилүүдтэй харьцуулбал өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2015 оны байдлаар 79 хэрэгт 169 хүнийг холбогдуулан шалгаж байсан" гэлээ. Мансууруулах бодис хэрэглэвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192-т заасны дагуу 15-20 хүртэлх жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг байна.

18 хүртэлх насныхан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь 2 дахин ихэсчээ

Цагдаагийн байгууллагаас гаргасан албан ёсны тоон мэдээллээс харвал 18-35 насныхан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь хамгийн их буюу нийт тохиолдлын 76.3 хувийг эзэлж байгаа юм. 

График 1, Тус бүлгийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийг насны ангиллаар авч үзвэл:

/Эх сурвалж: Цагдаагийн мэдээлэл нэвтрүүлэг/

Мөн сүүлийн хоёр жилийн үзүүлэлтээр 18 нас хүртэлх иргэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон үзүүлэлт хоёр дахин өссөн нь анхаарал татсан үзүүлэлт ажээ. 

График 2, Насны ангиллаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хэргийн тооны өсөлт, 

/Эх сурвалж: Цагдаагийн мэдээлэл нэвтрүүлэг/

Түүнчлэн хилийн чанадад 2006 оноос хойш 117 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр ялж эдэлж буй юм. Үүнээс 41 нь хар тамхи хилээр нэвтрүүлэхийг оролдсон бол 39 нь хэрэглэсэн хэмээн ял эдэлж буй. 

График 3, Хилийн чанадад хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн тоо, 

/Эх сурвалж: Цагдаагийн мэдээлэл нэвтрүүлэг

Ийнхүү жил ирэх тусам газар авч, өссөн үзүүлэлттэй байгаа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Цагдаагийн ерөнхий газар мэргэжлийн байгууллагатай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутан залууст энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл, сургалтуудыг хийж байна. Мөн төрийн  болон төрийн бус байгууллагатай хамтран олон нийтэд мэдээлэл түгээх ажлууд хийгдэж байгаа юм байна.

"Нийгэмд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үүний эсрэг тэмцэхийн тулд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо маш чухал. Мөн хамгийн гол нь хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдох нь ямар хор уршигтай талаар мэдээлэл хүргэх чухал" байна хэмээн цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн онцолж байлаа.