Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"137,822 иргэн МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГААЖУУЛААД буцаан олголтоо авах боломжтой"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

НӨАТ-ын буцаан олголтын явцын талаар Татварын Ерөнхий газрын Дарга Л.Зориг мэдээлэл өглөө.


Тэрбээр "Татварын бүртгэл сайжирч, татварын албанд бүртгэлтэй бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн оны гүйцэтгэлээр дотоодын бараанд ногдуулдаг Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын хэмжээ 553.2 тэрбум төгрөгт хүрч, 2015 оны гүйцэтгэлээс 70 орчим тэрбум төгрөгөөр давсан байна. Өөрөөр хэлбэл энэ жил 700 орчим тэрбум төгрөгийн нэмэлт худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн гэсэн үг юм.

Түүнчлэн 2016 онд татвар төлөгч иргэн цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлэн 19 удаагийн сугалааны тохирлоор иргэнд 3.6 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон байна.

Мөн татвар төлөгч иргэнд албан татварын 20 хүртэл хувийн буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 620,409 татвар төлөгч иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаан олгох юм.

Үүнээс буцаан олголтын нөхцөл, шаардлага хангасан 482,587 татвар төлөгч иргэний 34.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлгэхээр хүргүүлснээс 2017 оны 02 дугаар сарын 03 -ны 17:00 цагийн байдлаар 461,865 татвар төлөгч иргэнд 33.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгосон нь мөнгөн дүнгээр нийт буцаан олголтын 97.0 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Одоогоор 20,722 татвар төлөгч иргэний 0.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох ажил хийгдэж байна.

Харин буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нь нээлттэй байгаа бөгөөд холбогдох мэдээллээ 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор засварлах боломжтой юм" гэлээ.