Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын Сагсан Бөмбөгийн Холбоог татан буулгаж байгаа нь намын даалгавраар хийгдэж буй ажил"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 6
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сагсан бөмбөгөөс төрөн гарсан анхны Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нар удирдаж эхэлснээс хойш Монголын сагсан бөмбөгчдийн гаргасан түүхэн, хамгийн өндөр амжилттай нэг жил өнгөрсөн ч намын даалгавраар Монголын сагсан бөмбөгийн холбоог татан буулгах шийдвэр гаргажээ. Ийнхүү энэ шийдвэрийг эсэргүүцэж МСБХ-ны удирдлагууд мэдээлэл хийлээ. 


Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар Монголын сагсан бөмбөгийн холбооны бүртгэлийг хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон албан бичигт “Монголын сагсан бөмбөгийн холбоо” төрийн бус  байгууллагын мэдээлэлд 2016 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулан тус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь Хяналтын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул хүчингүй болгосугай” хэмээн тодотгосон байна. 

Энэхүү шийдвэрийн талаар Монголын Сагсан Бөмбөгийн холбооны ерөнхий шүүгч Р.Цэвэгмид: "Энэ тушаалыг иргэн Б.Оргил гэдэг хүний гаргасан албан бичигт үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү гаргасан. Юуг шалгаж, юунд үндэслэн МСБХ-г татан буулгаж байгаа талаар бидэнд тайлбарлаагүй. Тэгэхээр энэ бол намын даалгавраар хийгдэж байгаа ажил гэж бид харж байна. Энэ их амжилтын төлөөх ажлуудад ямар ч оролцоогүй хүн гэнэт гарч ирэн эдгээр амжилтыг хүчээр булаан авч улс төрийн сонгуульдаа ашиглахаар дээрэлхэж эхэлсэн.

МСБХ-ны Ерөнхийлөгч болохоор зүтгэж, төрийн эрх мэдлийг хууль бусаар ашиглаж эхэлсэн нь МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар гэдэг залуу. Э.Анар аавдаа хүслээ хэлж, аав нь Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга Р.Содхүүд намын даалгавар өгч ямар ч үндэслэлгүйгээр МСБХ-ны бүртгэлийг хүчингүй болгох А/47 тоот тушаалыг гаргуулсан. Би 50 гаруй жил хөлстэй зааланд ажилласан. Энэ хугацаанд Р.Содхүү гэдэг хүн зааланд орж ирээд сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө хэн, юу хийж байгааг анзаарч, хараагүй. Тэгэхээр энэ бол цэвэр намын даалгавар. М.Энхболдын хүү Э.Анар МСБХ-г авах гэж улайрч байгаа нь ил тод болсон” хэмээн ярилаа.

МСБХ-ны удирдлагууд Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Газрын даргын гаргасан энэ шийдвэртэй хэзээ ч эвлэрэхгүй ба үүнтэй холбоотой нэхэмжлэл, гомдлоо Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргажээ. Одоогоор уг хэргийг Улсын шүүгч Н.Мөнхзул хянаж ажиллаж байна.

 Монголын сагсан бөмбөгийн холбооны бүртгэлийг хүчингүй болгосон тушаал: