Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

2017-2020 онд "Ногоон алт, Малын эрүүл мэнд" нэгдсэн төслийг хэрэгжүүлнэ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт, Малын эрүүл мэнд" төслийн нэгдсэн үе шатны нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.

Энэхүү нээлтийн ажиллагаа “Үндэсний боловсруулах үйлдвэрүүд болон малчдын хоршоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт”-аар эхэлсэн бөгөөд уулзалтанд ХХААХҮЯ, ХААИС болон төсөл хэрэгжүүлэгч зургаан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, малчдын хоршоодын төлөөлөл нийт  60 гаруй төлөөлөгч оролцлоо. 

Уулзалтыг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Мах, сүүний аян"-ыг хэрэгжүүлэх, малын чанарыг сайжруулах, малын эрүүл мэндийг онцгой анхаарч, ХАА-г тэргүүн зэргийн салбар болгож ач холбогдол өгч ажиллаж байгаа. 

Тэгэхээр малын эрүүл мэнд, бэлчээрийн асуудал маш чухал бөгөөд цаашид энэ нөөцийг яаж ашиглах вэ, малын эрүүл мэнд цаашлаад малаас гарч буй ашиг шим, экспортын чиглэл эргээд Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдол өгөх нь тулгамдсан асуудал болоод байна. Тийм ч учраас "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийг нэгтгээд дахин дөрвөн жил хэрэгжүүлэх гэж байгаа Швейцарын хөгжлийн агентлагт Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. 

 

Уулзалтын эхний үед нэгдсэн төслийн багийнхны зүгээс төслийн ач холбогдол, зорилго, хүрэх үр дүнгийн талаар илтгэлүүдийг танилцуулсны дараа уулзалтын төлөөлөгчид 

  • Бэлчээрийн менежмент, 
  • Маркетинг, эрүүл мэнд, 
  • Бодлогын таатай орчин ( Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Бэлчээр хамгаалах тухай хууль) гэсэн гурван бүлэгт хуваагдан хэлэлцэж, төслийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд оруулах саналаа өгсөн юм.

Энэ үеэр Монголын ноос, ноолуурын холбооны 13 үйлдвэрийн төлөөлөл аймгуудын Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоодын дэргэдэх Дундын хоршоодтой уулзаж, нийт 8.7 тэрбум төгрөгийн сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноос, ноолууран түүхий эдийн урьдчилсан хэлцэл хийжээ. 

Түүнчлэн "Ногоон алт" төслийн хүрээнд орон нутагт бий болгосон бэлчээр ашиглагчдын холбоодын бүтцийг ашиглан арьс шир, махыг ченжийн гар дамжуулалгүйгээр үйлдвэрт шууд нийлүүлэх нөгөө талаас эрүүл чанартай гэдгийг хэрхэн яаж баталгаажуулах, одоогийн Мал эмнэлэг, Мал эмнэлэг үржлийн тасагийн тогтолцоо энэ загварт ямар үүрэгтэйгээр оролцох вэ гэдэг талаар үйлдвэрлэгч, Төр болон малчдын байгууллагын төлөөлөл хэлэлцэн зөвлөлдсөн.

 

Швейцарийн хөгжлийн агентлаг Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд ХАА-н салбарт “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд”, “Бэлчээрийн экстемийн удирдлага”,“Монгол төмс”, “Монгол хүнсний ногоо”  зэрэг хэд хэдэн том хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. 

"Ногоон алт" хөтөлбөрийн үйл ажиллагаа бэлчээрийн менежментээс гадна ноос ноолуурын салбарт түлхүү чиглэсэн бөгөөд одоогийн байдлаар Монголын сарлагийн хөөвөр, торомны ноосны тодорхой брэндүүд бий болгох ажил ид явагдаж байна. 

2017-2020 онд “Ногоон алт, малын эрүүл мэнд” нэгдсэн төсөл хэрэгжиж, малын түүхий эд тухайлбал, арьс шир, махыг мөн дотоодын зах зээлд яаж чанартайгаар нийлүүлэх вэ, тэр хэмжээгээр хэрэглэгчдийн шаардаад байгаа чанар стандартыг бий болгож, үнэлэмжийг нь өндөрсгөж цаашдаа гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ яаж өндөр үнэлэмжтэй гаргах вэ гэдэг асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэх аж.

 

Г.Хишигбадам