Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дээрмийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар буурчээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 3
www.ikon.mn
Зураг зураг

Энэ оны эхний сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 31 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гэмт хэргийг илрүүлж ажиллахад цагдаа, хуулийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа чухал байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах дэслэгч Э.Санчир хэллээ.

Сар шинийн баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Цэргийн баяр зэрэг нийтийг хамарсан баяр, амралтын өдрүүдтэй холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотод зорчих иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, үйлчилгээний газруудад бэлэн мөнгөний хуримтлал бий болдог нь хууль бусаар мөнгөжих сонирхолтой этгээдүүдэд дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа сэдлийг бий болгодог байна.

Тухайлбал, 2016 онд нийслэл хотын хэмжээнд банканд гурав, ломбарданд хоёр, ШТС-уудад халдсан гурван удаагийн тохиолдол бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн шалгаж, шийдвэрлэжээ.

2017 оны нэгдүгээр сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Э, А нар  Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Наран цэн" ломбарданд тоз-8 маркын буу тулган айлган сүрдүүлж 800,000 төгрөг дээрэмдсэн хэргийг, мөн бусдын орон байранд удаа дараа нэвтрэн орж эд зүйл дээрэмдсэн Л.А, Б.Ч нарын бүлэг этгээдүүдийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн албан хаагчид илрүүлэн шалгаж байна. 

Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс харьяа цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох, чанарын шаардлага хангасан хяналтын камерыг зөв оновчтой газар байрлуулах, шаардлагатай үед хэрэглэх харилцаа холбооны хэрэгслийн асуудлыг шийдвэрлэж, дотор гадна талбайн гэрэлтүүлгийг сайжруулах, албан байгууллагууд харуул хамгаалалтаа сайжруулж, дохиоллын системийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэн ажиллахыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхаарууллаа.