Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн доод байр суурьтай хүн дээд байр суурьтай хүнээс 2 жил богино насалдаг болохыг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийгэмд доод байр суурь эзэлдэг хүний амьдрах хугацаа нь дээд байр сууринд байгаа хүнийхээс дунджаар хоёр жилээр богино байгааг өргөн хүрээнд хийсэн судалгааны дүн харуулжээ.

Өөрөөр хэлбэл удирдах албан тушаал хашиж байсан хүн, биеийн хүчний ажил хийж байсан хүнээс 25 орчим сараар урт насалдаг нь харагдсан байна. Энэ нөлөө нь биеийн тамираар хичээллэдэг, хичээллэдэггүй хүмүүсийн наслалтын зөрүүтэй тэнцүү, согтууруулах ундаа хэрэглэдэг, хэрэглэдэггүй, таргалалттай, хэвийн жинтэй хүмүүсийн наслалтын зөрүүнээс их байгааг харуулжээ.

Тухайлбал архи хэтрүүлэн хэрэглэдэг хүн, огт хэрэглэдэггүй хүнээс 6 сар богино наслах магадлалтай байдаг бол таргалалттай хүн, хэвийн жинтэй хүнээс 8 сар богино насладаг гэсэн статистик үзүүлэлт бий.

Харин чихрийн шижинтэй хүн эрүүл хүнээс дөрвөн жил богино насалдаг бол тамхичид, тамхи татдаггүй хүнээс 5 жилийн өмнө нас барах өндөр магадлалтай байдаг гэнэ.

Дээрх судалгаа нь эрүүл мэндийн эрсдлийг анх удаагаа нийгэм, эдийн засгийн “өөрчлөх боломжгүй” хүчин зүйлээр үнэлэх гэсэн оролдлого юм. Судалгааг хийсэн Евро Комиссийн санхүүжилттэй Lifepath байгууллагын мэдэгдэлд “Нийгмийн байр суурь нь хүмүүсийн эрт нас баралтын нэг гол хүчин зүйл болох нь харагдлаа. Гэвч бодлого тодорхойлогчид ийм хүчин зүйлийг үнэлэхгүй байгаа юм” гэжээ.

Учир нь тамхи, архи, дасгал хөдөлгөөн зэрэг хүчин зүйлс нь эрүүлийг хамгаалах бодлогын хүрээнд зохицуулагдаж болдог. Харин нийгмийн байр суурь бол эдийн засгийн асуудалтай холбоотой нь ийнхүү бодлогын гадна орхигдож байжээ гэж дүгнэсэн байна.

Lifepath дээрх судалгааг Австрали, Британи, Франц, Итали, Португал, Швейцарь, АНУ гэсэн долоон хөгжингүй орны 1.7 сая хүнийг хамарсан 48 судалгааны материал дээр үндэслэн хийсэн гэнэ.

Өмнө хийгдсэн судалгааны материалуудаас тухайн хүн нь CEO эсвэл гудамж талбай цэвэрлэгч эсэхийг нь онцлон шүүж гаргасан буюу анх удаа нийгмийн статусаар нь гаргасан тайлан болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post