Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхболд: Тавантолгойн 49 хувьд үндэсний компаниудыг ч оруул, “Шинхуа” нь ч орог

Ч.Үл-Олдох
2017 оны 2 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Энхболдыг “Ярилцах цаг” булангийн зочноор урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Тавантолгойн хэлэлцээг  Засгийн газар  хийж эхэлжээ  гэж хэвлэлүүд өнгөрсөн оны сүүлчээс бичсэн. Албан  ёсны  мэдээлэл алга. Өмнөговиос сонгогдсон  гишүүний хувьд та энэ сэдвээр Ерөнхий сайдад  асуулга тавьсны хариу бичгээр ирсэн гэх юм. Бодитой мэдээлэл өгнө үү?

-Тавантолгойтой холбоотой асуудал мэдээж олон нийтийн анхаарлын төвд байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч гэсэн янз бүрийн  зөрүүтэй  ойлголтуудаар ярьж, бичиж  байна. Тойргоос сонгогдсон гишүүний хувьд  сонгогчид маань маш олон зүйл дээр  асуулт тавьж, санал бодлоо илэрхийлж байгаа.

Энэ үүднээс та бүхний ойлголт нэг байна. Би ч гэсэн тийм л байгаа. Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд  асуулга тавьсан. Хариу нь ирсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцүүлэх  хүсэлтээ тавьчихсан байгаа.  Ингэхээр олон нийтэд  тодорхой мэдээллүүд очих  болов уу гэж бодож байна. Мөн би хувиараа ч гэсэн уулзаж санал солилцсон. Ерөнхийдөө Тавантолгойд ямар нэгэн хувилбар сонгож эхлээгүй байна.

Маш олон хувилбар ярьж байгаа юм байна. Ганц үнэн юм нь юу вэ гэвэл, ямар нэгэн хувийг зарахгүй. Монгол Улсын газар нутгийг худалдахгүй.  Хоёр дахь үнэн нь юу вэ гэвэл,  байнгын хороод, УИХ-аар заавал хэлэлцүүлж батлуулна гэсэн байгаа. Тиймээс энэ бол дөнгөж эхлэл төдий явж байгаа  процессыг илэрхийлж байна гэсэн үг юм.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд Гэрээний нөхцөлийг сайжруулахаар ярьж байгаа 

-Хэлэлцээрийн тухайд хөшигний цаана худалдах гэж байна. Хятадуудтай хуйвалдаж ямар нэгэн юм хийх гээд байна гэсэн хардлага үүсээд байгаа. Энэ тухайд?

-Бидний ойлголтоор, мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр  гарсанчлан  Тавантолгойн 49 хувьд   Хятадын “Шинхуа”, “Эм-Си-Эс” тодорхой хувийг нь,  Эрдэнэс Тавантолгой мөн тодорхой хувийг эзэмшиж явах юм байна гэсэн мэдээлэл нэлээд гараад байгаа.  Миний хувьд анхаарал татаж байгаа асуудал нь Хятадад 400 сая ам.доллараар  худалдах гэж байгаа гэдэг үнэн үү, худал уу гэдгийг мэдэхийг хүссэн. Энэ нь худал байсан.

Ер нь бол худалдах гэдэг ойлголт байхгүй  гэдгийг би түрүүнд хэлсэн. Үүнийг тайлбарлахад, өнөөдөр тэнд Эрдэнэс Тавантолгой гэдэг оператор ажиллаж байгаа.  Гаргасан нүүрсийг нь   “Чалко” өрөндөө аваад байж байна. Тэгвэл энэ операторыг  л солих асуудал юм. Солихдоо Монгол Улсын эдийн засагт  ашигтайгаар, уул уурхайн ямар нэгэн хууль дүрмийг зөрчихгүй, байгаль орчинд ээлтэйгээр   солих шаардлагатай байна гэж үзэж, Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийж байгаа юм билээ.

Гол нь эдийн засагтаа хурдан өгөөжөө өгч эхэлье, “Чалко”-ийн өрийг хурдан төлье, гаргаж байгаа бүтээгдэхүүнийг түүхийгээр нь биш баяжуулж гаргая, ядаж угааж гаргадаг болъё, нэмүү өртөг шингээе гэдэг зорилгоор оператор “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани  шууд аль нэг компанитай гэрээ хийх биш  дунд нь сонгон шалгаруулалт зарлан өрсөлдүүлж, хамгийн боломжит хувилбараар оператор хийх компаниа  сонгох ажил явагдаж байгаа юм билээ. Тиймээс  үүнийг манай хэвлэлийнхэн олон нийтэд зөв ойлгуулах нь чухал.

-Тавантолгойн 49 хувь заавал Хятадын  “Шинхуа”-д  байх ёстой юм уу?

-Миний хувьд 49 хувьдаа Монголынхоо үндэсний компаниудыг ч оруул, “Шинхуа” нь ч орог, хөрөнгө оруулагчид ч орж ирэг,  51 хувиа Монголын төр өөрөө аваад явбал яасан юм бэ гэдэг саналыг хэлж байгаа. Энэ бол миний зүгээс хэлж буй хувь гишүүний санал. Ер нь бол маш олон хувилбар явж байгаа юм билээ. Түүнээс яг үүнийг нь бариад явна гэдгээ хараахан  шийдээгүй.

Хувилбарыг хэзээ ярьж эхлэх вэ гэвэл, хоёр улсын Засгийн газрын Гадаад харилцааны сайд нарын хооронд яриа,хэлэлцээ явж байна. Тохироонд хүрчихвэл хэлэлцээрээ хурдасгаад явах боломжтой болох юм.

-Нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна гэж байна. Тэр үйл явц хэдийд эхэлж,  ямар шалгуур тавих  бол?

-Оператор аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт одоогоор хараахан  болоогүй. Одоо ярьж буй асуудал нь нүүрсээ борлуулах тухайд сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Тэрийг хэлсэн байж магадгүй. Хамгийн өндөр үнэ нь 70.5 ам.доллар боллоо. Магадгүй дараагийн ээлжийнхийг зарлах,  дуудлага худалдаа явуулах хугацаа болж байгаа болов уу.

-Тавантолгойд оролцох хамгийн боломжтой компани гэхээр “Энержи ресурс” гээд ярьдаг. Яагаад заавал тэднийг нэрлэдэг юм бол?

-“Энержи ресурс” Монголын үндэсний компаниудын  л нэг. Тэдэнд буруу юм байхгүй. Гол нь оролцоогоо яаж тохирох юм бэ. “Энержи ресурс” нь хаанаа байх юм бэ, ямар үүрэгтэй оролцох юм бэ тэр нь тодорхой байх ёстой. Түүнээс “Энержи ресурс” нь байна уу, МАК нь орно уу, МАКС нь орно уу надад падлий алга. Гол нь “Шинхуад” ач холбогдол өгөөд байгаа шүү дээ. “Шинхуа”-гийн асуудлыг зөв зүйтэй шийдэж өгөөч, Монголын ард түмэнд бодитой мэдээлэл өгөөч гэж байгаа.

-Засгийн газар дээр гэрээний нөхцөлийг  сайжруулахаар ярьж байгаа гэж  байна. Өмнөх гэрээгээр  дутуу хийсэн, эсвэл алдаа гаргасан,тухайлбал төмөр замаа  яаж  шийдэхээр ярьж байгаа  юм  бол?

-“Шинхуа” компанитай тохирох гээд ярьж байгаа гол асуудал, давуу тал  нь төмөр зам юм. Төмөр замаа өөрсдөө хөрөнгөөрөө барьж  49/ 51 гэж хуваагаад 51 хувийг төрд эзэмшүүлж, 49 хувийг нь “Шинхуа” эзэмшиж байгаад  тодорхой  хугацааны дараа төрд шилжүүлэх  ийм л хувилбар явж байгаа. Тэгэхээр бид нүүрсээ, өнөөдөр  осол гаргаад байгаа  нарийн  замаар явуулаад байх уу, төмөр замаа хурдан бариад ашиглах уу гэдэг асуудал байгаа шүү дээ.

Тийм учраас “Шинхуа”-г сонгоод байгаа. “Шинхуа”-г сонгохгүй гэвэл, “Чалко”-гийн гэрээг дууссан ч гэсэн дахиад таван жилийн гэрээтэй. Тэр нь юу вэ гэвэл, Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс “Чалко”-гийн өрийг төлсөн ч гэсэн таван жил хамтарч ажиллана  гэсэн дарамт шахалтад нүүрсээ хямдхан  зарж ирсэн.

Одоо өрөө төлсөн ч гэсэн тэр нь дахиад таван жил  үргэлжлэх гээд байна. Хэрэв Хятадын ”Шинхуа”-г сонгохгүйгээр аль нэг  гуравдагч юм уу, дөрөв дэх орон ороод ирвэл бид “Чалко”-гийн гэрээний асуудлаар Олон улсын Арбитрийн шүүхээр явна шүү дээ.

Монгол Улсын Засгийн газрын газар дахиад нэг асуудлаар Арбитрын  шүүхээр  явах болно. Тэгэхээр гол асуудал буюу  төмөр замын асуудал “Шинхуяа” орж ирсэн нөхцөлд саяын хэлснээр явна. “Шинхуа” оператор компаниар  орохдоо тодорхой хэмжээгээр өөрийнхөө хөрөнгийг хийж , нүүрсээ гаргана. Гаргаж ирсэн борлуулалтаасаа  хувиа авч явна гэсэн яриа хэлцлүүд  явж байгаа.

-Өнөөдөр Тавантолгойд нөхцөл байдал ямар  байгаа вэ. Тэр дундаа эдийн засаг ямар байна ?

-Өнөөдөр байдал хэвийн байгаа. Илүү өндөр ашигтай байна уу гэвэл үгүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өслөө, эрэлт хэрэгцээ их байгаа гэдэг үүднээс үнээ  жаахан өсгөөд авсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулсан 27 ам.доллар биш,   71.5 ам.доллараар нүүрсээ зараад эхэлчихлээ. Ямар ч гэсэн энэ Засгийн газрын үед  ахиц гарч байгаа. Жаахан ч гэсэн гэрэл гэгээ тусч эхэлсэн.

“КАЗИНО”-ГИЙН ХУУЛИА БАТАЛЧИХВАЛ ЭДИЙН ЗАСАГТ МӨНГӨ ОРЖ ИРНЭ 

-Одоо асуултаа жаахан өөрчлөөд Казино байгуулах тухай хуулийн төсөл ямар шатанд явааг асуумаар байна. Та Ажлын хэсгийг ахалж байгаа байх аа?

-Казиногийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн  чуулганаар хэлэлцүүлэх ажлыг хариуцсан Ажлын хэсэг гарсан. Ахлагчаар нь миний бие ажиллаж байгаа. Казиногийн хуулийн төсөл  2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед өргөн баригдсан. Тэр хуулийн утга, агуулга  алдагдахгүйгээр орж ирж байгаа.

Гэхдээ тухайн үеийн Засгийн газрын  бүтэц, агентлаг, холбогдох  газрууд өөрчлөгдсөн, хуульд тусгагдсан хамаарал бүхий  субъектүүд өөр болсон учраас ойлголтоо нэгтгэх ажлууд бий. Дараа нь нэгдсэн ажлын хэсгүүд хуралдана.  Өмнөх хуулийн концепцийг  нэг их өөрчлөхгүй оруулж ирэхээр  ярьж байгаа.

Хууль яагаад  орж ирж байгаа вэ гэвэл, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр”-т байгаа. Нөгөө талаас, Монголын эдийн засаг ганц уул уурхайн салбараас хамааралтай явж ирсэн. Уул уурхай зогсвол улс орны эдийн засаг гацдаг ийм л юм руу явах гээд байна. Тэгвэл  аялал жуулчлал гэж том салбар байна шүү дээ. Энэ салбарыг  хөгжүүлдэг гол зүйл нь казино.  

Казиногийн тухай хуулиа баталж, эрхзүйн орчин бүрдээд ирвэл, маш олон тоглогч гаднаас орж ирнэ. Хөрөнгө  оруулалт татах боломж бүрдэнэ. Валютын урсгал нэмэгдэнэ, жуулчдын тоо өснө, түүнийг дагасан бизнес, үйлчилгээний салбарууд,ажлын байрууд  бий болно. Аялал жуулчлал Монгол Улсын эдийн засагт хоёр дахь том тулгуур болно. Тэр утгаараа Казиногийн хууль нийгэмд байгаа бусад сөрөг үр дагаврыг хааж гарч ирэх юм. Иймд батлах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Монгол жижиг орон, хүн ам  цөөнтэй. Эдийн засаг нь ч жижигхэн. Энэ онцлогийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бол?

-Тэнд монгол хүнийг  оруулахгүй, тоглуулахгүй. Байршлын хувьд хоёр,аж ахуй нэгжийн хувьд хоёр байхаар тусгасан.

- Казиногийн тухай  хууль батлах, байгуулах нь “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр”-т тусгагдсан. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа  зургаан сар байна  гэсэн. Хууль баталснаар эдийн засагт шууд мөнгө орж ирэх үү?

-Аж ахуйн нэгжийн хувьд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь 35 тэрбум төгрөг байх төслийн санал явж байгаа. Зөвшөөрөл авсан бол түүнийг дагасан хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Ингээд шинэ барилга байшин, дэд бүтцийн асуудал  ажлын байрыг шууд бий болгоно. Түүнчлэн тоглох орчныг бүр­дүү­лэх зэрэг ажлууд эдийн засгийг  нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь эрх зүйн орчныг бүрдүүлснээр маш их түлхэц  болно. 

-Бусад улсын жишиг,  туршлагаас хэр судалсан юм бол?

-Дэлхийн ихэнх орон “Казино”-той. Хамгийн сүүлд Япон улс Казиногийн тухай хуулиа батлаад гаргачихлаа. Яагаад өндөр хөгжилтэй, эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлдэг  энэ улс “Казино” байгуулчихав. Эрэлт хэрэгцээ байна, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал салбар гэдгийг ойлгосон учраас тэд хийж байна. Энэ үүднээс манайх ч гэсэн бусад  улсын жишгээс хоцорч болохгүй. Гэхдээ сөрөг үр дагавруудыг хааж өгөөд сайн хэрэгжих хуульзүйн орчин бүрдүүлбэл эдийн засагт чухал нөлөөтэй юм.

-Ажлын  хэсэг судалгаа хийж,  мэдээлэл сайн цуглуулсан байх. Ер нь манайд “Казино” далд хэлбэрт л байгаагаас биш  өчнөөн  байдаг юм шиг ээ. Хуульчилж ил болгох л үлдсэн гэх яриа ч дуулддаг?

-Би нүдээр харж, нүүрээр тулж орж  үзсэнгүй. Тиймээс мэдэхгүй байна. Дэл сул яриа зөндөө л байдаг. Манай тоглогчид  гадаадад гарч Солонгос, Япон, Макаод тоглож байгаа явдал байна.  

Монгол Улс  минь гуравхан сая ард түмэн.  Түүний хэдэн хувь  нь тоглодог юм бэ, хэчнээн хүн мөнгөтэй байдаг вэ. Энэ асуудал. Тиймээс одоогоор монголчуудаа тийш нь  оруулахгүй. Далд тоглоод байгаа хүмүүсийг гаргаж ирж тоглуулах гэж байгаа юм бас биш. Хэнийг тоглуулах гэж байна гэвэл, өнөөдөр мөнгө нь багтаж ядсан, Азийн  улс орнуудад аялж жуулчлангаа казино тоглож байгаа хүмүүсийг дотооддоо оруулж ирж,тоглуулах эрх зүйн орчин бүрдүүлэх тухай ярьж байгаа.

-Өнөөдөр манайд мансуурах, сэтгэцэд нөлөөлөх  бодисын наймаа, биеэ үнэлэх гэмт хэрэг  байсаар л байна.Тэгвэл эдгээр хэргүүд, нийгмийн сөрөг асуудлууд казиног  дагаж улам гаардаг. Яаж  хянах вэ? 

-Хууль нь байдаг ч хяналтгүй  яваад байдаг бол хяналтыг нь сайжруулах ёстой. Хуулиа  хэрэгжүүлдэг  болох ёстой. Нөгөө талаас Казиногийн тухай хууль тэрийг бэлдэж өгч байгаа хууль. Казиног тодорхойлох нэг зүйл  бол камержуулалт. Бүх юм камерын дор, хяналтад  байдаг. Тэгэхээр тэнд тийм зүйлүүд болохгүй.

Зураг