Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хорт хавдрын 75.7 хувь нь III, IV үедээ ОНОШЛОГДОЖ байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

-Хавдраа эрт оношлуулах нь бүрэн эдгэрэх боломжийг танд олгоно-

Хавдартай тэмцэх дэлхийн өдөр хоёрдугаар сарын 4-нд тохиох гэж байна. Уг өдрийг угтаад өнөөдөр Хавдар Судлалын Үндэсний төвөөс Монгол дахь хавдрын өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.

Монголд хорт хавдраар жил бүр 5,000 гаруй хүн өвдөж, 3,000 гаруй хүн амиа алдаж байна. Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт хандаж байгаа нь хамгийн ноцтой асуудал ажээ.

2015 онд л гэхэд манай улсын 5,777 хүн шинээр хорт хавдраар өвчилж, 3,999 хүн амиа алдсан харамсалтай тоо гарсан нь өвчлөл, нас баралт нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.

 

ХСҮТ-ийн ЭСШМЭ-ийн дэд захирал Л.Баярсайхан “Эмчилгээний стандартууд орчин үеийн шаардлагатай хэмжээнд хүрч хөгжиж байгаа. Хэдий тийм ч гэсэн илэрч байгаа өвчин хожуу оношлогдохоор хэчнээн сайн эмчилгээ хийж, хөтөлбөр хэрэгжүүлээд ч үр дүн тааруухан байна. Тиймээс эрт илрүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Манай орны хувьд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй элэгний хавдар түгээмэл тохиолддог. Нийт хавдрын  40 орчим хувийг эзэлдэг. Нас баралтын нийт тохиолдлын 42.5 хувийг зөвхөн элэгний хавдар эзэлж байх жишээтэй. Тэгэхээр бид бүгд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэв.

ХСҮТ-ийн оношлогоо өндөр түвшинд хүрч байгаа ч иргэдийн хайхрамжгүй байдал, хэт оройтож эмнэлэгт ханддаг нь доорх графикаас харагдаж байна.

ГРАФИК 1: ШИНЭЭР ОНОШЛОГДСОН ХОРТ ХАВДРЫН ҮЕ ШАТ

ГРАФИК 2: ХҮН АМЫН ДУНД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХОРТ ХАВДРУУД

Хорт хавдар хэдийгээр олон шалтгаан, хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг ч Монголчуудын өвдөж буй хорт хавдрын 61.5 хувийг (МУ-ын хорт хавдрын тайлан үзүүлэлт, 2015) элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.

Өөрөөр хэлбэл хорт хавдраар өвдсөн Монголчуудын талаас илүү хувь нь шалтгаан нь тодорхой, сэргийлэх боломжтой өвчнөөр өвдөж байна гэсэн үг юм. Учир нь

  • элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан нь цус, бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг элэгний В,С вирус,
  • ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан нь ходоодны хеликобактер,
  • умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан нь бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг хүний хөхөнцөр вирусын халдварууд билээ.

Тиймээс таны өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ, найз нөхдөө, хамт олноо хамгаалах үндсэн арга нь хавдраас сэргийлэх үнэн, зөв мэдлэг, мэдээлэлтэй байх, эрүүл мэндэд халтай зан үйлүүдээсээ татгалзах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг тогтмол хийлгэж байх явдал юм.

Эрт илрүүлнэ гэдэг нь өвчин зовиур илэрсэн үедээ эмнэлэгт хандах биш харин огт өвдөөгүй, зовиур шаналгаагүй байсан ч тогтмол үзлэг, шинжилгээ хийлгэнэ гэсэн үг.

Эрт илрүүлж чадвал эдгэрэх боломжтой.