Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Олны танил жүжигчний хүү өндрөөс унаж нас баржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны нэгэн байрны 12 давхраас 21 настай Х гэдэг эрэгтэй унаж, нас барсан хэрэг өнгөрсөн сарын 29-ний 23:00 цагийн үед гарсан байна. 

Талийгаач хошин шогийн “Эмоци” продакшний жүжигчин Б.Баатархүүгийн хүү байсан аж. Харин хэрэг гарсан байр нь УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүүгийнх байжээ. Энэ хэргийн талаар зарим хэвлэлд талийгаач залууг хар тамхи хэрэглэсэн үедээ амиа хорлосон гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдээд байгаа. 

Харин албаны эх сурвалжийн өгүүлснээр гишүүн асны хүүгийн гэрт шалгалт хийхэд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийн төрлийн бодис хэрэглэхэд ашигладаг гаанс олдсон байна. Гэхдээ үүнээс талийгаач Х-г хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн үедээ өндрөөс унаж амиа хорлосон гэж үзэх боломжгүй. Учир нь задлан шинжилгээний хариу болон, мөрдөн байцаалтын явцад тогтоогдох учир урьдчилан мэдээлэх боломжгүй гэсэн юм. 

Харин өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр Б.Баатархүүгийн хүү Х нь амьд хөгжмийн “The Colors” хамтлагийн гитарчин байж. Хэрэг гарах үед Х.Баттулгын хүүгийн гэрт 10 гаруй залуу байсан гэнэ. Тэдний дотор олны танил хүмүүсийн хүүхдүүд ч байгаа аж. Мөн тэдний зарим нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд нэлээд сунжирсан уг хэргийн мөрдөн байцаагчид олон удаа солигдсон гэлээ. 

Ямартай ч жүжигчин Б.Баатархүүгийн хүү “The Colors” хамтлагийн гитарчин Х нь “Женко” Х.Баттулгын хүүгийн гэрээс буюу 12 давхраас унаж нас барсан. Харин хар тамхи хэрэглэсэн байсан уу, гадны нөлөөтэй ийм хэрэг гарсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.