Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: АН-ын даргад нэр дэвшигчид сонгуульт ажлыг хааж, сэтгэгдлээ илэрхийллээ

О.Дүүрэнжаргал, iKon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгааны ажил өнгөрсөн оны 12-р сарын 22-ны өдрөөс эхлэн явагдаж өнөөдрөөр дуусгавар болж байна. Энэ хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 8-нд байгуулагдсан намын даргын сонгуулийн хороо VI их хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж намын даргын сонгуулийг нээлттэй, ил тод, шударга явуулахын төлөө хичээж ажиллажээ.

Мөн санал авах байранд ажиллах 1,800 ажиглагчийг бүртгэн, үнэмлэх олгож, нэр дэвшигчдийн эх орноо тойрон намынхаа гишүүдтэй хийх нэгдсэн уулзалтыг амжилттай зохион байгуулж өндөрлүүлжээ. Нэр дэвшигчдийн орон нутаг дахь нэгдсэн уулзалт нь тасралтгүй 32 хоног үргэлжлэн арваад мянган километр замыг туулж, 30 удаагийн 120 цагийн уулзалтанд АН-ын 176,000 гишүүний төлөөлөл болсон 20,000 гаруй гишүүн оролцсоноос 520 гишүүн санал шүүмжлэлээ хэлж, давхардсан тоогоор 2,000 гаруй асуултанд хариулт авсан байна.

Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар өнөөдөр болсон хаалтын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа товч танилцуулаад “Цаг агаарын хүндийг ажралгүйгээр намын даргын сонгуулийн хорооноос баталсан уулзалтын хуваарийн дагуу 21 аймаг, 9 дүүрэгт намын дэмжигчид, гишүүдтэйгээ уулзаж АН-ын шинэчлэлийн хөтөлбөр, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө амжилттай танилцуулсан таван нэр дэвшигчдээ талархал илэрхийлж байна. Намын даргын сонгуулийн сунгаа нь барууны хөгжилтэй орнуудын жишгийг Монгол улсад нутагшуулах, Монголын улс төрийн шинэчлэлийн салхийг хагалсан ач холбогдолтой үйл ажиллагаа болсон” гэлээ.

Харин үүний дараа нэр дэвшигчдээс хаалтанд зориулж үг хэлэхийг хүссэн юм.

 

Ж.БАТЗАНДАН: Бид бүхэн эвтэй, найртай яваад эх орноо тойроод ирлээ. АН-ыг аварна гэдэг бол Монголоо аврахын эхлэл гэж бид ойлгодог юм аа. Намын маань 180 мянган гишүүн, уулзсан 20 мянган журмын нөхөд минь бидэнд “Намынхаа эв нэгдлийг хангаарай, дотоод эв нэгдлийн төлөө та тав зүтгээрэй. Намаа нээлттэй болгоорой, дарга нарын биш гишүүдийн, фракцийн биш олон нийтийн нам болгоорой” гэж захисан. Үүний төлөө Батзандан чинь чадах бүхнээ хийж, та бүхэнтэйгээ зүтгэх болно.

Батзандан чинь АН-ын дарга болсон тохиолдолд Монгол төрөө бүлэглэлийн савраас, офшорчдын гараас салгах болно оо. Нэгдүгээр сарын 29 бол Монголчуудын хувьд түүхэн өдөр байх болно. Фракцын толгойлогчийг битгий сонгоорой. Сонголтоо мөнгөний нөлөөнд автаж битгий хийгээрэй, чин зүрхний сонголтоо хийгээрэй гэдгийг гишүүдээсээ хичээнгүйлэн хүсье ээ. АН фракцын толгойлогчоор биш үндэсний лидерээр удирдуулах ёстой шүү. Таны мэргэн сонголт Монголыг, Монголын ардчиллыг аврах болно.

 

Н.АЛТАНХУЯГ: АН үргэлж анхдагч, шинэчлэгч байснаа нотлон харуулж Монголын нийгэмд бас нэгэн шинэ соёлын үрийг тарилаа. Намын дарга бүх гишүүдээсээ сонгогдох энэ түүхэн шийдвэрийг гаргасан ардчилагчиддаа баярлалаа. Энэ сарын 29-н бол Монголын түүхэнд тэмдэглэгдэх шинэ эргэлтийн өдөр байх болно. Шударга ёсоор цангасан, хор хуйвалдааныг жигшсэн, тэгш боломжгүйдээ бухимдсан ард түмний маань ялалтын эхний өдөр байх ёстой.

Монголчууд бид хүсэл зорилгоо нэгтгэж, итгэл найдвараа сэргээж, зүрх зоригоо хөвчилж, улс орноо болон ардчиллаа хамгаалан үлдэж, шударга ёс, тэгш боломжийг тэмцэн авчрах өдөр болх ёстой юм. Монгол Улсын маань тусгаар тогтнол, язгуур эрх, нийт ард түмний маань баялаг хэдхэн гэр бүлд хулгайлагдаж, тэмцэж зүтгэж олж авсан үнэт зүйлс маань хэдхэн хүний шуналын золиос эрх мэдлийн донд бөхийх ёсгүй.

Цаг хугацааны хатуу шүүлтэнд тэдний үнэн нүүр царай, бодит дүр төрх улам бүр ил тод болсоор байна. Нам дамнасан бүлэглэлийн толгойлогч нарын банк санхүү, хэвлэл мэдээлэл, хууль хүчний байгууллагууд дахь хуйвалдааны бүлэглэлээ ашиглаж улайм цайм, увайгүйгээр хийсэн луйвар даравч далдайж, булавч бултайж, үнэнд гүйцэгдэж байна. Тиймээс нэгдүгээр сарын 29-ний өдөр бол Монголчууд бид шинэ эргэлт, шинэ итгэл найдварыг эргүүлэн авчрах өдөр байх ёстой.

 

Д.ЭРДЭНЭБАТ: Өнөөдрийг хүртэл бидний сэтгэлийг үл эвлэлдэх байдал, үл итгэлцэл зовоож байсан. АН шинэчлэгдэхийн тулд эхлээд эвлэлдэх, итгэлцэх хэрэгтэй. АН бол амьд организм юм шүү дээ. Энэ амьд организмын бүх организмууд жигд ажиллаж, бие биенээ дэмжиж байж амьд явна. Тийм учраас үүнийг бид мартаж болохгүй шүү. Ардчилсан төрийн зүрх үнэхээр ардчилсан гэж би итгэдэг.

Зургаадугаар их хурлаар бүх гишүүдээсээ намын даргыг сонгох болсон нь түүхэн шийдвэр байсан. Би энэ шийдвэрт гар бие оролцсондоо баярлаж байна. Үүнийг дэмжиж ажилласан нийт гишүүддээ баярласнаа илэрхийлье. Нэг сарын 29-нд хийх энэ сонголтыг бид бүхэн чин сэтгэлээсээ намынхаа төлөө үнэн сэтгэлээр хийх ёстой. 

 

Л.ГАНТӨМӨР: Бид тав АН-аа эргэн сэргээхийн төлөө 21 аймаг, 9 дүүргээрээ явж 20 гаруй мянган гишүүнтэйгээ уулзаж ярилцлаа. Бид тавын зорилго нэг. Бүгд АН-ыг шинэчлэхийг, эргэн сэргээхийг хүсч байгаа. Бид шинэчлэлийн төлөө явахдаа гишүүн бүрийнхээ эрхийг хамгаалахын төлөө ярилцаж, тэдний төлөө зорилго, бодлогоо нэгтгэсэн. Бидний зорилго ариун байгаа гэдгийг би ахин нотлон хэлэхийг хүсч байна.

Мэдээж Монголын нийгэм, хэвлэл мэдээлэл, энэ орчин ямар билээ гэдгийг бид ойлгож байгаа. Тэд биднийг сөргөлдүүлэх, хагаралдуулах, аль болох хооронд нь муудалцуулах гэсэн бодлого олон хоног явлаа. Гэхдээ бид тавыг Монголчуудын хувь заяа нэгтгэж байна. Тиймээс журмын дөрвөн найздаа эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсч байна. Бид хойшоо харж тооцоо бодохоос илүү ирээдүйг, шинэчлэлийг харж ажиллах болно оо.

 

С.ЭРДЭНЭ: Бидний эх орноо тойрон гишүүд дэмжигчидтэйгээ уулзан ярилцаж, санал бодлоо солилцсон нь АН-ын түүхэнд тод мөрөө үлдээсэн томоохон үйл ажиллагаа байсан. Бид тав өрсөлдөгчид биш АН-ын шинэчлэлийн төлөө хамтран зүтгэгчид юм аа. Мэдээж таван өөр өнгө, үзэл бодол, арга барилаар бид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлаж, танилцуулж ирсэн. Уулзалтын явцад авч гээхийн ухаанаар хандаж олон олон асуултууд, санал хүсэлтүүд байсан. Түүний дотроос энэ нам нээлттэй, анхан дунд шатны оролцоо болон үүргийг дээдэлсэн, бүх шатны сонгууль, улс төрийн албан тушаал, томилгоо, гарч байгаа аливаа шийдвэр намын жирийн олон мянган гишүүдийн оролцоо, санал бодол дээр тулгуурлаж гардаг, шийдвэрлэдэг байх ёстой гэдгийг гишүүд маань бидэнд хатуу анхааруулж, захисан. Би АН-ын дарга болсон өдрөөс эхлэн үүний төлөө ажиллах болно. 

21 аймаг, 9 дүүргийн төлөөллөөс бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй намын даргын сонгуулийн хороо өнгөрсөн хугацаанд нийт 27 удаа хуралдаж, сонгууль зохион байгуулахад шаардлагатай 22 тогтоол шийдвэр, 11 журам заавар, зааварчилгааг аймаг, сум, дүүргийн 384 сонгуулийн салбар хороо байгуулж, тэдгээрт ажиллах 1,974 хүнд сургалт, семинар зохион байгуулж сонгуулийн бэлгтгэлийг бүрэн хангаж ажилласан байна. 
Фото

Гэрэл зургийг mpa.mn 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.