Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мандах: Монгол Улсын хэмжээнд 30 мянган сайн дурын донор цусаа хандивлаж байна

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 1 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын донорын холбооны гүйцэтгэх захирал Б.Мандахтай цөөн хором ярилцлаа.

-Донорын холбооныхоо талаар мэдээлэл өгөхгүй юу. Ер нь ямар зорилготой ажилладаг юм бэ?

-Манай донорын холбоо 1999 онд байгуулагдсан. 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа төрийн бус байгууллага юм. Манай холбоо бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө олон арван литр цусаа бэлэглэж, хүндэт донор болон ахмад хүндэт доноруудынхаа эрүүл мэнд нийгмийн хамгаалал, халамж, үйлчилгээнд онцгой анхаарч ажиллах зорилготой.

Мөн цусны энэрэнгүй үйлсийг сурталчилдаг. Тодруулбал, үйлдвэр аж, ахуйн газар, их, дээд сургууль болон зэвсэгт хүчний анги нэгдлүүдэд очиж, цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, тус төвийн үйл ажиллагаанд туслан сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлж, төрийн ачаанаас хөнгөвчилж ажилладаг гэсэн үг.

-Оюутан, залуус сайн дурын үндсэн дээр цусаа бэлэглэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай донорын холбоо зургаан багийн 30 сайн дурын ажилтан цусны сайн дурын үйл ажиллагааг сурталчлан ажиллаж байна. Сайн дурын багт хүндэт донор, ахмад донорууд орсон. Манай холбоо 2017 оны сурталчилгаат донорын өдөрлөг зохион байгуулах үйл ажиллагаагаа МУБИС-иас эхлүүллээ.

Бид 2015 оноос эхлэн 15 их, дээд сургуультай гэрээ байгуулан сурталчилгаат донорын өдөрлөгийн жилд 25-30, сард 34 удаа зохион байгуулдаг. Мөн жил бүрийн зургаадугаар сарын 14-нд дэлхийн цусны донорын өдөр болдог. Энэхүү өдрийн хүрээнд хамтран ажилладаг 15 их, дээд сургуулиуддаа байр эзлүүлж, шагнадаг. Тухайлбал, сайн дурын үндсэн дээр хамгийн их цус хандивласан багш, ажилчид, оюутнуудаа идэвхтэй байнгын хамруулсан эхний гурван сургуулийг шагнаж, урамшуулдаг.

-Сүүлийн үед сайн дураар цусаа хандивлах, донор болох үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулж байгаа. Ер нь доноруудын тоо нэмэгдэж байна уу?

-Бид 2016 оны байдлаар 16 мянган иргэн, залуучуудад сурталчилгаа явуулсан байдаг. Үүнээс 1,200 гаруй залуус сайн дурын донорт элссэн. Мөн манай холбоо цус сэлбэлт суддалын үндэсний төвд 550-600 нэгж цусыг цуглуулахад тусалж, хамтран ажилласан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд жилд 30 мянган сайн дурын донор цусаа өгч, байнгын болон идэвхтэн донороор үйлчилдэг.

Эдгээр 30 мянган сайн дурын доноруудаас 600 гаруй нь 35-аас дээш удаа цусаа бэлэглэн МУЗН-ийн хүндэт донорын болзол хангасан байдаг. Энэ бол хүний 5-8 жилийн хүмүүнлэгийн хөдөлмөр шүү дээ. Энэ хугацаанд 12 литр цусаа бэлэглэж байж хүндэт донорын болзол хангадаг. Бид хүндэт доноруудаа бүртгэлжүүлэн ахмад хүндэт донорууддаа орон сууцны талбайгаас хөнгөлөх, нүүрс түлээ өгөх зэргээр тусламж үзүүлдэг.

-Та хэдэн жил цусаа өгч байна вэ. Энэ талаар ярихгүй юу?

-Би 1999 оныг хүртэл эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллаж байсан. 1999 онд донорын холбоо төрийн бус байгууллагыг байгуулагдахад гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Би 18 дахь жилдээ ажиллаж байгаа. Гэхдээ энэ хугацаанд нэг ч удаа цалин авч байгаагүй. Бусдын өвдөж, зовсон хүмүүст тусалж, амь нас, эрүүл мэндэд нь туслахын төлөө ажилладаг.

Зураг