Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жагар: УИХ-ын гишүүдийг CHALLENGE-д дуудна

Р.Оюун
2017 оны 1 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагартай ярилцлаа.

-Хөдөлгөөнийхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн Монгол орны нутаг дэвсгэрт байрлах нийт гол мөрөн, нуур цөөрөм, булаг шандыг хамгаалах, байгаль орчны эсрэг хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, нөхөн сэргээлт хийх зорилгоор байгуулагдсан ашгийн бус төрийн бус байгууллага. Тухайлбал, Туул голын эрэг дагуу байгаа хууль бус үйл ажиллагаануудыг таслан зогсоох, хууль бус үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд хариуцлага тооцуулж, нөхөн сэргээлт хийлгэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

-Яг ямар ажил хийгээд байна вэ. Энэ талаар?

-Сүүлийн долоон жилд ямар ажил хийсэн бэ гэвэл бүх хууль бус зөрчлүүдийг тодруулж, илрүүлээд холбогдох хууль. хяналтын төрийн байгууллагад нь өгч УИХ-аас ажлын хэсэг гаргаж Туул голын бохирдол болон бусад гол мөрөн. булаг шандын бохирдол, ширгэлтэд судалгаа хийсэн байгаа. УИХ-ын ажлын хэсэг 2016 оны дөрөвдүгээр сард шалгалт хийж, Туул голын бохирдлуудыг тогтоосон.

Үүний өмнө 2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар ч гэсэн тогтоосон байгаа. Уг нь иргэд төрийн байгууллагаар эрхээ хамгаалуулах гэж сонголтоо хийдэг. Гэтэл эрхийг нь хамгаалах байгууллага нь статистикийн байгууллага болсон.

-Тухайлбал?

-Туул гол ингэж бохирдож, ширгэжээ, ийм хууль бус зөвшөөрөл төд олгогдсон байна гэх жишээтэй. Өнөөдөр төрийн байгууллага хууль бус зөвшөөрөл өгсөн талаар яриад суух нь утгагүй, гутамшиг. Монголд өнөөдөр төр, засаг ямар хямралд орсон байна гэдэг нь харагдаж байна. Төр, засаг Туул голын талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй гэсэн үг.

Яагаад гэвэл хууль бус үйл  ажиллагаа үргэлжилсээр байгаа. 2016 оны зургаадугаар сарын 15-нд 20 гаруй арьс, ширний үйлдвэр Туул гол руу хортой бодис нийлүүлдэг байсныг Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтээр хаасан. Гэтэл энэ үйлдвэрүүд эргээд ажиллаж байна.

Тэгэхээр Хятадын арьс, ширний үйлдвэрүүд, Туул голын эрэг дагуу байгаа 100 гаруй хайрга, дайрганы үйлдвэр, компанид улс төр, саарал ордон, нийслэлийн 45 төлөөлөгч, Хан-Уул дүүргийн үе үеийн төлөөлөгчид, Засаг дарга нар болон хурлын дарга нар шууд холбоотой болж байна.

-Яагаад шууд холбоотой гэж?

-Бидний дэмжиж ажилласан ажлыг тэд өнөөдөр нурааж байна. Энэ үйлдвэрүүдийг ажиллуулахгүй байх, хяналт тавих ёстой субъектүүд нь огт хараагүй юм шиг өнгөрч байна. Өнөөдөр ус гэдэг алт. Ямар ч үнэт зүйлээс илүү зүйл. Яагаад гэвэл хүний биеийн 70, дэлхийн 80 хувь нь ус байдаг. Тэгэхээр ус бидний хамгийн чухал хэрэгцээ.

Туул голыг гурван хүчин зүйл бохирдуулж, тодорхой тэжээлийн судсуудыг нь гэмтээж тасалж байна. Нэгдүгээрт, барилгын компаниуд. Туул голын эрэг дагуу энгийн хамгаалалтын бүс 200 метрт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Гэтэл тэнд их хэмжээний барилга байгууламж барьж, хайрга дайрганы тусгай зөвшөөрөл өгч лиценз, арьс, ширний үйлдвэр их бохирдол нийлүүлснээс Био комбинат, Шувуун фабрикийн иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь бодит жишээ юм. Зайсангийн харалдаа нийслэл дундуур өнгөрч байгаа хэсэг бол III зэргийн бохирдолтой. Энэ нь аюултай гэсэн үг. Ийм аюултай нөхцөл байдалд Улаанбаатар хот оршин тогтнож байна.

Туул гол 718 км газар урсдаг. Үүнээс 300 орчим км нь бохирдолтой байгаа. Тодруулж хэлбэл, 200 орчим км нь онц аюултай бохирдолтой. Ямар ч тохиолдолд мал амьтан, аж ахуйн нэгж, иргэд тэндээс ямар нэгэн зориулалтаар авч хэрэглэхийг хориглоно гэж Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байдаг. Гэтэл өнөөдөр тэнд суурьшлын бүсэд байгаа олон иргэн ундаалж, малаа, ногоогоо усалж байна. Энэ бүтээгдэхүүнийг эргээд Улаанбаатарын иргэд хэрэглэж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хэлэлцэх том асуудал болж байгаа юм.

-Та нар мэдээллээ хаанаас яаж олж авдаг юм бэ?

-Монголын ус уудаг, амьд организм бүгд биднийг дэмждэг. Бид албан ёсны 100 гаруй мянган гишүүнтэй. Олон гишүүн, дэмжигчтэй байхын нэг давуу тал нь Туул гол болон бусад булаг шандад нөлөөлж байгаа хорыг, тэнд хууль бус үйл ажиллагааг богино хугацаанд мэдэх боломжтой. Мөн хяналт тавьж байгаа. Тэгэхээр ардчилсан нийгмийн үнэт зарчим бол тор, иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагаа чухал байдаг.

Туул голын сав газрын захиргаа, Ус сувгийн удирдах газар хэзээ ч Туул голыг хамгаалж чадахгүй. Яагаад гэвэл ямар нэгэн нөлөөлөлд автаж сайд, дарга нарын тушаалаар Туул голд хууль бус зөвшөөрөл, хууль бус дүгнэлт гаргаж өгөх магадлал өндөр байдаг. Тиймээс эсрэг байгууллага иргэний хяналт байхгүйгээс болж байгаа юм.

Монгол Улсад усны өргөн хэрэглээтэй уул уурхайн компаниудад иргэний хяналтыг байршуулах. Энэ нь тоолуурын заалтыг cap бүр очиж харж байна. Лац тавих үед нь хамт байж лацыг нь тавиулдаг байх хэрэгтэй. Тэгээгүйгээс төрийн байгууллага өөрөө сүүлдээ уул уурхайн компаниудтай үгсэн хуйвалдаж, тоолуурыг хууль бусаар ухраах эсвэл зогсоодог бодит бус хохирлыг учруулж байна. Хохирлоос яаж сэргийлэх ёстой вэ гэхээр хяналтыг нь тавих хэрэгтэй. Дахин хэлэхэд самуурсан улс төрийг цаашид зөв залахын тулд иргэний хяналтыг сайн оруулах хэрэгтэй байна.

-Танайхтай адилхан үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтайгаа хэр хамтарч ажилладаг вэ?

-Манайх үндэсний хэмжээндээ ганц том хөдөлгөөн. Бидэнтэй байгаль орчны чиглэлээр хамтарч ажилладаг төрийн бус байгууллагууд бий. Бид энэ онд “Цэвэр ус-цэвэр Туул” гэсэн 48 цаг Challenge хандивын аян өрнүүлж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлийг дуудаж байгаа. Хүлээж авах эсэхийг сайн мэдэхгүй.

Цаашид бүх гишүүнийг дуудна. Яагаад гэвэл хууль тогтоох байгууллагад ажиллаж буй эрхэм гишүүд бидний энэ үйл ажиллагаанд оролцсоноор Туул голын нөхцөл байдлын талаар зөв хууль гаргах танин мэдэхүйн ухамсрыг нэмэгдүүлнэ.

Сүүлд сонгогдсон УИХ-ын гишүүд маань түмнийг соён гэгээрүүлэх ёстой. Ард түмнийг буруутгасан зүйл их ярьж байна. Тухайлбал, Г.Мөнхцэцэг байнгын хорооны хурал дээр ард түмэн бэлэнчлэх сэтгэлгээнд орчихлоо гэсэн. Үүнийг эсрэгээр нь үгүйсгэж хэлнэ. Яагаад гэвэл тэр хүмүүс маань өөрсдөө боловсрох хэрэгтэй байна.

Бидний Challenge УИХ-ын 76 гишүүний хэн дээр ч очиж болно. Хүлээж аваагүйг нь хүлээж аваагүйгээр нь, бидэнтэй хамтарч ажиллаж байгааг нь явуулж буй үйл ажиллагаатай нь нийтэд зарлана. Монголын топ гэсэн 100 компанид хандаж байна.

-Байгаль орчны яамтай хэр уялдаа холбоотой байдаг вэ. Тусалж, дэмждэг үү?

-Өнгөрсөн онд Байгаль орчны яаманд хамтран ажиллах хүсэлт өгөхөд өмнөх сайд Батцэрэг биднийг хүлээж аваагүй. Иргэний нийгмийн байгууллага хамтарч ажиллая, хамтарч шалгалт хийж дүнг олон нийтэд мэдээлье гэсэн утгаар Ашигт малтмалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар руу явуулахад бидэнд ямар нэгэн хамтран ажиллах бичиг, ямар ч хариу өгөөгүй. Уг нь төрд бичиг өгөхөд заавал хариу өгөх ёстой. Одоогийн сайд Д.Оюунхоролтой хамтарч ажиллаагүй байна. Удахгүй хүсэлт өгнө.

Байгаль орчны иргэний зөвлөл байгууллагын гишүүн. Үүгээрээ дамжуулаад Байгаль орчны яамтай тодорхой ажлууд дээр хамтарч ажиллах боломжтой. Манайх бие даасан, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хөдөлгөөн учраас Байгаль орчны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа.

Ер нь төрийн захиргааны төв байгууллага нь том ач холбогдолтой газар. Үйл ажиллагааныхаа хажуугаар улс төр оруулж яриад байна гэхээр бидний хийж байгаа ажил яах аргагүй улс төртэй холбоотой. Бидний энэ үйл ажиллагаа ард түмний сонголтын үр дүнд бий болсон Засгийн газар, парламент, түүний харьяа яам, агентлагууд дэмжихгүй юм бол өөр тэрийг хийх ямар бололцоо байгаа юм бэ. Өнөөдөр ард түмэн төрийг сонгож байгаа учир нь бидний өмнөөс сайн ажиллаарай. Миний уух ус, амьсгалах агаарыг хамгаалаарай гэж байгаа юм.

Зураг