Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

А.Алтанзул: Иргэд хамтран санал, санаачилга гаргах, санал асуулга явуулах боломжийг бүрдүүлнэ

Өглөөний сонин
2017 оны 1 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ч гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадсангүй. Гэсэн ч уг хуулийн төслийн талаар Ажлын хэсэгт орж ажилласан хуульч А.Алтанзултай ярилцлаа.

-Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хуулийн төслийг парламентын түвшинд хэлэлцэж байна. Та хуулийн төслийг боловсруулсан Ажлын хэсэгт орж ажиллажээ. Хуулийн төслийн гол ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэхүү хуулийг баталснаар иргэд хамтран санал, санаачилга гаргах, санал асуулга явуулах, түүнийгээ УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж ирэх боломж бүрдэнэ. Үүнээс гадна аливаа хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчдад уламжлах, ард нийтийн санал асуулга явуулахаар санаачлах, орон нутгийн санал асуулга явуулах зэрэг эрхийг эдлэх юм.

Ингэснээр иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал бодлоо төрийн байгууллагад хүргэн шийдвэрлүүлэх улс төрийн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн суурь бүрдэх юм. Мөн нутгийн өөрийн удирдлагын болон төрийн эрх барих байгууллагаар шийдвэрлүүлэх асуудлыг иргэд өөрсдөө санаачилж, ард түмний болон орон нутгийн санал асуулга явуулах боломжтой болно.

-Үр дүн нь юу байх вэ?

-Ерөөсөө л иргэдийн санаачилга, санал асуулгын үр дүнд хууль зүйн үр дагавар бүхий албан ёсны шийдвэрээр баталгаажих эрх зүйн үндэс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, зөвхөн төрийн байгууллагын санаачилгаар дээрээс доош чиглэсэн байдлаар бус иргэдийн санаачилгаар доороос дээш чиглэсэн байдлаар төрийн байгууллагаас шийдвэр гаргах боломж бүрдэнэ.

-Хүн бүр л утааны асуудлыг хөндөж байна. Жишээ нь, иргэд утааг багасгах талаар эрх баригчдыг хуулийн төсөл санаачлахыг харж суухгүй өөрсдөө төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх боломжтой болно гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Иргэд утаа гамшгийн хэмжээнд хүрлээ гэж гудамжид жагсаж байснаас өөрсдөө хуулийн төсөл санаачлах аваас бодитой үр дүнд хүрнэ.

-Хуулийн төслийг зүгээр нэг санаачилж, өргөн барихгүй нь ойлгомжтой байх. Яг ямар шат дамжлагаар тэрхүү хууль хүчин төгөлдөр болох вэ?

-Тухайн зүйл дээр санал нэгдсэн хэдэн хүн нийлж хуулийн төслөө санаачилна. Санаачилсан хууль тогтоомжийн төслийн саналаа УИХ-ын Тамгын газарт бүртгүүлэх юм. Дараа нь сонгуулийн эрх бүхий 5,000 хүний гарын үсгийг тодорхой хугацаанд амжиж цуглуулна. Үүнийг нь УИХ-ын Тамгын газраас хууль санаачлагчид уламжилна.

-Хууль санаачлагч гэж УИХ-ын гишүүдийг хэлж байна уу?

-Тийм ээ. Тэд тухайн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх, эсвэл нийтэд тайлбар хийх үүрэгтэй.

-Нийтэд тайлбар хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Иргэдийн санаачилсан тэрхүү хуулийн төслийг яагаад хүлээж авах боломжгүйгээ тайлбарлана.

-Өөрөөр хэлбэл, хүлээж авах эсэх нь гишүүдийн бүрэн эрх гэж үү?

-Яг зөв. Үүнээс үзэхэд иргэд зөвхөн санаачилга л гаргана гэсэн үг. Гэхдээ энэ бол амаргүй. Тухайн иргэн 5,000 хүний гарын үсгийг цуглуулахын тулд бүх зардлаа өөрөөсөө гаргана. Ингэснээр иргэд хариуцлагатай болж ирнэ.

-Зардлын хязгаарыг тогтоосон уу?

-Тэгэлгүй яах вэ. Тухайлбал, улс төрийн нам эвсэл болон гадаадын хандивлагчаас авахгүй. Шашны байгууллагаас мөн авахгүй. Ингээд ирэхээр тэр хэмжээнд санаачилга өрнүүлэхийн тулд тухайн хүнээс золиос шаардах нь ээ дээ Энэ тохиолдолд илүү бодитой ажил болно. Харин шийдвэр гаргах түвшнийхэн тэрхүү бодит мэдээллийг үндэслэж л шийдвэрийг хүлээж авдаг механизмыг бүрдүүлж өгнө л гэсэн үг.

-Хууль санаачлах хүрээлэлд хязгаар бий юу?

-Бий. Жишээ нь, татвар болон Үндэсний аюулгүй байдал зэрэгтэй холбоотой асуудалд төсөл боловсруулахгүй. Түүнчлэн Үндсэн хууль болон төсвийн хуульд өөрчлөлт оруулах эсэхэд тодорхой хориг, хязгаарлалтыг тавьж өгсөн.

-Хэрэв Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хуулийн төслийг баталчихвал одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийг эргүүлэн татах, "унагах" боломжтой заалтыг тусгасан гэв үү?

-Жишээлбэл, Эрүүгийн хуульд эмч нартай холбоотой нэг заалт орсон байсан шүү дээ.

-Буцаачихдаг уу?

-Тийм. Үүнтэй адил зүйл байх юм бол иргэд санаачилга гаргаж болно. Яагаад болохгүй гэж. Учир нь, олон нийтийн эрх тэнд хөндөгдөж байна шүү дээ. Гэхдээ тэрхүү хууль, заалтыг хүчингүй болгохын тулд 5,000 иргэнээс санал авах шаардлагатай болно оо доо. Түүнчлэн тухайн асуудлаар 80 мянган иргэний гарын үсгийг цуглуулж чадах юм бол бүх нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэнэ.

-Лоббид автуулахгүй гэх баталгаа бий юу. Жишээ нь, 10 мянган ажилчинтай аж ахуйн нэгж байлаа гэж бодоход өөрсдөдөө ашигтай хуулийн төсөл санаачлаад ажилчдаараа гарын үсэг зуруулаад ороод ирвэл яах вэ?

-Бид хуульдаа байнгын оршин суугч гэдэг зүйлийг тусгаж өгсөн. Байнгын оршин суугч гэдэг нь тухайн газартаа 5-аас доошгүй жил ажиллаж, амьдарсан байх шаардлагатай. Газар зүйн байрлал, тархалт зэргийг нь зааж өгсөн. Тиймээс ийм зүйл байхгүй.

-Та хэлсэн 80 мянган хүний гарын үсгийг цуглуулсан тохиолдолд тухайн хуулийн заалтыг хүчингүй болгох эсэхэд ард нийтийн санал асуулга явуулах боломжтой гэж. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа нэг хуулийн заалтыг хүчингүй болгох асуудалд 80 мянган иргэн гарын үсгээ зураад өргөн баривал ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Ард нийтийн санал асуулгаар хүчингүй болгох нь зөв гэж олонх үзвэл тухайн хуулийн заалт автоматаар хүчингүй болно л гэсэн үг.

-Тэгэхээр чинь Үндсэн хуультай зөрчилдөх юм биш үү. Хууль тогтоомжийг гагцхүү УИХ-аас тогтооно гэж заасан байдаг. Гэтэл иргэний санаачилгаар УИХ-аас гаргасан хуулийг хүчингүй болгоно гэдэг нь Үндсэн хуулийг зөрчихгүй юу?

-Санал асуулгыг процессоор зохицуулна. Иргэд санаачиллаа, түүнийг нь УИХ өөрсдөө хуралдаж хүчингүй болгох эсэхээ шийднэ.

-Тэгвэл засаглалынхаа хэлбэртэй зөрчилдөхгүй гэж үү?

-Үндсэн хуулийн 3.1-т зааснаар Засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Энэ бол сонгуульд оролцож байгаа шууд процесс биш. Зүгээр л эрхээ эдэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс үүнийг мушгин гуйвуулах зэргээр харж болохгүй л дээ.

-Ингэхэд хуулийн төслийг санаачлахдаа судалгаагаа яаж хийсэн юм бэ?

-Мэдээж хэлэлцүүлэг өрнүүлсэн. 21 аймагт хийсэн хэлэлцүүлэгт 1,413 иргэн оролцож, 1,151 санал асуулгын хуудсыг бөглөж, ирүүлсэн байдаг. Салбарын мэргэжилтэн, судлаач, багш нар болон холбогдох төрийн албан хаагчдын дунд таван ч удаагийн хэлэлцүүлгийг нийслэл хотод зохион байгуулсан. Түүнчлэн нийслэлийн болон 21 аймгийн 32 иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хоёр өдрийн хэлэлцүүлгийг хийсэн.

-Цаг үеэ олсон гэж үзэж байна уу?

-Энэхүү хуулийн төсөл нь цаг үеэ олсон. Монгол Улсын хууль тогтоомжид зайлшгүй байх ёстой акт мөн. Харин анхаарах хэд хэдэн зүйл бий.

-Тухайлбал?

-Ард нийтийн санал асуулгын тухай хуультай хэрхэн уялдах, санал санаачилга гаргах иргэдийн тоо, хугацааг нягтлах шаардлагатай. Түүнчлэн санаачилгын үе шат, процедурыг хялбаршуулах хэрэгтэй. Дээр нь санал асуулга санаачлахгүй асуудлыг жагсаалтыг нягтлах, тухайлбал газар нутгийн тусгай хэрэгцээнд авах буюу гаргах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, хилийн цэс нэр өөрчлөх зэрэг байна.

Зураг