Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

З.Замбага: Эх, нярайн эндэгдлийн 60 хувь нь жирэмсэн үеийн эмгэгээс шалтгаалсан байна

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр "Зориг сан"-ийн хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн оролцогчид болох "Гэрэлт Ирээдүй” төслийн багаас санаачлан Улсын хэмжээнд жирэмсний хяналтыг хариуцдаг эмнэлгүүд болон "Намуун Зэт" продакшнтай хамтран “Эрүүл жирэмслэлт” төслийг боловсруулан, хэрэгжүүлж эхэлжээ.

“Эрүүл Жирэмслэлт” төслийн хүрээнд жирэмсний хяналтын ач холбогдлыг ойлгуулах, жирэмсэн эхчүүдийн жирэмслэлтийн талаарх мэдлэгийг сайжруулах төдийгүй гэр бүлийн гишүүд, цаашилбал жирэмсэн эмэгтэйг хүрээлж буй хүмүүсийн нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үндсэн зорилгоор "Эрүүл эхээс Эрүүл хүүхэд Эрүүл хүүхдээс Эрүүл Монгол" уриан дор жирэмсэн эхчүүдэд хэрэглэгдэх гарын авлагыг хэвлүүлж, мөн үндэсний хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулахад хэрэглэгдэх баримтат кино, нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн байна.

"Гэрэлт Ирээдүй” багийн гишүүн З.Замбага "2015 онд 80,875 хүүхэд төрсөн ба эх болсон эмэгтэйчүүдийн 80 хувь 20-34 настай. Дашрамд Монгол Улс дэлхийн хүн амын дундаж өсөлтөөс хоёр дахин өндөр өсөлттэй байгааг дурдахад таатай байна.

Жирэмслэлттэй холбоотой хамгийн чухал асуудал бол төрөлт нь эрүүл байх явдал юм. Өөрөөр хэлбэл, эрүүл эхээс эрүүл хүүхэд, эрүүл хүүхдээс эрүүл Монгол бий болно.

Харамсалтай нь 2015 онд 557 амьгүй төрөлт бүртгэгдэж, 21 эх, 1,234 нялхас эндсэн байна. Эндэгдлийн 60 хувь нь перинаталь буюу жирэмсэн үеийн эмгэгээс шалтгаалжээ. Мөн 13,816 нярай перинаталь үеийн эмгэг тухайлбал, ураг бүтэх, нярайн шарлалт зэргээс үүссэн өвчлөлтэй байгаа юм. 

Тиймээс "Эрүүл эхээс Эрүүл хүүхэд Эрүүл хүүхдээс Эрүүл Монгол" уриатай “Эрүүл Жирэмслэлт” төслийг хэрэгжүүлж байна" хэмээн ярилаа.

Багийнхан эх, нялхсын эндэгдэл, түүний шалтгаан болох жирэмсний үеийн эмгэг, тулгамдсан асуудлыг үндэсний хэмжээнд шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажээ.