Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Ард түмний эмнэлэг”-ийн барилгад хөрөнгө оруулахыг уриаллаа

О.Дүүрэнжаргал, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аян орон даяар өрнөөд хоёр жил болж байгаа. Энэхүү аяныг санаачлан зохион байгуулсан “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн, мэдээгүйжүүлэх эмч О.Энхмаа хэвлэлийн хурал зарлан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ингэхдээ СХД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж эхлээд байгаа “Ард түмний эмнэлэг”-ийн барилгын төсөвт хандив өргөхийг, хамтран ажиллахыг иргэдэд уриалсан юм. 

Нийт 100 ор бүхий уг эмнэлэг ашиглалтад орсноор СХД-ийн алслагдсан хороодын иргэдэд эмнэлгийн тусламжийг ойртуулах, хүртээмжтэй хүргэх, шинэлэг технологийг нэвтрүүлэх зорилгоор ажиллах ажээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 18-нд тус эмнэлгийн шавыг нь тавьж, барилгын ажлыг эхлүүлсэн ба одоогоор ажил 20 хувьтай байгаа гэнэ. 

Мөн “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн О.Энхмаа “Энэ ажлыг хийхэд Барилга хот байгуулалтын яам болон арав гаруй хувийн компаниуд тусламж, дэмжлэг үзүүлсэн. Тэр бүгдэд баярласнаа хэлмээр байна. Мөн СХД-ээс сонгогдсон зургаан УИХ-ын гишүүн болоод ард иргэд минь сайхан сэтгэл гарган энэхүү ажлыг дэмжиж, туслалцаа үзүүлээч ээ” гэлээ.

Хуралд СХД-ийн ард иргэдийн төлөөлөл болж иргэн С.Пүрэвжав, Д.Дамчаа нар оролцсон бол ирэх сард болох хандивын тоглолтод оролцож буй соёл урлагийнхны төлөөлөл болж дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, залуу дуучин Д.Отгончимэг, “Moon Dance” бүжгийн хамтлагийн ахлагч О.Эрдэнэ-Очир нар оролцон хоёрдугаар сарын 6-нд болох тоглолтыг үзэхийг, хандив өргөхийг уриалсан юм. 

Уншигч та бүхэн Хаан банкны 5009758243 тоот дансанд хандив өргөх боломжтой.