Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол эмч нарын хийж буй ЗҮРХНИЙ НЭЭЛТТЭЙ МЭС ЗАСАЛ олон улсын түвшинд хүрчээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Улсын гуравугаар төв эмнэлэгт сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 137,301 үйлчлүүлэгчид зүрхний мэс заслын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийснээс 6,643 өвчтөнг хэвтүүлэн эмчлүүлжээ.

Үүүнээс 3,887 өвчтөнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Үүний 571 нь хүүхдийн зүрхний төрөлхийн болон олдмол гажигийн мэс засал аж.

Тус эмнэлэг 2016 онд зохиомол цусны эргэлттэй зүрхний нээлттэй мэс заслын тоог анх удаа 228 тохиолдолд хүргэжээ. Зүрхний нээлттэй мэс заслын 228 тохиолдлын 158 нь насанд хүрэгч, 70 нь 0-5 насны нярай, бага насны болон 18 хүртлэх насны хүүхдүүд байжээ.

Харин 13 хүүхдийн хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн бүх тохиолдлууд өмнө нь Монгол Улсад хийх боломжгүй мэс заслууд байсан байна.

Гэвч дээрх 13 хүүхдийн мэс засал эмчилгээ бүгд үнэ төлбөргүй хийгдсэн бөгөөд зардлын 75 хувийг Засгийн газрын тогтоолоор эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулиар зохицуулагдсан зүрхний өндөр өртөгтэй мэс заслын хөнгөлөлтөнд хамруулж, иргэний өөрөө төлбөх 25 орчим хувийг БНСУ-ын Рафаэль Олон Улсын ТББ-аас нийт 82.5 сая төгрөгийн эм, эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг хандивлан, 100 хувь үнэ төлбөргүй хийж өгчээ.

Энэ нь Монгол иргэн өөрийн эх орондоо өндөр чанартай зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжоор хангаж өгсөн явдал. Тус эмнэлгийн Зүрхний төвийн харъяа зүрх судасны мэс заслын тасаг нь зүрхний зохиомол эргэлттэй нээлттэй мэс заслын тоог ойрын 1-2 жилийн дотор  300 тохиолдолд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

 

Люксембургийн Их Гүнт Улсын засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Зүрх судасны төв, эх  нярайн эрүүл мэнд, цахим эрүүл мэндийн өргөжилт МОН005” төслийн хүрээнд тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт зүрхний мэс заслыг өдөрт 1 тохиолдол, жилдээ 250 мэс засал тогтвортой хийгдэх нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан байна. Энэ хүрээнд зүрхний мэс заслын аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулах, зүрхний мэс заслын шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, зүрхний мэс заслын үндэсний баг мэргэжилтнүүдэд Люксембургийн зүрхний төв болон бусад гадаадын институтуудын тусламжтай ажлын байран дээрх сургалт-мэс засалуудыг тогтмол зохион байгуулах, мэс заслын суулгац болон нэг удаагийн материалуудын хангалтыг сайжруулах зэрэг олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.

Мөн Монгол Улсын засгийн газрын бодлого, Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар тус эмнэлэгт олон улсын түвшинд хүрсэн, бүрэн вакуумжсан зүрхний мэс заслын 2 өрөөг ашиглалтанд оруулсан нь зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангахад ихээхэн ач холбогдолоо өгсөн байна.

Зүрхний нээлттэй мэс заслын тоо анх удаа ийнхүү 228 тохиолдолд хүрсэн явдалд гадаадын өндөр хөгжилтэй орны тухайлбал Люксембургийн Зүрхний төвийн интервеншнл кардиологийн институт, БНСУ-ын “Зүрхний сан”, Ионсей Северенсе эмнэлэг болон Сөүлийн Их сургуулийн эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын профессорын багуудийн үүрэг роль их байжээ.

III эмнэлгийн зүрх судасны мэс заслын баг гадаадын дээрх институтуудын багтай хамтран жилдээ 5-6 удаагын ажлын байран дээрх хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулж, дадлагажихын зэрэгцээ, дээрх багуудтай хамтарч жил бүр 20-30 хүүхдэд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийлгэх боломжоор ханган ажиллаж байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.