Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Рекитер” киноны од Саят Исембаев Л.Бүжинлхам охинд туслахыг уриаллаа

Б.Сумъяа, Монголын мэдээ
2017 оны 1 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Казахстаны “Сатай” фильмийн бүтээл “Рекитер-2” киноны Монгол дахь нээлт 2015 оны наймдугаар сарын 21-нд болж байсан. Тухайн үед тус киноны гол дүрийн жүжигчид болох Мурат Бисенбин /Руслан/, Саят Исембаев /Саян/, Сатай фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар хүрэлцэн ирж байсан юм. Тэгвэл нэг хэсэгтээ л Казахстан, Монголын залуусыг байлдан дагуулж байсан “Рекитер” киноны од Саят Исембаев хоёр дахь удаагаа Монголд буулаа.

Тэрбээр хэд хэдэн үйл ажиллагаанд оролцохоор иржээ. Улмаар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай долоон настай Л.Бүжинлхам охины мэс засалд хандив өргөхийг нийт монголчуудад уриалсан юм. Хэвлэлийн бага хуралд Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Тэнгэрийн Модун ТББ-ийн тэргүүн Г.Батхүү, “Рекитер” кинонд Саяны дүрд тоглосон жүжигчин Саят Исембаев болон “Мишээл экспо” ХХК-ийн захирал Э.Энхболд, Л.Бүжинлхам охины аав П.Лхагвасүрэн нар оролцлоо. 

Хурлын эхэнд Тэнгэрийн Модун ТББ-ийн тэргүүн Г.Батхүү “Рекитер” киног албан ёсны эрхтэйгээр Монголд гаргах үед “Сатай” фильмтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Сатай” фильм бол Казахстаны хамгийн шилдэг кино бүтээгч компани байгаа юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд саяхан “Ар хударга” кино Казахстанд нээлтээ хийж, тодорхой хэмжээний амжилтад хүрсэн. Цаашдаа ч хамтын уран бүтээл хийх төлөвлөгөө бий. Өмнө нь Саят өөрөө ч ярьсан. Гэхдээ яриад өнгөрөх бус, хэрэгжүүлэх зорилгоор Монголд ирсэн. 

Мөн Мишээл экспод зохион байгуулагдах Казахстан- Монголын соёлын өдөрлөгт оролцоно. Түүнчлэн, сайн үйлсийн аяныг зохион байгуулж, нэг гэр бүлд хандив өргөх юм” гэлээ. Тус байгууллага, Сатай фильмтэй хамтран “Рекитер” киноны гуравдугаар ангийг бүтээж, олон улсын зах зээлд гаргах зорилготой ажиллаж байгаа юм байна.

Гэхдээ киноны зохиол хараахан бэлэн болоогүй бөгөөд жүжигчин Саят Исембаев зохиолоо ярилцахаар өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Мөн үүний сацуу сайн үйлсийн аянд нэгдэж, төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй гэж оношлогдон хоёр сартай байхдаа цөсний суваг нээх касайн хагалгаанд орж, уг хагалгааны дараа элэг шилжүүлэн суулгахгүй л бол урт наслах боломжгүй гэх хариу сонссон долоохон настай Л.Бүжинлхам охины мэс засал, эмчилгээний зардалд хувиасаа хандив өгөхөө илэрхийлж, нийт Монгол дахь шүтэн бишрэгчид, кино сонирхогчид, нийт монголчуудад хандан охинд туслахыг уриаллаа. 

Саят Исембаев “Хоёр дахь удаагаа Монголд ирж байна. Казахстанд байхдаа Л.Бүжинлхам охины тухай сонссон. Монголын ард түмнийг бид хайрладаг хүндэлдэг. Тэр ч үүднээс нийт монголчуудад хандан бага гэлтгүй боломжоороо тодорхой хэмжээний мөнгөн хандивыг долоон настай охины эмчилгээний зардалд нэмэрлээрэй гэж хүсч, бас уриалж байна.

Казахстанд ч гэсэн сайн үйлсийн аян зохион байгуулагддаг. Гэхдээ тэрийг энд дурьдаад дэмий байх. Монголчууд хүчтэй, найрсаг, зочломтгой ард түмэн. Тус хэзээ ч багадахгүй. Хүнд хэдий чинээ тус хүргэнэ, төдий чинээ хариу нь өөрт ирж байдаг гэх үг бий. Тиймээс охинд чадах чинээгээрээ туслахыг уриалж байна” гэсэн юм. Тэрбээр өөрөө хоёр хүүхэдтэй бөгөөд ууган хүү нь 15 настай бол бага нь хоёр настай охин гэнэ. 

Саят Исембаев үргэлжлүүлэн “Гэр бүлээрээ элэг бүтэн байх шиг жаргал хаана ч үгүй. Хайр гэдэг гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт байхын нэр юм” хэмээгээд Л.Бүжинлхам охины аав П.Лхагвасүрэнд хандан “Итгэл найдвараа хэзээ ч битгий алдаарай. Твиттер, фэйсбүүк, инстаграмм, интернэт гээд өөрийн чадах бүхнээрээ хандив өргөх нэгнийг хай. Тусалж чадах хүн бүрт хандаарай. 

Охиныхоо төлөө битгий шантар, энэ бол эцэг эхчүүдийн үүрэг” гэж захисан юм. Том болоод эмч болох хүсэлтэй Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Нэгдүгээр эмнэлэгт хийхээр болсон бөгөөд эмчилгээний зардал нь 70 сая төгрөг гэнэ. Сайхан сэтгэлт монголчууд ч хандивын гараа сунгасны дүнд эдүгээ 20 орчим сая төгрөг хуримтлагджээ. Харин цаана нь 50 сая төгрөг цуглуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс сониныхоо зүгээс ч нийт уншигчдаа долоохон настай бяцхан охинд амьдрал хайрлахыг уриалж байна. 

Хэрвээ уншигч та бүхэн охинд туслахыг хүсвэл Л.Бүжинлхамын нэр дээрх Хаан банкны 5042409122 Голомт банкны 1605121634 Төрийн банкны 105000721324 тоот данс руу хандиваа илгээнэ үү.

Зураг