Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын цагаан сараар хуурамч найз бүсгүй түрээслэх үнэ гурав дахин нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн сар шинийн баяраар Хятадын залуу үеийнхэн гэр бүл, хамаатан садныхандаа очиж золгоход нь нэг том асуудал үүсдэг. Тэднийг ганц бие байвал настайчууд нь зэмлэж, дарамталдаг, гэр бүлтэй болох амлалт шаарддаг нь түгээмэл үзэгдэл.

Энэ хүндрэлийг давахын тулд хуурамч буюу жүжигчин найз бүсгүй, найз залуу түрээслэх бизнес Хятадад хүчээ аваад байна.

Өмнөх жилүүдэд хуурамч найз түрээслэх зардал өдрийн 500-2,000 юань болдог байсан юм. Үүнд хоол, тээвэр зэрэг бусад зардлууд багтдаггүй гэнэ.

Тэгвэл энэ жил ганц биечүүдэд өдрийн 6,000 юаниар үйлчлэх зар Хятадын сошиал сүлжээнд тавигдах болсон нь үнэ огцом нэмэгдсэнийг харуулж байна.

Ийм зарууд биеэ түрээслэх нөхцлийг “ногоон” үйлчилгээ гэж тодотгож байгаа нь ямар нэг бэлгийн харилцаа, тэр ч байтугай үнсэх хориотой гэсэн үг ажээ.

Зөвхөн энэ үйлчилгээгээр дагнасан зарын вэбсайтууд ажиллаж эхэлсэн байна. Зарим үйлчилгээ нь зөвхөн жүжиглэхээс гадна сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, жинхнээсээ гэр бүлтэй болоход нь урам өгнө гэж амлажээ.

Үүнээс гадна ар гэрийнхэнтэй нь уулзсанаас хойш хэсэг хугацаанд утсаар эцэг эхтэй нь харилцаж байх үйлчилгээг нэмэлт үнээр санал болгож байна.

Зарим вэбсайтад дуудлага худалдаа хүртэл хийдэг болсон байна. Санаанд таарсан хүнээ түрээсээр авахын тулд нэг юаниас эхлэн үнэ хаялцах замаар өрсөлддөг ажээ.

Судлаачид энэ үзэгдлийг Хятадын шинэ, хуучин үеийнхний гэр бүлийн талаар ойлголт хэр их зөрүүтэй байгаагийн илрэл гэж үзэж байна. Өндөр настнууд ганц бие байснаас бүтэл муутай ч гэр бүлтэй болох нь илүү гэж үздэг бол залуучууд нь барууны хэв маягийн амьдралыг илүүд үзэх болжээ.

 

 Эх сурвалж: South China Morning Post