Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд гадаадын жишигтэй ийм сайхан эмнэлэг байгаа нь сайн хэрэг

ikon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
 

“Интермед” эмнэлэг үнэхээр өөр юм аа.

Тоног төхөөрөмж нь мундаг, эмч нар нь чадалтай, сувилагч, асрагч нар нь сэтгэлтэй, үйлчилгээ сайтай. Олон жил ямар нь мэдэгдэхгүй өвчнөөр шаналж, хаана хандахаа мэдэхгүй байсан ахын маань оношийг тодруулаад зогсохгүй өвчнөөс нь салгаж, амийг нь аварлаа. Үнэндээ эмнэлгүүд бие бие рүүгээ “шидэлж”, гадаадыг зорихоос өөр аргагүй болсон үед “Интермед” эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөсөн эмчид баярлаж байна.

Ийм эмнэлэг Монголд байхад бид гадаадыг зорих шаардлагагүй юм байна. Өчнөөн мөнгө үрж, гаднын эмнэлэг, эмч нарыг шүтэж очоод хэл усаа ч ойлголцохгүй, өвчнийхөө талаар бүрэн мэдээлэл авч чадалгүй эмчилгээ үйлчилгээг авдаг цаг ард үлджээ. Танай сайтаар дамжуулан дүүг минь аварсан тус эмнэлгийн эмч, ажилтнуудад баярласан талархсанаа илэрхийлэх гэсэн юм.

Бидэнд ийн хандсан иргэний хүсэлтийг бид хүлээн авч, дүү н. У-тай нь уулзсан юм.


- Анх 2006 онд би ханиад хүрч, ханиалгаж эхлэхэд цагаан хөөс шиг цэр  гараад байсан.

Халуураад, амьсгалахад цээж нил хөндүүр өвчин болсон. Тухайн үед сумын эмнэлэг хот руу явж үзүүл гэсэн болохоор шууд онгоцонд сууж хотод ирсэн. Газраар явж болохгүй гэсэн л дээ.

Ирээд нэгдүгээр эмнэлэгт үзүүлж, дурандуулсан. Яаралтай хагалгаанд ор гэсэн боловч унтуулгын эм байхгүй гэснээр хойшлуулах шаардлагатай болсон. Ашгүй, халуурахаа ч болиод, арай гайгүй зовиургүй болохоор нь нутаг буцсан л даа. Гэтэл хоёр жилийн дараа дахин ханиалгаад, цагаан хөөс шиг цэр гарч эхэлсэн.

Дахин нэгдүгээр эмнэлэгт ирж үзүүлэхэд “Тератома” гэсэн онош тавьж хагалгаанд оруулсан. Уушгины хоргүй хавдар гэсэн ч зүрхэнд хэт ойр байрласан болохоор гүйцэд авч чадаагүй, жаахан юм үлдээсэн юм билээ. Түүнээс хойш ханиад хүрэхээр хахаж цацдаг, цагаан хөөс шиг цэр гараад л, их зовиуртай.

Ингэж явсаар өнгөрсөн жил шинэ жилийн өмнөхөн ханиад хүрсэн чинь бүр хүндрээд цагаан хөөснөөс гадна цус гарч эхэлсэн. Ханиалгахад бас урт үс гараад айлгасан л даа. Хавдар судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд “хавдрыг бол манайх авчихна, гэхдээ зүрхэнд хэт ойр байна, тэгэхээр зүрх талаас гуравдугаар эмнэлгээс зөвлөгөө авах хэрэгтэй гэсэн. Гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт очиж үзүүлэхэд “зүрхийг бол аварч чадна, харин уушгины хавдрыг авч чадахгүй” гэсэн.

Тэгээд хаачихаа мэдэхгүй гайхаад зогсч байтал тэндхийн эмч “Интермед эмнэлэгт юутай ч үзүүл, тэднийх аппарат тоног төхөөрөмж сайтай” гэж зөвлөсний дагуу очиж үзүүлсэн. Интермед эмнэлгийн эмч үзээд, шаардлагатай шинжилгээ хийлгэж, зураг авахуулсны дараа “Яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Хүнд хагалгаа болох нь, 50 хувийн магадлалтай” гээд, ер нь л хэцүүхэн юм хэлсэн дээ. Бидэнд өөр сонголт байгаагүй ээ. Гадагшаа явахаа больж, Монголынхоо эмч нарын чадалд итгэхээр шийдсэн. Хагалгаа ч амжилттай болсон.

Нэг уушгийг маань тэр чигээр нь, хавдрыг бүгдийг авсан. Гэрийнхэнд маань авсан эдийг үзүүлэхэд үс хялгас, бужигнасан цагаан юм л байсан гэнэ лээ. Надаас авсан хавдар ерэн хувийн хоргүй гэж шинжилгээгээр гарсан ч баталгаажуулахын тулд давхар хамтран ажилладаг эмнэлэгруу буюу Бээжин рүү шинжилгээг давхар илгээж, хариу нь “хоргүй” гэж гарсан юм билээ.

Миний энэ өвчин бол Европт элбэг, харин Монголд маш ховор тохиолддог эмгэг гэсэн. Анх үр хөврөлийн явцад хоёр ихэр эс байгаад нэг нь үхжин, нөгөө рүүгээ наалдсан гэж л эмч нарын ярианаас ойлгосон. Эмнэлгүүдэд үзүүлээд, бүтэлгүй хариу сонсохоор өмнөд Солонгос руу л явах тухай бодож, ар гэрийнхэн дүү нар маань мөнгө төгрөг хөөцөлдөж, бэргэн дүү маань тийшээ найзтайгаа ярьсан байсан. Азаар энэ хүнд хагалгааг эх орондоо амжилттай хийлгэчихлээ. Ийм сайхан эмнэлэгтэй болсныг сонсч байснаас үйлчлүүлээд, үр дүнг нь өөрөө хүртэнэ чинээ санаж байсангүй.

Тус эмнэлгийн үйлчилгээ надад маш их таалагдсан. Түргэн, шуурхай, цэвэрхэн, тоног төхөөрөмж сайтай. Шаардлагатай шинжилгээ, оношилгоог дор нь хийчихдэг. Монголд гадаадын жишигтэй ийм сайхан эмнэлэг байгаа нь сайн хэрэг. Би өөрийгөө их азтайд тооцож байгаа. Үнэндээ би хаашаа хандахаа мэдэхээ больсон байсан. Гэтэл ийм эмнэлэг байдгийг сонсоод ирж эмчлүүлээд, эдгэрээд гарах хэчнээн сайхан байна гээч.

Би Сүхбаатар аймагт сумандаа сургуулийн бага ангийн багш л даа. Мэргэжлийн дагуу маш их ярих хэрэгтэй болдог. Удаан ярихаар хоолой жаахан хатаад сөөгөөд байдаг юм. Хоолой маань бага зэрэг сөөнгө болсныг эс тооцвол өөр зовиур алга. Гэхдээ гам сайн барих шаардлагатай, ханиад хүрэхгүй, хүнд хүчир ажил хийхгүй байх хэрэгтэй гэсэн. Алтан гартай эмч нар юу чаддагаа харуулж намайг аварлаа, харин цаашид надаас өөрөөс эрүүл мэнд минь шалтгаалах болж байна.


 

А.Болд: Төрөлхийн тератом гэдэг нь ихэвчлэн үр хөврөлийн явцад бий болдог эмгэг

Ингээд эмчлэгч эмч, мэс засалч А.Болдтой уулзаж, энэ ховор тохиолдлын талаар сонирхлоо.

- Бидэнд танай нэг үйлчлүүлэгч хандаж, та бүхэнд талархсанаа илэрхийлэхийг хүссэн юм. Өнгөрсөн жил мэс засалд орсон юм билээ. Уушгины хавдраа авахуулсан гэсэн?

- Аан, У- юу. Санаж байна. 2015 оны арван хоёрдугаар сарын 22-нд шиг санагдаж байна. Шинэ жилийн өмнөхөн ирж байсан.

Том шилэн сав хар даавуугаар ороогоод хоолойдоо тулгаад барьчихсан. Тэр нь дүүрэн цус, цэр, салст холилдсон бөөн цагаан юм. Сандарсан л даа.

Бид яаралтай тусламж үзүүлж, дурандуулаад, ямар ч байсан амь насны заалтаар мэс заслын эмчилгээ хийлгэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Тэгээд л яаралтай мэс засалд оруулсан.

Мэс заслын дараа харин 7-8 дахь хоногтоо шарх анхдагчаар эдгэрч биеийн байдал сайжран үр дүн гараад эмнэлгээс гарсан.

- Хүнд хагалгаа гэж сонссон. Зүрхэндээ ойр болохоор бусад эмнэлэгт авч болохгүй байсан гэсэн байх аа?

- Хавдар нь хэмжээ том, баруун талын цээжний хөндийд байрласан 12 х 18 см, тэр нь уушгины артерийн судас уруугаа нэвчээд ургасан.

Ханиалгахаар цуснаас гадна үс, хумс, арьс, янз бүрийн биетүүд гарч ирээд байсан юм билээ. Бид үзэж, шинжилсний дараа тератом буюу төрөлхийн уушгины хоргүй хавдар гэдэг онош тавьсан. Энэ нь үр хөврөлийн явцад бий болж, улмаар уушгины хавдар болсон байгаа юм.

Бид цээжний хөндийг нээж хавдрыг тайрахын тулд судастайгаа наалдан нэвчиж ургасан байсныг дотор талаас нь зүрхний үнхэлцэг хальсыг нээж судсыг боож, хавдартай уушгийг бүхэлд нь тайрч авсан. Мэс ажилбар маань нэлээн хүндхэн болсон.

2008 онд анх нэгдүгээр эмнэлэг дээр хагалгаа хийлгэж авахуулсан ч тухайн суурин дээр хавдар ахин бий болсон гэсэн үг. Хавдар судлалын үндэсний төв дээр очоод анх үзүүлэхэд “хавдар бол авагдана, гэхдээ судастайгаа ойрхон, судас руугаа нэвчилттэй юм байна” гэсэн юм билээ. Гуравдугаар эмнэлгийн судасны эмчээс зөвлөгөө авахад “судсыг бид тодорхой хэмжээгээр боож болох юм байна. Гэхдээ хавдар нь их том байна” гэсэн. Ийм байдлаар ийш тийш явж, хаачихаа мэдэхээ больсон байсан.

Манайд эмнэлэг хоорондын харилцан шүтэлцээ, уялдаа байхгүй. Эмч нар маань хоорондоо туршлага солилцох, хамтран ажиллах зэрэг уялдаа байхгүйн улмаас хүмүүс төөрөлдөж байна. “Цусаар бөөлжөөд зогсохгүй бол  Солонгос явъя, юутай ч “Интермед” эмнэлэгт очиж мухарлая” гэж бодож ирсэн юм билээ. Үнэхээр тэр залуу онгоцонд суух ч нөхцөлгүй, маш хүнд байсан.

- Тератом гэж чухам ямар эмгэг вэ. Үр хөврөлийн явцад бий болсон гэхээр төрөлхийн хавдар гэсэн үг үү?

- Төрөлхийн гэдэг нь ихэвчлэн үр хөврөлийн явцад бий болдог удаан ургадаг эмгэг. Энэ хавдар их онцлогтой. Дотроо үс, арьс, шүд, яс, хуйх гээд олон бужигнасан цагаан юм агуулан /хөлсний булчирхайн/  цээжний хөндийд уушгин дотор байна гэсэн үг.

Ханиалгахаар энэ хавдар нь цагаан мөгөөрсөн хоолойтой холбоотой тул бүгд шүлс, цэртэй хамт амаар нь гарч ирдэг. Энэ залуугийн хувьд цагаан мөгөөрсөн хоолой нь цоорсон мөн судасны ханатай холбоотой цооролт үүссэнээс ханиалгахаар цус, үс гарч ирдэг, тэрийг нь зулгаахаар уртаас урт үс гарч ирэх жишээтэй.

Манай эд эсийн шинжилгээний эмч нар энэ ховор тохиолдлыг ОУ-н судалгаанд харьцуулан судалж амжилттай илрүүлсэн. Учир нь ийм төрөлхийн эмгэгтэй хүн 37 нас хүртлээ амьд явах тохиолдол дэлхийд харьцангуй ховор байдаг юм байна. Ерөнхийдөө өвчлөлийн хувьд ч харьцангуй ховор.

Ер нь мэс заслыг амжилттай хийж, хүний амь насыг аврах нь ганц мэс заслын эмчээс шалтгаалахгүй. Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасаг, унтуулгын эмч, дурангийн эмч нар, зүрхний, дотрын эмч нар гээд нэгдсэн эмнэлгийн хамт олон, бүх л бүтэн багийн ажлын үр дүн байдаг.

Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс засал, унтуулга, эрчимт эмчилгээний явцад хэрэглэгдэх багаж төхөөрөмжүүд хангалттай, сонголт сайтай байгаа нь маш их нөлөөтэй. Эмч нар мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэдээлэл авах, солилцох, дадлага, туршлагаа арвижуулах энэ бүх боломжоор хангаж байгаа эмнэлгийн удирдлагад ч баярлах хэрэгтэй.

Мэс засал амжилттай болж, эрүүл саруул болж, аймагтаа очиж, эргээд ажлаа хийгээд явж байгаа нь эмнэлгийн хамт олны хүч.


Шигтгээ:

Тератома хавдар нь янз бүрийн эрхтнүүдэд үүсч болдог бөгөөд хамгийн элбэг тохиолддог эрхтнүүдэд өндгөвч, ахар сүүлний хэсэг, голт зэрэг орно.

Уушгины тератомыг анх 1839 онд Морр танилцуулсан бөгөөд түүнээс хойш цөөн тохиолдлууд бүртгэгдсэн байна. 1939-2007 оны хооронд нийт 67 тохиолдол бүртгэгдсэнээс 35 нь Япон, 7 нь Өмнөд Солонгос, үлдсэн нь англи хэлэн дээрх хэвлэлүүдэд хэвлэгдсэн байжээ. Монгол Улсад оношлогдсон уушгины тератома нь маш ховор хавдар юм.

Эмнэлзүйн хувьд гол шинж нь цээжний өвдөлт, цустай ханиах болон үстэй цэр гарна. Гистологийн хувьд хоргүй тератома нь үр хөврөлийн 2 болон 3 давхаргаас гаралтай эдүүдээс тогтдог бөгөөд ховор тохиолдолд бүрдүүлж буй эдүүд нь хортой хавдарт шилжих боломжтой. Уушгины тератомаг зөвхөн мэс заслаар эмчилдэг.

Дээрх тохиолдолд хавдар нь уушгины дотор байрласан, гуурсан хоолойн хөндийтэй харьцаатай, өвчтөнд уушгинаас гадна өөр хавдар илрээгүй байсан. Өөх, арьс, арьсны дайвар болон түрүү булчирхайн булчирхайлаг бүтцүүд илэрсэн байна.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.