Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс АВЛИГЫН индексээр 15 байр УХАРЧЭЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

-Монголын эдийн засгийн хүндрэлд түүхий эдийн уналтаас илүү АВЛИГА нөлөөлсөн гэж үзжээ-

Берлинд төвтэй олон улсын "Транспаренси Интернэшл" байгууллагаас өнөөдөр дэлхий даяар 2016 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарлалаа. Тус байгууллагын Монгол дахь салбар Монгол Улсын авлигын индексийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг Нээлттэй нийгэм форумын байранд зохион байгуулсан юм. 

Монгол Улс 2016 онд авлигын индексээр дэлхийн 176 орноос 38 оноотойгоор 87 дугаар байранд эрэмбэлэгджээ. Энэ нь өнгөрсөн 2015 оныхоос 15 байраар УХАРСАН үзүүлэлт боллоо. Тус индексийг гаргахдаа олон улсын байгууллагууд салбар бүрийг 0-100 оноог хүртэл дүгнэдэг бөгөөд нийлбэр нь 50 онооноос доош бол авлига маш их бөгөөд ноцтой байгааг харуулж байгаа хэрэг юм. 

Авлига хамгийн багатай орноор Шинэ Зеланд, Дани, Финланд нэрлэгдсэн бол хамгийн ихтэй орноор Өмнөд Судан, Сири, Хойд Солонгос оржээ. 

Манай улс Панама, Замби улсуудтай эн тэнцүү оноо авчээ. Харин манай урд Ямайка, Лесото зэрэг улсууд орсон байна. Хойд хөрш ОХУ-ын хувьд 131 дүгээр байрт, өмнөд хөрш БНХАУ 79 дүгээр байрт оржээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

2012 онд 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2016 оны эхний 9 сарын байдлаар хасах - 1.6 хувьтай болтлоо буурсан нь түүхий эдийн үнийн уналтаас илүүтэйгээр авлигын хүчин зүйлс нөлөөлж Монгол Улс бүхэлдээ авлигын хямралд ороод байгаагийн нотолгоо гэж үзсэн байна.

Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож Монгол Улсын өрсөлдөх чадвар буурч улмаар Монгол Улсын үндэсний аюулгуй байдалд нөлөөлөх хэмжээнд хүргэсэн тухай Транспаренси Интернэшнл байгууллагаас мэдэгдсэн юм. 

Авлигын төсөөллийн индекс 2016:
 

Хэвлэлийн бага хурлын үеэр эдийн засагч Д.Жаргалсайхан Монгол Улсын авлигын нөхцөл байдлын талаар бичсэн "Монголика" нийтлэлийнхээ талаар ярьж, авлигын асуудлаар өөрийн санал бодлоо илэрхийллээ. 

Тэрбээр нийтлэлдээ улс орнуудыг далайд явж буй хөлөг онгоцтой зүйрлэсэн бөгөөд Монгол Улсыг харуулсан "Монголика" хөлөг онгоцны таван давхраар өнөөгийн нийгмийн анги давхаргын ялгааг харуулжээ. 

Монголика нийтлэлийн хэсгээс "Усан онгоцны бөөрийг жин, даацынх нь хамгийн зохистой түвшинд байхаар ялгаатай өнгөөр буддаг. Доод тал нь харагдах үгүйтэй усанд суусан хөлөг онгоц нь эдийн засгийн хувьд хамгийн өгөөжтэй хурдалж чаддаг. Хэрэв онгоцны ёроол цоорвол дээд талын өнгөн хэсэг доошилж эхэлдэг. Хэрэв цоорхойг (авлигыг) бөглөж, орсон усыг (гэмт хэргийг) нь цэвэрлэж чадахгүй бол хөлөг онгоц аажмаар живнэ. Өөр сонголт үгүй.

...Энэ авлига гэдэг нүх нь томорсоор, үүнийг нь бөглөхгүй, алдсан усыг нь цэвэрлэхгүй явсаар “Монголика” гэдэг хөлөг онгоц живж байна. Үүнийг дагаад бүх давхар тэр чигээрээ живнэ гэдгийг ойлгож, анхаарч буй хүн одоогоор харин цөөн бололтой.

Авлигатай улс яаж зовдгийг Хойд Солонгос, Сомали, Суданы онгоцноос харахгүй байна уу, монголчууд аа? Та бид хэдий болтол намын нэрээр нүүрэндээ халхавч зүүсэн дээрэмчдэд дарлуулах юм бэ? Улс төрийн намууд удирдлага санхүүжилтийн тайлангаа гаргахгүй, хуулиа зөрчөөд буйг хэзээ зогсоох юм бэ? Хандив нэрээр Монголоо зарчихлаа шүү дээ. “Монголика” чинь “Титаника” болжээ".