Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Билгүүн: Утаанаас зугтаж биш, нүүр тулж тэмцэхээс өөр аргагүй

Б.Төрбат
2017 оны 1 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн агаарын бохирдол, утаа гамшгийн хэмжээнд хүрснийг эрх баригчид хүлээн зөвшөөрсөн. Тэд өнгөрсөн 10 жилийн турш утаатай тэмцсэн ч тэрхүү тэмцэлдээ ялагдал хүлээснээ саяхан хүлээн зөвшөөрч, цагаан тугаа өргөсөн билээ. Магадгүй нөгөө талаас өнөөгийн эрх баригчид хэсэг амсхийж хүчээ сэлбэн дахин уухайлан утаатай тэмцэх эцсийн боломжийг ч эрэлхийлж суугаа байж болох юм. Тэгвэл нийслэлчүүдийн шүдний өвчин болсон утаанаас дөрөвхөн жилийн дотор нэг мөр салах гарц байгааг "МВС" компанийн дэргэдэх "Компакт сити" төслийн багийнхан хэлж байна. Энэхүү арга замын талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Дөрөвхөн жилийн хугацаанд нийслэлийг утаанаас нэг мөр салгах арга зам, шийдэл бий гэж сонслоо. Бүр төсөл нь хүртэл хөрсөнд буухад бэлэн болчихсон гэв үү?

-Тийм ээ, бид асар богино хугацаанд үр дүнд хүрэх "Компакт сити" гэх нийгмийн төслийг боловсруулсан. Энэхүү төсөл маань хэрэгжих аваас утаанаас нэг мөр салах боломжтой. Манай төслийн баг нь барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бүр 1998 оноос өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

"Компакт сити" төслийн багийг “МВС" ХХК-ны дэргэд Улаанбаатар хотод гамшгийн хэмжээнд нүүрлээд буй агаар хөрсний бохирдлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой байгуулсан. Нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл, үе үеийн төлөөлөл болсон салбар бүртээ мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүд манай багт цугласан гэж ойлгож болно.

-Нийгмийн төсөл гэлээ. Их содон сонсогдож байх чинь?

-Манай улс гадаад, дотоодын янз бүрийн төслийг хэрэгжүүлдэг. Тэрхүү төслүүд нь өөрийн зорилго, зорилтот салбар болон нийгмийн бүлгийг хамруулдаг байдлаараа өөр өөрийн онцлогтой. Харин нийгмийн гэсэн тодотгол өмнө нь сонсогдож байгаагүй болохоор илүү содон байгаа байх.

Утаа, утаа бас дахин утаа. Утаа нь өөрөө хөрөнгө мөнгө, эрх мэдэл, намын харьяалал юу ч хамааралгүй биднийг хордуулж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийг бүхэлд нь хамарч байна шүү дээ. Шийдэх хэрэгтэй юу гэвэл шийдэх ёстой. Бүр заавал шийдэх ёстой.

-Тэгэлгүй яах вэ. Тиймээс л танай төслийн талаар уншигчдадаа мэдээлэл хүргэхийг зорьж, уулзаж байна шүү дээ?

-Утааг ямар арга замаар гэдэгт манай баг өөрийн шийдэх хувилбараа танилцуулах гэж байгаа юм. Товчоор хэлбэл, энэ бизнесийн төсөл биш, ашиг олох бүр ч биш.

-Бизнесийн төсөл биш, дээр нь ашиг хонжоо хараагүй гэхээр бүр ч сонирхол татаж байна. Тэгвэл "Компакт сити" төслийн тань гол зорилго юу болж таарах вэ?

-Зүгээр л цацсан шагайг цуглуулж уялдаа, холбоог нь сайжруулах зорилготой. Мэргэжлийн түвшинд хэлбэл бид хөгжүүлэгч, холбогч гүүр нь болно. Харин эцсийн ашиг хүртэгч нь нийгэм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын иргэд байх юм. Үр дүнд нь бид утаагүй, эрүүл орчинд амьдрах болно.

-Тэгэхээр үр ашгийг нь олон нийт хүртэж байгааг нийгмийн төсөл гэж ойлголоо. Өдийгөөс төдийг хүртэл төр, засгаас авч хэрэгжүүлсэн, одоо хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг нийгмийн төсөл гэж ойлгох нь өрөөсгөл?

-Нэг талаараа тэгж ойлгож болно. Нөгөө утаагүй зуух, түлш, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц, дахин төлөвлөлт, цахилгаан тэглэх гээд олныг хамарсан нийгмийн төслийг хэрэгжүүлж байна. Их ч хөрөнгө цацлаа. Харин байдал улам дордоод байна шүү дээ. Хувийн хэвшлийнхэн бас л байдгаараа зүтгэж байна. Иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд хувиараа ч утаатай тэмцэж эхэллээ. Харамсалтай нь, үр дүн гарахгүй байна. Тиймээс энэ бүх учир юунд байна, гарц хаана байна гэдгийг олох гэж манай баг ажилласан. Шийдлээ ч олсон.

-Та бүхний үзэж байгаагаар ямар ч төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийтээрээ тэмцээд үр дун гарахгүй байгаа шалтгаан нь байв?

-Асуудлын гол нь төр, хувийн хэвшил, иргэний оролцоо уялдаа холбоо байхгүйд учир байна.

-Яагаад байхгүй гэж. Тодорхой тайлбарлаж болно биз дээ?

-Бодит жишээ гэвэл төрөөс авч хэрэгжүүлсэн утааг бууруулах бүх төсөл амжилтгүй болсон. Хувийн хэвшлийнхний төрийн оролцоотой эхлүүлсэн төслүүд ч эхнээсээ зогсож байгаа нь үүний тод жишээ. Харин иргэн хаана байна гэхээр нөгөө алга тоссон хэвээр үлдсэн. Тэгэхээр энд нэг дундын юм байх гээд байгаа юм. Тэрийг л бид хүсээд, санаачлаад байна. 

Энэ өөрөө шинэ юм биш. Олон улсад хэрэгжээд хэрэгжүүлж байгаа олон хот бий. Нийгмийн төсөл менежментийн арга зүй нь өөрөө тухайн нийгмийн хөгжилд чөдөр, тушаа болж байгаа асуудлыг шийдэхэд чиглэсэн байдаг. Тэр замын ачаалал, хэт төвлөрөл, нийгмийн дэд бүтэц гэх асуудлыг шийдэхийн тулд нэг зорилготой болгох хэрэгтэй.

-Өөрөөр хэлбэл, "Компакт сити" төслийн бас нэг зорилго нь энэ үү?

-Тэгэлгүй яах вэ. Асуудал байгаад байдаг. Олон тийш нь зулгаасан ч нөгөө утаа явдаггүй ээ Тиймээс манай төслийн багийнхан хэд, хэдэн дүгнэлтэд хүрсэн юм.

-Ямар дүгнэлт билээ?

-Нэгдүгээрт, хот төлөвлөлтөө буюу газар олголтыг үндсээр нь эргэн харах. Сонин сонсогдож байгаа байх. Одоогийн энэ гэр хорооллын үүслийн түүхийг, тэр тусмаа 0.07 га газар олголт нь өөрөө цаг үеэ өнгөрөөсөн. Нэн ялангуяа нийслэл хотын бүсэд тохиромжгүй болсон. Үүнийг хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй.

-Амаргүй л ажил болох байх даа?

-Тийм ээ, магадгүй олон хүн бухимдах байх. Гэхдээ одоогийн гэр хорооллын хашааны газарт ногоо тарих нь битгий хэл, жорлон ухах газар олдохгүй байгаа. Ногоо тарьж, мал аж ахуй эрхлэх гэж байгаа бол хотоос гарч түүнийгээ эрхлэх хэрэгтэй. Энэ бол хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын бодлогыг шинэ шатанд авч ирэх эхний алхам болох юм.

-Өөр ямар дүгнэлтэд хүрэв?

-Хоёрдугаарт, утааны голомтод бүсийг албан ёсоор тодорхойлж, онцгой бүсээр зарлах. Магадгүй, энэ онцгой бүсэд орон сууц буюу бүтээн байгуулалт,  хөрөнгө оруулалт хийж буй хувийн хэвшлийнхэнд янз бүрийн хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, гэр хорооллын газар зохион байгуулалтын бодлого, газар олголтыг нийслэл улсын хэмжээнд нэг эрх зүйн актаар зохицуулах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, төр болон хувийн хэвшил, иргэний төлөөллийн зохицуулах зөвлөл байгуулах гээд олон асуудал гарч ирээд байна.

Өөрөөр хэлбэл, бодлого хийгээд гадаад дотоодын хөрөнгө оруулалт, иргэний оролцоог нэг газар төвлөрүүлэх, уялдаа холбоог хангах зэргийг хэлээд байгаа юм. Энэ санааг ч манай төслийн багийн нэр илтгэж үндсэн уриа, менежментийн гол цөм нь болсон.

-"Компакт сити" гэх нэр ийм утгатай байх нь?

-Тийм ээ, их энгийн нэр. Бид Чингис хааныг их ярьдаг. Харин яаж хүчирхэг болсныг нь нэг их ярьдаггүй шүү дээ,

-Тийм гэж үү?

-Энгийнээр ойлгоход Чингис хаан тархай бутархай аймгуудыг нэгэн зорилго дор л нэгтгэсэн байдаг шүү дээ. Яг түүнтэй ижилхэн одоо бид утаанд сөхөрч байгаа олон түмнээ нэгтгэхийг л зорьж байна.

-Тийм байж. Тэгвэл цаасан дээр бэлэн болчихсон энэхүү төслийг хөрсөнд хэрхэн буулгах вэ?

-Би дээр хэлсэн шүү дээ. Гэр хороолол маань зүгээр талаар нэг цацсан шагай шиг л байна. Газар ашиглалт тэг. Бодит байдал дээр Улаанбаатар хотын хүн амын нягтаршлыг аваад үзвэл Зайсан орчим байх болов уу. Харин Баянхошуу, Толгойт орчимд нэг хавтгай дөрвөлжин км газарт хэдэн хүн амьдарч байгаа гэвэл бас л сонин тоо гарна. Нөгөө талаас нь авч үзвэл хөрөнгө оруулалт бас л цацсан шагай шиг байна.

Тэр Буянт-Ухаа 1, 2 гээд дурдвал олон орон сууцны хороолол эзэнгүй борлогдохгүй байна. Яагаад тэр вэ. Бас л бидний нөгөө бодлого нь өөрөө тарамдаад, шагай шиг цацагдаад байна. Хатуухан хэлэхэд, бид утаанаас зугтаж асуудлыг шийдэх гээд байна. Харин одоо бол утааны голомттой нь тэмцэх цаг болсон. Энэ бүхнийг нягтруулахыг “Компакт сити” гэж хэлээд байгаа юм.

-Та аргачлал гэж дурдлаа. Танай төслийг хэрэгжүүлэх аргачлал нь юу вэ?

-Бид тус төслийн оролцогч талууд болох хэрэглэгч, төр, хөгжүүлэгч, хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч нарын нягт уялдаа холбоог хангасан нарийвчилсан төлөвлөгөө бүхий нийгмийн төслийн загварыг боловсруулсан. Төслийн хүрээнд бие даасан дэд төвүүдийг байгуулна. Өнөөдөр нийслэл дэд төвийг байгуулах тухай яриад л байна. Гэтэл бүрэн утгаар нь дэд төв байгуулж чадаагүй.

-Өршөөгөөрэй, ерөнхий асуулт байна. Та бүхнийхээр бол дэд төв гэж юу вэ?

-Бүх зүйл нь нэг тойрогт багтсан. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний гэр, ажил, хэрэгцээ нь нэг дор төвлөрсөн. Хааш хаашаагаа 1-2 км-ийн зайд байдаг, бүх зүйлдээ алхаад хүрчихдэг. Ингэж цогцоор нь шийдэх хэрэгтэй. Нийслэл хот үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Үүнийг жишээ авч тайлбарлая л даа.

-Тэг л дээ?

-Иргэн Болд гэр хороололд буюу Толгойтод амьдардаг байлаа гэхэд ажил нь Жуковт байдаг. Гэтэл ажилтай нь холбоотой, ажлаа бүтээх гэж явдаг бүх хөдөлгөөн нь хотын төвд байх жишээтэй. Ийм байхад иргэн Болд хотыг хэрж амьдардаг болж таарах нь. Амьдралын хэмнэл нь нэгээс нөгөө рүү түгжрэл дунд өнгөрч байна. Үүнээс болж утаа, түгжрэл, стресс зэрэг асуудал бий болж байна. Харин дэд төвүүдийг байгуулснаар иргэн Болдын амьдралын хэмнэлийг өөрчилж, илүү хялбар болгоно.

-Өөрөөр хэлбэл, иргэн Болд бүх зүйлдээ алхаад л хүрчих боломжтой болно гэсэн үг үү?

-Тийм. Яах вэ нэн шаардлагатай хэрэгцээ гарах юм бол нэг компактаас нөгөө компактын хооронд явж болно. Үүнийгээ нийтийн тээврээр зохицуулдаг ч юм уу. Ингээд ирэхээр авто машины хэрэглээ ч багасна Нэг үгээр хэлбэл, бид авто машины хараат байдлаас сална. Ердийн болон нийтийн тээврийг хэрэглэх бодитой боломж бүрдэнэ гэсэн үг. Хот ч өөрөө бас эрүүлжинэ.

-Хугацааны хувьд ямар байх уу. Нийслэлийг дөрөвхөн жилийн дотор утаанаас бүрэн салгана гэсэн нь үнэн үү?

-Асар богино хугацаанд үр дүнд хүрнэ. Бидний эхний загвар төсөл энэ оны тавдугаар сараас эхэлж гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийт гэр хорооллын хэмжээнд энэ мэтээр төслүүдийг зэрэг хэрэгжүүлбэл ойрын дөрвөн жилийн хугацаанд гэр хорооллын 70 хувийг амины сууцтай тохилог компакт хороолол болгож хөгжүүлж чадна. Үр дүнд нь хот утаагүй болно л гэсэн үг.

-Их богино хугацаанд үр дүнг нь үзэх юм байна гэж ойлголоо. Ингэхийн тулд иргэд хэрхэн оролцох вэ?

-Гэр хорооллын иргэн дунджаар 500 ам.метр газартай байлаа гэхэд түүнийхээ 60 ам.метрт орчимд нь байшин, 10 ам. метр нь амбаар, зарим нь 18 ам.метрт нь гражтай байдаг. Энэ бүхэн нийлээд 100 ам.метр ч хүрэхгүй. Тэднийхээ хооронд хэрж явдаг замыг нь нийлүүлээд тооцохоор 500 ам.метр талбайгаа бүрэн ашигладаггүй.

Иргэд уг ашиглалтгүй газраа эргэлтэд оруулж төлбөрийн хэлбэр болгоно. Үүний үр дүнд тухайн иргэд өөрийн өмчлөлийн газартай, амины сууцтай болно. Өнөөдөр иргэд ипотекийн найман хувийн зээлтэй орон сууцад орж байна. Түүнээс сард бага өртгөөр өөрийн гэсэн 60 ам.метр талбайтай, гражтай шугам сүлжээнд холбогдсон амины орон сууц, 100-150 ам.метр газартай болох боломжийг бид олгох юм.

-Тодорхой хариулна уу. Бага гэдэг нь хэр бага өртгийг хэлж байна?

-Хэрэв бизнесийн төсөл байсан бол таны асуулт зөв. Иргэдэд хямдхан амины орон сууц барьж өгчихөөд яаж ашиг олох гээд байгаа юм гэж л асуугаад байна шүү дээ. Энэ өөрөө нийгмийн т.есөл учраас төсөл хэрэгжиж дууссаны дараа шууд ашиг гарахгүй. Бизнесийн төсөл нь тухайлсан нийгмийн давхарга, салбарт чиглэсэн байдаг бол нийгмийн төсөл нь өөрөө бүхий л хүрээг хамардгаараа ялгаатай.

-Ипотекийн зээлд хамрагдахын тулд иргэд банкны өндөр шалгууртай нүүр тулдаг. Та бүхний төсөлд банкны шалгуур бий юу?

-Үнэндээ иргэд өндөр үнэтэй байрны зээлд хамрагдах гэхээр наад зах нь банкны шалгуурыг давдаггүй нь үнэн. Харин бидний хувьд "Компакт сити" төсөл маань шалгуур өндөр биш. Нэгдүгээрт, өөрийн гэсэн газартай иргэн бүрэн энэхүү төсөлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдаж болно. Хоёрдугаарт, ипотекийн зээлийн хүртээмж 7-10 дахин нэмэгдэнэ.

-Орчин үеийн шаардлага хангасан амины орон сууц барьж өгснийхөө хариуд тодорхой хэмжээний газрыг чинь авна л гэсэн үг юм аа даа?

-Нэг талаас нь тэгж ойлгож болно. Гэхдээ бид үлдсэн газраас нийтийн эзэмшлийн талбай болгож, өнөө сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн барилга байгууламж барихад шаардагдах газрыг гаргана.

-Үнэхээр тийм юм бол энэхүү нийгмийн төслийг хэрэгжүүлэхэд юу нь болохгүй байна вэ. Цаасан дээр бэлэн болчихсон төслийг хөрсөнд буулгахын тулд одоо ямар алхмыг хамгийн эхэнд хийх хэрэгтэй вэ?

-Мэдээж төрийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ төр хэрэгжүүлнэ гэсэн үг биш ээ, төрийн оролцоо дэмжлэг зөвхөн тодорхой хүрээнд байхаар төлөвлөсөн. Хамгийн гол нь, манай төслийг барилга барих төсөл гэж харж болохгүй л дээ. Бид зөвхөн гаргалгааг нь гаргаж, арга замыг нь л чиглүүлж өгч байгаа “төсөл хөгжүүлэгч” юм.

Бүтээн байгуулалтын ажлыг нь ямар ч аж ахуйн нэгж, хувь хүн хийж болно. Бүгдэд нь нээлттэй. Тухайлбал, иргэн чадвартай бол өөрөө ч байшингаа барьж болно. Ингэвэл төсөв мөнгө нь ч хэмнэлттэй.

-Дахин асууя. Ердөө дөрөвхөн жилийн дотор утаанаас салгаж чадах уу?

-Тийм. Утаанаас бүрэн хэмжээнд салах боломжтойгоос гадна хөрсний бохирдлыг арилгах боломжтой юм. Ер нь нэг үгээр хэлэхэд бүх гэр хороололтой холбоотой асуудлуудыг цогцоор нь компактлаж шийдвэрлэх юм.

-Ярилцсанд баярлалаа.

Зураг