Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Буянбадрах: Нүүдлийн соёлын сүүлчийн голомт гэдгээ сайн ашиглах хэрэгтэй

Ч.Давааням, Зууны мэдээ
2017 оны 1 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

“Бизнес хөгжил” булангийн зочноор “Mongolian Guide Tour” ХХК-ийн захирал Ч.Буянбадрахыг урьж ярилцлаа.

-Бизнесийн салбарт анх хөл тавьсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

-Хүн болгон өөрөө анзаарахгүйгээр бизнесийн оролцогч нь болчихсон явж байдаг. Бизнесийг удирдан зохион байгуулж эхэлсэн цаг үе гэвэл 2006 онд өөрийн компаниа байгуулсан явдал. Тэр үеэс эхлэн “орлого, зарлага, ашиг” гэсэн гурван үгтэй ажиллаж ирсэн дээ. Хүн болгон захирал болохыг хүсдэг гэж бодохгүй байна. Сайн даргын удирдлагад сайн гүйцэтгэгч ажилтан байхыг хүсдэг байлаа.

Гэтэл дарга маань миний хөдөлмөрийг үнэлдэггүй, ярилцдаггүй, өөрөө хаачсан нь мэдэгдэхгүй алга болж ирчихээд тэр ч хаана байна, энэ ч хаана байна гэж худал дүр эсгэх, эсвэл цагтаа тараад явахаар сууж ажилласангүй гэж хэлбэр хөөцөлддөг нэгэн байв. Түүний дараа дахин нэг захирлын дэргэд очсон. Дахиад л болсонгүй. Тэгээд ийм даргатай байснаас байгаагүй нь дээр гэж бодох болсон. Ингэж компани маань “төрсөн” юм.

-Аялал жуулчлалын салбарт ажиллахад хүндрэл бэрхшээл хэр их гардаг вэ?

-Бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Аялал жуулчлал өөрөө тэр чигээрээ “санаа зоволт”-ын ажил. Хөдөө явуулсан жуулчныхаа араас аялал нь ямар нэгэн асуудалгүй байгаасай, унаа тэрэг нь эвдрэхгүй, хоол унднаасаа хордлого авахгүй, морь малнаас уначихгүй байгаасай гэж бодно.

Хөндлөнгөөс харсан хүмүүс “амархан ажил шүү, англиар ярьж л байвал болчих юм” гэж хэлэхийг олон удаа сонсч байсан. Гадаад хэлийг ашиглан өөрийн ярьж буй зүйлд хүнийг итгүүлнэ гэдэг “амархан” ажил биш. Жуулчдын дийлэнх нь насаар ахмад хүмүүс байдаг. Тэд амьдралын туршлагаар аяллын хөтөч нараас хамаагүй илүү байдаг.

Тиймээс илүү ихийг сонсож мэдэхийг хүсдэг, илүү ихийг мэдэрч туршихыг хүсдэг. Тэдний амьдралын туршлагыг давсан, эсвэл тааруулж аялал жуулчлал зохион байгуулдаг нь энэ салбарыг хэр зэрэг ярвигтай болохыг хэлээд өгнө.

-Таны бодлоор Монголын аялал жуулчлалын салбар хэрхэн хөгжиж байна вэ?

-Монголын аялал жуулчлалын өсөлт хөгжилт маш удаан байна. Монголын тэргүүлэх салбар аялал жуулчлал гээд зарлачихсан хэр нь төр нь анхаардаггүй. Хувиа хичээсэн, өрөөлийг шүүмжилсэн, өөрийгөө мэддэггүй хүмүүс салбарын бодлого болоод удирдах шатны албан тушаалуудыг хуваагаад суучихсан учраас хөгждөггүй.

Өөр нэгэн шалтгаан нь салбарын судалгааг сайн хийхгүйгээр зөвхөн  нэг сая, хоёр сая жуулчин авна гэж хий хоосон тооны хойноос хөөцөлддөг. Өнөөгийн байдлаар нэг сая жуулчин хүлээн авах нь битгий хэл 300 мянган жуулчныг тав тухтай хүлээгээд авах бааз суурь, үйлчилгээний чадамж нь алга байна шүү дээ.

-Та сая аялал жуулчлал амархан ажил биш гэсэн. Гэтэл мэргэжлийн бус хүмүүс аялал зохион байгуулдаг “мода” дэлгэрээд байна. Ялангуяа ОХУ-ын Улаан-Үд, Хятадын Манжуурын аяллыг хувьдаа автобустай жолооч хүртэл явуулж байна?

- Зөвхөн Улаан-Үдийн аяллын жишээгээр Монголын аялал жуулчлалын хөгжлийг ямар түвшинд байгааг ойлгож болно. Автобусны жолооч өөрөө аялал зарлаад хамгийн хямд гэж тунхаглаад нэг өрөөнд бөөнөөрөө байрлах давхар орнууд зассан байранд буулгаад Итгэлт хамбын дацанд аваачиж мөргүүлээд, Улаан-Үдийн монголчуудын ордог дэлгүүр гээд нэг газарт хүргэж өгөөд энэ аялал нэртэй “ажил” дуусна.

Мэдээж хамгийн хямд үнээр хүслээ биелүүлчихлээ гэж бодож байгаа жуулчид нь аяллын нөхцөл байдлаа гомдоллох эрх байхгүй. Гэртээ ирсэн хойноо ая тухгүй явснаа ярьж гардаг. Хил гааль дээрх орос байцаагч нарын муухай ааштай, хүнд сурталтайг ярина, оросууд нь монголчуудын соёлгүй бүдүүлгийг шогширч гайхна. Аялал жуулчлалын зохион байгуулалт гэдгийг алдагдуулсан энэ мэт байдлаас болж аялал жуулчлал амархан юм шиг харагдаад байгаа юм.

-Гадаадын үүргэвчтэй жуулчид хямд зардлаар аялахаар ирээд зарим нь амь насаа  алдсан хэрэг гарсан. Үүргэвчтэй аялагчийг хэрхэн мөнгө төлдөг аялагч болгох вэ. Энэ талаар таны бодол?

- Би ч гэсэн хамгийн хямд үнээр аль нэг улсад аялахыг хүснэ. Энэ утгаар бид адилхан боловч би тухайн оронд хүссэн хүсээгүй төлбөр төлөхгүй бол болохгүй байдалтай тулгардаг. Аялал жуулчлалыг тултал хөгжүүлчихсэн Азийн бусад орнуудаас суралцах хэрэгтэй л дээ. Тухайлбал, Тайландын Бангкокт эндээс явсан аяллын хөтөч ямар ч асуудалгүй ажлаа хийгээд байж болно.

Харин Паттаяа арал руу очиход заавал орон нутгийн зөвшөөрөлтэй хөтөч авахыг шаарддаг, мөн цагдаа нь шалгалт хийдэг. Манай Хөвсгөл, Алтай таван богд гэх мэт тусгай бүсүүдийн хураамжийг нэмэгдүүлж, орон нутгийн хөтөч заавал авч газарчлуулах журам тогтоох хэрэгтэй. Энэ мэтчилэн шийдэх боломжтой олон асуудал бий. Монгол бол нүүдлийн соёлын сүүлчийн том голомт гэдэг давуу талаа одоо л маш сайн ашиглаж үнэ цэнээ өндөрсгөх хэрэгтэй. Хүссэн хүсээгүй төлөхгүй бол болохгүй гэдэг байдалд эерэг зөв хандлагаар сургаж дасгах нь чухал юм. 

-Аялал жуулчлалын салбарын хүний хувьд хүний нөөцийн асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ. Хөндлөнгөөс харахад боловсон хүчний тогтворгүй байдал харагдах юм?

-Өвлийн аялал жуулчлалд тусгайлан бодлого хэрэгжүүлэхгүйгээр боловсон хүчнийг барьж тогтооход хэцүү. Тэд өвөл ч гэсэн цалин хөлсөөр хангагдах шаардлагатай. Монголын аялал жуулчлалын салбарт орж гарагсад их байдаг. Тогтмол орлоготой ажлын байранд л боловсон хүчин тогтоно. Манай компанийн хувьд дэргэдээ “Аялал жуулчлалын сургалт” явуулдаг учраас төгсөгчдөөсөө боловсон хүчнээ хангадаг. Аялал жуулчлалд тогтвортой ажиллах хүн мөн үү, үгүй юу гэдгийг мэдэж, судлахын тулд ажил олгож хамтран ажилладаг.

-Аливаа ажлыг хийж дуусгаад үр дүнг нь харах сайхан. Амжилттай байх тусам илүү ихийг хийхийг хүсдэг. Ажлын амжилтуудаасаа хуваалцаач?

- Өдөр бүр ажлаасаа гарахдаа сэтгэл өөдрөг, инээмсэглэж байвал тэр л ажлын амжилт юм болов уу. Миний хувьд тухайн өдөрт хийнэ гэж төлөвлөсөн ажлын биелэлт  талаас илүү хувийг эзэлж байвал амжилттай өдөр боллоо гэж боддог. Нэг ажил дуусангуут дараагийн ажлаа төлөвлөчихдөг. Энэ л миний хувьд ам­жилт юм уу даа.

Өнгөрсөн хуга­цаанд аялал жуулчлалын салбарт бүтээж чадсан нэг ажил маань “Жуулчны мэдээллийн төв”-ийг байгуулсан. Энэ төвөө “Аялал жуулчлалын нэг цэгийн үйлчилгээ” болгон өргөжүүлж гадаадын жуулчдаас гадна монголчууддаа зориулан мэдээлэл өгч, аяллын үйлчилгээг үзүүлж байна.

Зөвхөн Японоос жуулчин хүлээн авдаг байсан бол Хятад, Солонгос зэрэг орнуудаас хүлээн авдаг боллоо. Сүүлийн үед олон байгууллага хамт олны аяллыг Япон, Вьетнам, Камбожи, Тайланд, Тайвань, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Хонконг, Сингапур, Малайз, Утай, Гүмбэн, Улаaн-Үд зэрэг  газрууд руу зохион байгуулж үйл ажиллагаа маань өргөжсөн. Энэ бүхэн маань л амжилт гэж хэлэгдэх биз ээ.

-“Guide” төв хоёр мянган хөтчийг бэлтгэж аялал жуулчлалын салбарт талаас илүүг нь ажиллуулсан гэсэн. Төгсөгчдийнхөө амжилтаас сонирхуулаач?

-Манай төгсөгчид хэдийгээр олон боловч Монголын аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хөтөч орчуулагч нарын 15-20 хувийг л эзлэх байх. Ихэнх нь сургалт төгсөөгүй, Монголоо бараг мэдэхгүй шахуу, гадаад хэлээрээ л арай дөнгүүр ярьчихдаг залуучууд явж байгаа харагддаг.

Тэд бараг 60 хувь нь байх аа. Харин үлдсэн 20 хувь нь олон жилийн туршлагатай архаг хөтөч байдаг. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад манай төв арван жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд хамгийн ахмад нь 62 настай, хамгийн залуу нь 12 настай суралцагч байгаа.

45 хоногийн турш хичээл заалгаад төгссөн залуучууд маань “Ямар азаар танай сургалтад ирэв ээ” гэж хэлэх нь олонтаа. Аяллын хөтөч хийгээд 4-5 жил, бүр есөн жил болчихсон хүн хүртэл “Танай төвийг зөндөө сонссон, нэг сууж үзэх юмсан гэж боддог байлаа” гэсээр ирдэг. Тэд зүгээр л гайхширдаг, “Би өөрийгөө мэддэг чаддаг гэж их эндүүрч байжээ” гэж хэлдэг. Энэ яриа л хангалттай дүгнэлт болох байх аа. Олон сайхан мундаг залуучууд төрөн гарсан.

Багш хүний хувьд тэднийхээ сайн сайхан явааг хараад бахархахаас өөр яах билээ. Томоохон телевизийн нэвтрүүлэгч, олны танил фото зурагчин, Монгол судлалаар суралцаж буй гадаадын иргэд, томоохон аяллын компани менежер, хөтөч гээд манайд суралцаж төгссөн хүмүүс бий.

-Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

- Зорилгоосоо ухарч болохгүй, найзаасаа урваж болохгүй, хүнд үед чинь тусалсан хүнийг мартаж болохгүй гэсэн зарчмууд л надад ойрхон. Хамгийн сайн чаддаг зүйл бол “цаг ашиглах” гэж бодож байна. Сошиалд байнга идэвхтэй, гэвч ард нь ажлаа хийж л байдаг. Аливаа ажлыг хийвэл хийсэн шиг хийх, ямар нэгэн байгууллага хамт олны хамтын ажиллагааны итгэл найдварыг хангаж ажиллах, багш хүний хувьд хичээлээ үргэлж шинэ мэдээллээр баяжуулж заах гэх мэтийг үргэлж санаж хэрэгжүүлэхийг хичээдэг.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Монголын аялал жуулчлалын хөгжилд өнөөдрийг хүртэл сурч мэдсэнээ ашиглан өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Мөн үр хүүхдэдээ нандин өв үлдээх бодолтой. “Монгол орны лавлах” номоо гадаадын хэд хэдэн хэлээр хэсэгчлэн хөрвүүлэх, Монгол Улсын бүх сумдын тухай бичиж эхлүүлсэн номоо дуусгах, Монгол-Япон өврийн толь бичгээ дахин шинэчилж хэвлүүлэх гэх мэт олон  зорилго байна.

Зураг