Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26-нд товлолоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр хуваарь гаргажээ.

Хуралдааны эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг тогтоолын төслийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа.

Тэрбээр "Сонгуулийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана гэсэн байдаг. Тиймээс СЕХ ээлжит сонгуулийг зарлах, тов зарлах талаар УИХ-д энэ сарын 18-ны өдөр саналаа хүргүүлсэн" гэлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн, санал авах ажиллагааг 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр, гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар товлон зарласугай” гэж дурджээ. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжив.