Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Наранбаатар: 2020 он гэхэд Монгол хүний эрүүл мэндийн нэгдсэн системийг бий болгоно

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
 

Эрүүл мэндийн мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй 21 байгууллага нэгдэн Монголын эрүүл мэндийн мэдээллийн технологийн холбоо буюу МИТАМ-ийг байгууллаа. Тус холбоо өнөөдөр Удирдах зөвлөлийн анхны хурлаа хийж дотоод бүтэц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар ярилцсан юм. 

МИТАМ холбооны гол зорилго нь мэдээллийн технологийн хэрэглээг өргөжүүлж, төгөлдөршүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ, мэдээллийг цахимжуулах аж.
 
 

“Манай холбоо мэдээллийн технологи болон эрүүл мэндийн салбарыг хослуулан хөгжүүлэхийн тулд ажиллах болно. Түүнчлэн эмч нарынхаа үйл ажиллагааг хөнгөвчлөх, илүү олон хүнд чанартай үйлчлэх боломжоор хангахад хувь нэмрээ оруулна. Цаашид манай холбоонд энэ чиглэлийн байгууллага нэгдэн хүч нэмэх байх гэж найдаж байна” хэмээн “Аксис системс” ХХК-ийн захирал, МИТАМ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Мөнгөнсүх хэллээ.

Түүнчлэн МИТАМ Монголчуудын эрүүл мэндийн нэгдсэн систем бүтээхийг зорьж байна хэмээн холбоог санаачлан байгуулсан Оном сангийн ТУЗ-ийн дарга, МИТАМ-ийн Гүйцэтгэх захирал Д.Наранбаатар хэллээ.

 

Түүнээс энэ талаар тодруулахад “Цахим эрүүл мэндийн системийг бүрдүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил их бий. Дан ганц хувийн хэвшил хийж чадахгүй учир төр засагтайгаа хамтарч ажиллана. 2020 он гэхэд Монгол хүний эрүүл мэндийн бүх мэдээлэл нь Үндэсний дата төвд Cloud буюу үүлэн системд байрладаг цогц системийг бий болгохыг зорьж байна.

Ингэснээр эмч нар өвчтөнийхөө зөвшөөрөлтэйгөөр өвчний түүх, даатгалын мэдээлэл гээд бүхий л мэдээллийг шалгах боломжтой болгох юм. Мөн үүний зэрэгцээ хувь хүний нууцын чандлан хадгалсан, дэлхийн түвшинд нийцсэн системийг бий болгоход онцгойлон анхаарна. Өнөө цагийн дэлхийн чиг хандлага нь бүх зүйлийг цахим болгоход чиглэж байна. Цахим байснаар цаг хугацаа хэмнэдэг, өртөг багатай болдог.

Мөн баримт судалгаатай болдог. Эрүүл мэндийн салбарт хамгийн чухал зүйл нь баримтад суурилсан бодлого. Ямар асуудал байгааг баримт мэдээлэлтэй, шинжлэх ухааны судалгаатайгаар нь тогтоодог. Цахимжаагүйгээс болоод Монгол Улсын эрүүл мэндийн салбар баримтат суурилсан бодлогыг гаргаж чадахгүй байна. Тиймээс бүгдийг цахимжуулбал асуудлыг сайн шийдэх, өвчнийг эрт оношлох, эрт эмчлэх, тодорхой арга хэмжээг цаг тухайд нь авч чадна” гэлээ.