Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэболд: Хохирогчийн биеэс метилийн спиртийн найрлага илэрсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт таван иргэн нэгдүгээр сарын 16-ны өдөр архины хордлогоор амиа алдсан тухай өмнө нь бид мэдээлж байсан билээ. Энэ асуудлаас болж нийслэлд гурав хоног согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон.

Энэ талаар өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.

Нас барсан иргэдийн цогцосноос метилийн спирт илэрсэн

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн орлогч дарга н.Ганбаяр "БГД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн төлөөлөгч тогтоол ирүүлсний дагуу манай шинжээчид очиж дээж авсан.

Хэргийн газарт байсан хуванцар болон шилтэй шингэнүүд болон нас барсан иргэдийн цогцост задлан шинжилгээ хийсэн. Мөн “Мөнхжин од” архины үйлдвэрийн архинууд болон үйлдвэрийн төмөр савалгаатай архинуудаас хураан авсан дээжүүд манай ШШҮХ-д ирсэн. 

Эхний байдлаар нас барсан иргэдийн цогцосны цусанд метилийн спирт илэрсэн. Нарийн шинжилгээ буюу эсийн шинжилгээний хариу гарах болоогүй. 7-14 хоногийн дотор гарна. 

Хулгай, дээрмийн хэрэг 50 хувиар буурсан

Улаанбаатар хотын Цагдаагийн Газрын дарга Ж.Эрдэнэболд: Эд эсийн шинжилгээний хариу эцэслэж гараагүй байна. Хохирогчийн биеэс метилийн спиртийн найрлага илэрсэн. 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан гурав хоногийн хугацаанд нийслэлд архи согтууруулах ундаа зарж борлуулах, үйлчлэхийг хориглосон. Энэ хугацаанд гарсан гэмт хэрэг, дуудлагыг өмнөх оны мөн үе болон өмнөх долоо хоногтой харицуулж үзсэн.

Ингэхэд нийт дуудлагын тоо өмнөх оны мөн үеийнхээс 1,402-оор буурсан байна. Согтуугийн дуудлаг 63.3 хувиар буурсан. 
Мөн хулгай, дээрмийн хэрэг 50, 50-н хувиар, булаах гэмт хэрэг 61.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Шил арчигчийг ахуйн хэрэглээний, уух зориулалттай биш гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтдээ 59 архи, спиртээс дээж авч шинжилгээнд хамрууллаа. Ингэхдээ үйлдвэрийн технологийн уснаас дөрөв, спиртнээс 13, архинаас 42 дээш авсан. 

Шинжилгээний хариу гарахад үйлдвэрийн усны дөрвөн дээж болон спиртийн 13 дээж хангасан гэж гарсан. Мөн архины 42 дээжийн 36 нь чанар, аюулгүйн шаардлагагыг хангасан гэж гарсан бол үлдсэн зургаа нь хатуулгын хэмжээ буурсан гэж гарсан. Өөрөөр хэлбэл, зургаан архи шошгон дээрх 36 градустаа хүрээгүй. 26-32 градус буюу хатуулаг нь бага байна.  

Шалгалтын дүнгээс харахад эдгээр хүмүүсийн үхэлд этилийн спирт нөлөөлөөгүй, стандартын зөрчил гараагүй гэдэг нь харагдаж байна

Шил арчигчийн тухайд ус, химийн бодис, техникийн спирт буюу метинол гэсэн гурван зүйлээс бүрддэг. Үүн дотор метинолын хэмжээ 40 хувьтай байдаг бол химийн бодис 60 хувьд нь агуулагддаг.  

Энэ шингэн бол уух зориулалтынх биш. Шил арчигчийг ахуйн хэрэглээний, уух зориулалттай биш гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй. 

 

Аливаа баяр, арга хэмжээг согтууруулах ундаагүйгээр тэмдэглэж занших хэрэгтэй

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар: 2010-2014 онд архинд донтсон хүмүүс хоёр дахин нэмэгдсэн. Олон нийтийн дунд архийг хэтрүүлэн хэрэглэх нь даамжирч, сүүлдээ ахуйн хэрэглээний бодисыг хэрэглэх тохиолдол гарч байна.

Архи согтууруулах ундааг соёлтой хэрэглэж хэвших хэрэгтэй.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд архи, дарс хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Аливаа баяр ёслолын арга хэмжээг согтууруулах ундаагүйгээр тэмдэглэж занших хэрэгтэй.

Нас барсан таван иргэний дөрөв нь хордлогын шинж тэмдэгтэй байсан. Харин тав дахь нь өвчний улмаас нас барсан нь тогтоогдсон.

Монгол Улсад спиртийн агууламжтай архи үйлдвэрлэдэг 31 үйлдвэр байгаагийн 23 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр нэмж тусгай зөвшөөрөл олгомооргүй байна.