Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг Note 7 гар утасныхаа шатах болсон шалтгааныг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг компани өнгөрсөн онд худалдаанд гарсныхаа дараа халж, шатдаг гэх шалтгаанаар эргүүлэн татагдсан Galaxy Note 7 гар утасны шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.

Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Самсунгийн төлөөлөгч хэдэн арван мянган ийм загварын утсанд өөрсдөө болон, хөндлөнгийн шинжээчдийг ажиллуулснаа мэдээлсэн юм.

Ингээд Note 7 гар утасны доголдолд баттерей нь буруутай гэсэн нэгдсэн дүгнэлтийг гаргажээ.

Баттерейний хувьд хайрцаглалт нь хэт шахуу байснаас богино холболт үүсгэж, халах, гал гарах үндэс болсон байна. Ингэхдээ эхний загваруудад гаргасан баттерей болон дараа нь сольж гаргасан баттерейнуудад гарсан гэмтлийг тайлбарласан юм.

Үүнд эхний загварын баттерейд хоёр алдаа байснаа зургаар үзүүлжээ. Нэгд, баттерейн баруун дээр булан хэт шахагдсан тул сөрөг электродууд нь шахагдан мурийсан байжээ.

 Хэрвээ зөв үйлдвэрлэсэн бол эдгээр нь шахагдалгүй, тэгш байрлах ёстой байсан гэнэ.

Хоёрдугаарт, сөрөг электродын үзүүр хэсэг нь мушгирсан хэсэгт багтахгүй, зөвхөн шулуун хэсэгт байрлах байсныг зохих журмын дагуу үйлдвэрлээгүй байна.

 

Дараа нь баттерейг нь сольж гаргасан загваруудад мөн доголдол илэрсэн. Энэ баттерейд мөн л нэмэх, хасах цэнэгтэй хэсгүүдийг тусгаарлагч материал нь хэт шахагдсан, зарим нь ийм тусгаарлагчгүй байснаас богино холболт үүссэн гэжээ.

 

Дээрх хоёр алдаанаас болоод Galaxy Note 7 гар утасны баттерейд богино холболт үүсэн, халж, шатдаг байсныг Самсунг тайлбарлаад хэрэглэгчдээсээ уучлал гуйжээ.

Цаашдаа гарах утаснуудад ийм алдаа гаргахгүй гэдгээ Самсунг бас амласан байна.

Өнгөрсөн есдүгээр сард Самсунг 2.5 сая ийм загварын гар утсыг зах зээлээс эргүүлэн татахад хүрсэн нь тус компанид $5.3 тэрбумын алдагдал болсон юм.

Компанийн мэдээлснээр 700 инженер 20,000 гар утсан дээр 300,000 гаруй баттерейг ашиглан шалгалтыг явуулжээ.

 

Эх сурвалж: The Guardian