Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп “сансар огторгуйн нууцыг” тайлахаа амлав

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 23
IKON.MN
Зураг зураг
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп

Бүрэн эрхийнхээ хугацаанд Дональд Трамп “сансар огторгуйн нууцыг” тайлахаа амласан нь шинжлэх ухаан, технологийн ертөнцийнхний анхаарлыг татаж байна.

Тэр өнгөрсөн Баасан гарагт тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Бид шинэ мянганы эхэнд зогсож байгаагийнхаа хувьд, сансар огторгуйн нууцыг тайлж, дэлхий ертөнцөө өвчин зовлонгоос салган, маргаашийн аж үйлдвэрлэл, технологи, эрчим хүчээр өөрийгөө зэвсэглэх хэрэгтэй” гэсэн юм.

Трамп цааш нь “Үндэсний шинэ бахархал нь биднийг сэргээж, харцыг дээшлүүлж, хуваагдал талцлыг арилгах болно” гэжээ.

Гэхдээ Трамп сансар огторгуйн яг ямар нууцын талаар ярьсан нь тодорхойгүй байна. Ажиглагчдын дүгнэлтээр тэр NASA-ийн үүргийг илүү сансрын гүнийг судлахад чиглүүлэх бодлогоо үүгээр илэрхийлсэн гэж үзэж байгаа юм.

Цаг уурын дулаарлын онолд хайхрамжгүй ханддаг Трамп NASA-г иймэрхүү дэлхий рүү чиглэсэн судалгаанаас чөлөөлж, гадаад ертөнц, гараг хоорондын аялал, судалгаанд ажлыг нь чиглүүлэх магадлал өндөр байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 25-нд Флоридад сонгуулийн ажлынхаа үеэр Трамп “Би NASA-г нам орбитын судалгаа, шинжилгээний ажилд үйлчилдэг ложистик агентлагийн маягаар ажиллахыг нь болиулна. Үүний оронд тэд сансар огторгуйг судлахад анхаарлаа хандуулах ёстой. Трампын засаг захиргааны үед Флорида муж, цаашлаад АНУ нь сансар огторгуйн чиглэлд тэргүүлэх болно” гэж хэлж байжээ.

Одоогоор NASA нь дэлхийн цаг уурын дулаарлын чиглэлд томоохон судалгаануудыг хийж, багагүй хэмжээний хөрөнгө мөнгийг төсвөөс зарцуулдаг юм. Тэгвэл энэ төсвийг сансар судлалд чиглүүлэх нь Трампын бодлого байх бололтой. Трамп цаг уурын дулаарлын тухай онолыг “Америкийн аж үйлдвэрүүдийг унагахын тулд Хятадуудын бодож олсон үлгэр” хэмээн хэлж байсан удаатай.

Тэр бас Барак Обамагийн үед эхэлсэн сансрын аялалд хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлогыг үргэлжүүлэх нь тодорхой боллоо. Тухайлбал SpaceX, Blue Origin компаниуд хүн төрөлхтнийг сансрын уудамд аялуулах тал дээр ажиллаад эхэлсэн байгаа.

 

Эх сурвалж: Independent